Залуусын орон зай

Мийм ба урлагийн хувьсал: Сонгодог бүтээлүүд бидэнтэй хэрхэн "ярилцах" болов?

М.Энхмаа2025.11.283 минут унших
Мийм ба урлагийн хувьсал: Сонгодог бүтээлүүд бидэнтэй хэрхэн "ярилцах" болов? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Таны гар утсан дотор урлагийн хувьсгал өрнөж байна гэвэл та итгэх үү? Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон мийм (meme) нь орчин үеийн урлагийн ертөнцөд ноёрхож байсан бүх дүрмийг өөрчилж, урлагийг ойлгох, түгээх, хүлээж авах бидний хандлагыг үндсээр нь өөрчилж байна. Нэгэн цагт музейн танхимаас л үзэх боломжтой байсан сонгодог бүтээлүүд өнөөдөр мийм болж, бидний сэтгэл хөдлөл, дотоод бодлыг илэрхийлэх соёлын нэгэн шинэ илэрхийлэл болон хувирчээ.

“Урлагийн түүх” булангийн энэ удаагийн дугаарт бид мийм соёл урлагийн үнэ цэнийг бууруулж байна уу эсвэл урлагийг жинхэнэ утгаар нь бидэнд ойртуулж байна уу гэдэг талаарх урлаг судлаачдын дэвшүүлж буй сонирхолтой таамаглалуудыг хүргэж байна. 

Дахин хуулбарлалт буюу урлагийн бүтээлийн үнэ цэн гээгддэг үү?

Сонгодог бүтээлүүд яагаад онцгой, давтагдашгүй үнэтэй санагддаг вэ? Учир нь аливаа уран бүтээл өөрийн гэсэн өвөрмөц оршихуйтай. Германы философич, урлаг судлаач Вальтер Беньямин энэ чанарыг “аура” хэмээн тодорхойлсон байдаг. Түүний үзсэнээр, аура гэдэг нь тухайн бүтээл анх бий болсон орчин, уран бүтээлчийн ахуй амьдрал, хөдөлмөрийн үнэ цэнийг үзэгчдэд тэр хэвээр нь дамжуулдаг онцгой зүйл юм. Өөрөөр хэлбэл, ямар ч хуулбар бүтээл, гэрэл зургийн дамжуулах боломжгүй, эх бүтээлээс л мэдрэгддэг өвөрмөц мэдрэмж гэсэн үг.

Мийм ба урлагийн хувьсал: Сонгодог бүтээлүүд бидэнтэй хэрхэн "ярилцах" болов? нийтлэлийн зураг

Тиймээс бүтээлийг механик аргаар буюу гэрэл зураг, хэвлэл, кино зэргээр олон хувилбар хуулбарлаж эхлэх үед энэ өвөрмөц мэдрэмж, аура нь аажмаар суларч, алдагдана гэдгийг Беньямин онцолсон байдаг. 

Мийм урлагийн аураг сулруулдаг уу?

Харин аура хэмээх энэ ойлголтыг үгүйсгэж буй дижитал ертөнц дахь хамгийн тод жишээ бол мийм юм. Бид ямар нэг урлагийн бүтээлийг мийм хэлбэрээр харахдаа түүний ард байгаа түүх, уран бүтээлчийн мэдрэмж, бүтээлийн гүн утгыг бодох нь ховор. Харин шууд л хөгжилтэй текст, нүүрний хувирал эсвэл тухайн мөчийн хошин утгыг л анзаараад өнгөрдөг шүү дээ.

Жишээлбэл, Эдвард Мункийн “Хашхираан” зураг ганцаардал, түгшүүр, дотоод айдсыг дүрсэлсэн гүн утгатай бүтээл. Гэвч интернэтэд мийм хэлбэрээр түгсэн үед хүмүүс энэ утгыг тунгаахын оронд зургийн нүүрний хувирлыг хошигнолтой өгүүлбэртэй хослуулж, өдрийн стресс, нөхцөл байдлаа илэрхийлэхэд ашигладаг.

