Токсик “ширээний мал” буюу ажлын байрны хортой харилцаа


“Сэтгэлийг нь эзлэхтүн. Сэтгэлийг эзэлбээс бие нь хаашаа одох билээ” хэмээн Их эзэн богд Чингис хаан нэгэнтээ айлдсаныг санан энэхүү нийтлэлээ бичин сууна. Өдгөө ажил горилогчдын албан байгууллагаас хүсдэг зүйл цалингаас гадна ажлын байрны эрүүл харилцаа юм. Өндөр цалинтай ч хов жив үүрлэсэн, дээд албан тушаалтныхаа харцаар хөдөлж, зогс гэсэн газар нь зогсож, яв гэсэн газар руу нь явдаг эзэн боолын харилцааг хүсэх хүн нэн ховор болсон. Учир нь тэд өндөр цалингийнхаа хариуг сэтгэцийн эрүүл мэндээрээ төлөх шаардлага гардаг билээ. Сурагчид хамт суудаг ширээний хамтрагчаа “миний ширээний мал” гэдэг дээ. Тэгвэл ажлын байрны хорон “ширээний мал”-уудтай хэрхэн учраа олох вэ?
Оффисын ширэнгэн ой ба хээр тал
Токсик буюу хортой харилцаатай албан байгууллагад орвол танд орчин үеийн ширэнгэн ойд байгаа мэт мэдрэмж төрөх болно. Арслангийн архирах, сармагчны хашхирах дуу энд тэнд. Хов жив салхи мэт үлээж, үргэлж л ууртай байдаг хэн нэгний компьютерын товчоо балбах чимээ аянга цахилгаан шиг л хангинана. Сүрэгтээ шинэ амьтан элсүүлэхийг хүсээгүй амьтад шиг нүдний булангаараа хялалзан харж, амандаа шивнэлдэцгээнэ. Энэ ширэнгэн ойд амьтан бүр өөрийн үүрэг, нутаг дэвсгэр, амьд үлдэх аргатай байдаг. Хөдөө талын таван хошуу малын маань шинж ч тэдэнд цөм бий.
Ажлын байрны сониуч ямаа захирал

“Хуучин ажилд маань тарж яваад Даваа гарагт ирэхээр л хүмүүсийн шүүгээг онгичоод хаячихсан хэр нь алга болсон зүйл байдаггүй байлаа. Нэлээд олон давтагдсан тул өрөөнүүдээ камержуулах санал захиралд тавьсан боловч татгалзсан юм. Иймээс нэг ажилтан маань цагдаагийн газраас зөвшөөрлийн бичиг авч байгаад коридорын камер шүүсэн чинь захирал өөрөө өрөө өрөө дамжаад, Бямба гаргийн орой хүмүүсийн шүүгээг нэгжиж байгааг олж мэдсэн. Ажилтнуудаа хардаж сэрдэн, юм авч уу яаж, юу өөрчлөгдсөн байна гэж өөрөө нэгждэг хоббитой, гажиг захирал байсныг ингэж мэдэж билээ.” -Токсик “ширээний малын” хохирогч №1-
Уг захирлыг малаар бол ямаатай зүйрлэж болох юм. Ямаа нь сониуч зангаараа алдартай, таарснаа хазаж үзнэ, өөрийнх нь ямар ч шаардлагагүй газарт толгойгоо дүрчихсэн л явж байдаг даа. Ажилтнуудынхаа шүүгээг ухаж, төнхөж явдаг уг захирал таван хошуу малаар бол ямаа, ширэнгэн ойн амьтнаар бол цөөвөр чоно юм уу даа. Цөөвөр чоно ихэвчлэн өөрт хамааралгүй газар хамраа шургуулж, хаягдал хайж, бусдын нутаг дэвсгэрийг ухдаг зальтай хог түүгч гэдгээрээ зартай амьтан шүү дээ.

