Залуусын орон зай

Ирээдүйн өөрийгөө эдгээр 6 дадал зуршлаар дэмжээрэй

Posted2025.08.073 минут унших
Ирээдүйн өөрийгөө эдгээр 6 дадал зуршлаар дэмжээрэй - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бага байхдаа бид “Том болоод ийм хүн болно доо” гээд ирээдүйгээ төсөөлж, тэрхүү төсөөлсөн зураглалаа бодох үед ихэд догдлон, тэр цаг үеийг ирэхийг тэсэн ядан хүлээдэг байж билээ. Үүнтэй адил та яг одоо 10 жилийн дараах өөрийгөө төсөөлөөрэй. 10 жилийн дараах өөрийгөө хараад та гайхширах уу, эсвэл гомдох уу? Магадгүй бахархах сэтгэл төрөх болов уу? Хэрэв та ирээдүйн өөрөөрөө бахархахыг хүсэж байвал одоогоос эхлээд эдгээр дадлыг өөртөө суулгаарай гэж зөвлөе.

Хааяа нэг дуг хийдэг

Цэцэрлэгтээ байх үедээ өдөр унтахаас ямар их залхдаг байлаа даа бид. Дургүйд хүчгүй гэгчээр өдөр унтахын оронд сэрүүн хэвтэн, цагийг нөхцөөдөг байжээ. Хэрэгтэй болоод л биднийг унтуулдаг байсныг General Psychiatry-гаас гаргасан 2021 оны судалгаан дээр харуулсан байдаг. Өдөртөө нэг дуг хийдэг болон дуг хийдэггүй хүмүүсийг танин мэдэхүйн шалгалтаар сориход өдөр унтдаг хүмүүс илүү өндөр онооны үзүүлэлттэй байжээ. Судлаачид долоо хоногт дөрвөөс ихгүй удаа, өдөрт ихдээ 30 минут дуг хийх нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байдаг гэж тодорхойлжээ. Нойр, унтах цагаа эртнээс зохицуулах нь таны амьдралын олон талбарт нөлөөлөх хүчин зүйл болно шүү.

 Заримдаа хүүхдээрээ байдаг

Том болсон гээд хүүхэд зангаа бүрмөсөн хаяхгүй шүү. Жоохон байхдаа уйлах үедээ уйлж, гомдох үедээ гомдож, найзуудаа өдөх үедээ өдөж, элдэв янзын байдлаар дүрсгүйтдэг ч нас ахих тусам хүүхэд зангаасаа аажим аажмаар сална. Гэвч бид хүүхэд шиг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тохиолдол гардаг шүү дээ. Хүүхэд насандаа хийж байсан, эсвэл хийж амжаагүй зүйлээ том болоод туршиж үзэх нь эргээд өөрийн дотоод хүүхэдтэйгээ холбогдох боломжийг олгодог. Хааяа нулимс цийлгэнээд ирэх үедээ санаа зоволгүй уйлж, хөгжилтэй тоглоомоор тогломоор санагдсан үедээ тоглож, мэдэрч буй сэтгэл хөдлөлөө гадагшаа гаргаж байгаарай.

Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үздэг

Бидний толгойд эргэлдэх хэдэн мянган бодол дунд “үүнийг л хийж үзэх юм сан даа”, “ийшээ очиж үзмээр байна шүү” гэх нь олонтоо. Надад ч бас ялгаагүй ээ, дотроо нууцхан санаж явдаг хэдэн газар, хийж үзэхийг хүссэн зүйлүүд олон бий. Бидний сэтгэл зүй өөрсдийн ‘comfort zone’ буюу тав тухтай, аюулгүй, эрсдэл багатай, найдвартай орчинд байхыг тэмүүлдэг билээ. Ийм ч учраас бид газар үзэж, хүрээллээ тэлэх нь эерэг эрсдэл хийж байгаа хэрэг юм. Тухтай орчноосоо гарч хүрээллээ тэлэх болон аялал хийх замаар шинэ зүйл туршиж үзэж, жижиг эрсдэлүүдийг даван туулах нь биднийг сорьж, сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ажээ. Ингэснээр та ирээдүйн өөртөө хөгжилтэй дурсамжууд болон үнэ цэнтэй туршлагаар хөрөнгө оруулж байгаа юм.