Мийм ба урлагийн хувьсал: Сонгодог бүтээлүүд бидэнтэй хэрхэн "ярилцах" болов? нийтлэлийн зураг

Энэ мэтчилэн урлагийн бүтээлийг мийм хэлбэрээр түгээхэд тухайн бүтээлийн анхны зорилго, утга агуулга бүдгэрч, хурдан хэрэглэгдээд өнгөрөх нэг төрлийн “хошин илэрхийлэл” болон хувирдаг аж. Үүнийг зарим судлаачид “урлагийг хүндэтгэх мэдрэмж суларч байна, соёлыг хэт хөнгөн утгаар хүлээн авах хандлага нэмэгдэж байна” хэмээн тайлбарладаг. Эндээс бид 1930-аад онд Беньяминий тодорхойлсон “аура” хэмээх энэ ойлголт өнөө цагт мийм үйлдвэрлэлийн механик шинжид ч бас алдагдаж байгааг харж болно.

Тэгвэл мийм үнэхээр урлагийн дайсан гэж үү? 

Хэдийгээр миймүүд анхны бүтээлийн аураг сулруулж буй мэт боловч тэд урлагийг олон нийтэд нээлттэй болгож, шинэ хэлбэрийн бүтээлч харилцаа үүсгэж байгааг зарим судлаачид онцолж байна. Тухайлбал, Harvard Cultural Analytics төвийн судалгаанд миймийг “урлагийн бүтээлийг орчин үеийн амьд харилцаанд дахин төрүүлдэг механизм” хэмээн тодорхойлжээ.

Урлагийн салбар гэдэг мэргэжлийн уран бүтээлчдийн талбар байсан бол мийм ертөнц үүнийг өөрчилж, хэн ч өөрийн үзэл бодол, сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн бүтээл хийж, олон нийтэд түгээх боломжтой болсон юм. Ингэснээр урлаг бүтээх үйл явцыг бүрэн ардчилсан хэлбэрт шилжүүлж, уран бүтээлч, үзэгч хоорондын уламжлалт хил хязгаарыг сулруулан, урлагийг илүү чөлөөтэй, илүү хөгжилтэй байдлаар танин мэдэхэд тусалж байгаа аж.

Мөн мийм нь хурдан, хүчтэй харилцааны хэрэгсэл болж байгаа бөгөөд улс төр, нийгэм, өдөр тутмын нөхцөл байдлыг шүүмжлэхдээ нэг хурц мийм ашиглан урт нийтлэлээс илүү олон мянган хүний сэтгэл хөдлөлийг хөдөлгөгч болжээ. 

“Урлаг бол хийц бус санаа”

Мийм ба урлагийн хувьсал: Сонгодог бүтээлүүд бидэнтэй хэрхэн "ярилцах" болов? нийтлэлийн зураг

Хэрэв мийм урлаг юм бол, түүнийг бүтээхэд яагаад уран зураг, баримлын өндөр ур чадвар шаардахгүй байна вэ? Энэ асуултын хариулт урлагийн түүхэн дэх нэгэн сонирхолтой хувьсалтай холбоотой. Тодруулбал, мийм соёлыг концептуал урлагийн (Conceptual Art) дижитал хувилбар хэмээн үзэж болох юм. Учир нь Францын зураач Марсель Дюшан 1917 онд энгийн ахуйн эд зүйлсийг үзэсгэлэнд дэлгэж, “Урлаг бол хийц бус санаа” хэмээн тунхагласан байдаг. Тэрбээр өнгө будаг, хэлбэр зураас зэрэг сонгодог урлагийн нарийн техник, хийцээс илүү санааг чухалчилж, урлагийн хязгаарыг тэлсэн юм.

Үүний нэгэн адилаар мийм бүтээхэд мэргэжлийн ур чадвар шаардагдахгүй бөгөөд сонирхолтой, содон санаагаа тохирох дүрс, тексттэй хослуулан, үзэгчдэд шууд, ойлгомжтой хүргэх боломжтой болсон юм. Ингэснээр урлагийг дүрс, техникээс илүү утга санаа руу чиглүүлж, хүн бүрд нээлттэй болгож буйгаараа концептуал урлагийн жишээ болж байна.

Иймд мийм соёл нь түүхэн бүтээлүүдийн өвөрмөц мэдрэмж, аураг алдагдуулж, бүтээлийг гүнзгий тунгаан бодох боломжийг багасгаж байгаа ч, нөгөө талаас мийм нь урлагийг илүү чөлөөтэй, хүн бүрд нээлттэй болгож, үзэгчдийг бүтээлчээр оролцох боломжийг олгосоор байна. Магадгүй бид гар утсаараа дамжуулан урлагийн түүхийн дараагийн хуудсыг хамтдаа бичиж байгаа ч юм бил үү…

Холбоотой нийтлэлүүд