Өмгөөлөгч Ж.Даваанямын зөвлөгөө: Бусдын хувийн эд зүйлийг хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр авах санаа зорилготой байгаад хулгайлсан бол учруулсан хохирлын хэмжээнээс хамаараад зөрчлийн юм уу, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин эсрэгээрээ, ажилтан байгууллагын эд зүйлийг хулгайлсан байж магадгүй гэж үзээд хүмүүсийн шүүгээг шалгаж байгаа бол хариуцлага хүлээлгэх боломжгүй. Гэхдээ ажилтны шүүгээг шалгах явцдаа тухайн ажилтны хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн, түүнийг бусдад дамжуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлд зааснаар 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Оффисын горилла менежер

“Найзтайгаа үйлчилгээний байгууллагад шинээр ажилд ороход тухайн газрын менежер нь яг ижил албан тушаалтай бусад ажилтнуудаараа хийлгэдэггүй зүйлээ биднээр их хийлгэдэг байсан. Хамгийн их ажиллаж, бүх юмыг нь хийж байгаа хүн нь бид хоёр байхад ажилтнууд бүгд байдаг групп чатад ажил хийхгүй байна гэж их буруутгадаг байлаа. Хуучин, дотно ажилтнуудаа юу ч хийхгүй байхад нь магтаад байгаа хэр нь бид хоёрыг л түмний дунд ажил хийхгүй байгаа мэт харагдуулдаг байсан. Мөн хуучин ажилтнууд нь сарын сүүлийн төлбөр тооцоонд өртэй гарч ирэхэд менежер маань “Бид нэг хамт олон учраас бүгд нийлж энэ мөнгийг төлөх хэрэгтэй” гэж байсан.” -Токсик “ширээний малын” хохирогч №2-
Уг менежер бол энэ ширэнгэн ойн горилла юм. Сүргээ ахлах үүрэгтэй горилла нь сүргийн гол гишүүдээр ихэвчлэн ахмад, туршлагатай гэсэн дотно, хуучин амьтдыг сонгож авдаг. Тус газрын менежер шинэ ажилтнуудад боломж олгохгүй, хуучин хүмүүсээ тойглож буй нь гориллатай төстэй юм. Гэсэн хэдий ч гориллагийн уг сонголт ахмад, хүчтэй гишүүд нь залуу, сул дорой бусдыгаа хамгаалахад чиглэсэн байдгаараа ухаалаг аж. Тэгэхээр оюун ухаант хүн төрөлхтний дунд зэрлэг байгаль дахь амьтдаас ч дор нэгэн оршин буй нь харамсалтай.
Өмгөөлөгч Ж.Даваанямын зөвлөгөө: Ажилтныг зэмлэхдээ бусад ажилтан адилхан алдаа дутагдал гаргасан байхад зөвхөн нэг хүнийг ялгаварлан гадуурхах байдлаар зэмлээд, бусдад нь зэмлэл хүлээлгэхгүй байж болохгүй. Харин бусад ажилтны өрийг нийт ажилтнаар хуваан төлүүлэх нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болдог. Тэгэхээр ажилтан ажил үүрэг гүйцэтгэх үедээ байгууллагын бараа, бүтээгдэхүүнийг дутагдуулах, гээгдүүлэх зэрэг санамсаргүй байдлаар хохирол учруулсан бол уг хохирлыг тухайн ажилтан өөрөө бүрэн хариуцан арилгах үүрэгтэй болохоос бусад ажилтнууд уг өр, төлбөрийг хариуцах үүрэггүй.

Гэхдээ ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг үүнд оруулан тооцохгүй байх ёстой. Жишээ нь, ажилтан Бат 1,000,000 төгрөгийн үнэтэй бараа, бүтээгдэхүүнийг дутагдуулсан байлаа гэж үзэхэд уг бүтээгдэхүүнийг худалдан борлуулснаас ажил олгогч 200,000 төгрөгийн орлого олох байсан бол уг орлогыг хохиролд тооцохгүй, барааны үнэ болох 800,000 төгрөгийн хохирлыг ажилтан хариуцан арилгах үүрэгтэй гэсэн үг. Гэхдээ бодит байдал дээр ажил олгогч нар олох байсан орлогоо ажилтнаар төлүүлчихдэг.
Иймээс нэг ажилтны учруулсан хохирлыг бусад ажилтны цалин хөлснөөс гаргуулсан эсвэл олох байсан орлого нөхөн төлүүлсэн тохиолдолд цалингаас үндэслэлгүйгээр суутгасан мөнгийг буцаан гаргуулахаар байгууллагынхаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг бол компанийнхаа үйл ажиллагаа явуулж байгаа харьяа сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах хэрэгтэй.
Цалин өгдөггүй, ажлаас гаргадаггүй гөжүүд үхэр менежер