Өөртэйгөө ярьдаг

Хүүхэд байхдаа ямар их зүйл шулганаж, хэр удаан өөртэйгөө ярьдаг байлаа даа би. Уншигч та ч бас бага байхдаа тоглох хүнгүй үедээ өөрийгөө ганцаараа саатуулаад сууж байсан удаатай биз. Бид хүүхэд байхдаа өөрийн мэдэлгүй бодол, сэтгэл зүйтэйгээ танилцаж байдаг. Гэтэл нас ахих тусам өөртэйгөө ярилцаж, өөрийгөө танин мэдэх цаг бага багаар багасаж, хувь хүнээсээ хөндийрсөн нэгэн болох хандлагатай байдаг билээ. Тэгвэл өөртэйгөө ярилцаж, өдөрт тодорхой хугацааг өөртөө зориулах нь бидний сэтгэл хөдлөлийг тогтворжуулж, стрессийн түвшнийг бууруулан, үр бүтээмжийг ихэсгэж өгдөг байна. Өөрийгөө хэнээс ч илүү мэддэг нэгэн болох нь ирээдүйн таны үнэ цэн, эрхэмлэдэг зүйлс, тогтвортой байдлыг тодорхойлдог суурь хүчин зүйл болно шүү.

Тогтмол дасгал хийдэг

Дасгал хөдөлгөөн хийхийг чухал гэдгийг бид бүгд мэднэ шүү дээ. Миний хувьд бага ангидаа байх үедээ биеийн тамирын хичээл дээрээ их үсэрч, цовхчиж, булчинтай хүн болно доо гэж боддог байж билээ. Одоо ч тэр бодлоо тээж явсан хэвээрээ. Үе мөчөө хөдөлгөж, чилээгээ гарган, тогтмол цагт хөдлөх нь эндорфин даавар (стресс тайлж өвчнийг бууруулдаг аз жаргалын даавар) ялгарч, биднийг илүү аз жаргалтай, эрүүл болгодог байна. Өдөрт ердөө 20-30 минут дасгал хийхэд л эндорфин ялгардаг ажээ. Аз жаргалтай байхын нууц нь дасгал хөдөлгөөнд оршдог байх нь байна шүү. 

Өөрийгөө урамшуулдаг

Аав ээж, ах эгчийгээ дагаад дэлгүүрээр орж, тасаг бүрд үзэгдэх олон өнгийн чихэр жимсийг хармагц арааны шүлс асгардаг байж билээ. Амттай юм иднэ гэсэндээ ах эгч, аав ээжээсээ гуйгаад л, авсныхаа дараа баяртай гэгч нь тамшаалан иднэ. Бид тэр цагийг аль эрт үдэж явуулсан ч гэлээ тэр үед мэдэрсэн догдлол, баяр хөөрийг хараахан мартахгүй шүү. Дуртай цайгаа уух, амттан идэх, хайртай киногоо үзэх, хөөстэй ваннд хэвтэх, хошин яриа сонсох зэрэг жижиг ‘таашаал’-аар өөрийгөө шагнаж байх нь допамин, сератонин гэх аз жаргалын даавруудыг ялгаруулдаг ажээ. Хэрэв та өөрийгөө амжилттай нэгэн болно гэж төсөөлсөн бол тэр цаг үед очих хүртлээ хааяа өөрийгөө эрхлүүлж байгаарай. Амьдрал зөвхөн хэт их чармайлт, хичээл зүтгэлээс биш харин жижиг таашаалаар тэтгэгдэж байдаг шүү.  

Та эдгээр дадлыг өөртөө суулган эрүүл мэнд, сэтгэлзүй, аз жаргалд хөрөнгө оруулдаг хүн болсноор ирээдүйн өөрийгөө зохион бүтээж байгаа хэрэг юм. Энэ амьдралдаа ямар хүн болохоо зүгээр нэг төсөөлөөд орхилгүй, тэрхүү төсөөллөө бага багаар бодит болгоход тэмүүлээрэй.

 

Бэлтгэсэн: А.Гоомарал

Холбоотой нийтлэлүүд