“Ажиллаж байсан нэг газар маань цалингаа цагт нь өгөхгүй байнга хоцрооно, НДШ огт төлдөггүй байсан. Өгдөг цалин нь бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байдаг. Хэдэн сар ажилласны дараа халагдах өргөдлөө өглөө. Гэтэл өнөө байгууллагын менежер гэх эмэгтэй “Чи анх ажлын гэрээ байгуулахдаа энэ байгууллагаас 5 жил гарахгүй гэж зөвшөөрсөн шүү дээ” гэж авдаг юм даа. Гэрээнд бол байгууллагын нууц болон оюуны өмчийг цааш нь задруулж болохгүй ба тэр хугацаа нь 5 жил гэсэн хэсэг байсан. За, тэгээд яаж ийгээд заргалдаад ажлаа өглөө. Сар гаруйн дараа өнөө менежер эгч гуай надад шаралхсандаа энд тэнд манай салбарын хүмүүст миний талаар хүн үнэмшмээргүй сонин түүх зохиож, муулсан байсан. Намайг даргатай нь явалддаг ч гэж ярьсан байсан даа.” -Токсик “ширээний малын” хохирогч №3-
Үхэр ихэвчлэн тайван, зөөлөн хэдий ч зөрүүдээ хүрвэл хачин зөрүүд амьтан даа. Цалин өгөх ёстой өдрийг заагаад өгчихсөн байхад цалингаа тавьдаггүй, ажлаас гарна гэхээр гэрээний заалтыг өөрийнхөөрөө өөрчлөн тайлбарлаж, гаргахгүй гэж гөжүүдэлж буйгаараа уг менежер үхэр ч юм шиг.
Өмгөөлөгч Ж.Даваанямын зөвлөгөө: Нэгдүгээрт. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч ажилтны цалин хөлсийг хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд олгох, НДШ төлөх үүрэгтэй байдаг. НДШ-ийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар цалин хөлсийг олгоогүй хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний 0.3-тай тэнцэх алданги тооцож, ажилтанд нөхөн олгох үүрэгтэй. Мөн ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар мөн учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг 5,000,000 төгрөгөөр торгохоор заасан.

Хоёрдугаарт. Ажил олгогч нь байгууллагын нууц, оюуны өмчийг 5 жилийн турш задраахгүй гэсэн заалтыг 5 жил ажлаас гарахгүй гэж үзэн ажилтнаа ажлаас гаргахгүй байх нь мөн үндэслэлгүй. Учир нь Монгол улсын Үндсэн хуульд зааснаар хүн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрөө цуцлах эрхтэй юм. Тэгэхээр байгууллагын нууц хадгалах гэрээ болон оюуны өмчтэй холбоотой асуудлаар ажилтныг 5 жил ажилла гэж шаардах нь буруу. Ажил олгогчид ийм эрх хуулиар олгогдоогүй.
Гуравдугаарт. Ажлаас гарсан ажилтнаа гүтгэж, салбарт нь нэр хүндэд халдсан илт, худал мэдээлэл тараасан бол тухайн хүнийг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар 450,000-1,300,000 төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Хэрэв нэр хүндэд нь халдсан гэж үзэж байгаа бол өөрийн харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж болно. Эсвэл тухайн хүнийхээ оршин суугаа газрын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, худал мэдээлэл тараасан болохыг нь тогтоолгож, уучлалт гуйлгахыг даалгах боломжтой байдаг.
Чимээгүй хорлон сүйтгэгч могой дарга

“Сүлжээ дэлгүүрийн нэг салбарт туслах менежерээр ажиллаж байхад шинээр ирсэн менежер эмэгтэй ажилдаа огт ирэхгүй байхаар нь даргадаа хэлсэн юм. Гэтэл нэг өдөр өнөөх менежер ирснээ бидэн рүү уурлаж, “Та нарыг авч явах гэж зовж байна. Арчаагүй ...” хэмээн хэлэх хэлэхгүй үгээр харааж гарсан. Үүнээс хойш удалгүй цалин буухад миний цалингийн 20 хувийг хасчихсан байсан. Тэгсэн өнөөх шинэ менежер маань даргын маань найз охин байсан юм билээ. Тэгээд л хариуцлагагүй менежер биш хариуцлага нэхсэн ажилтан би цалингаа хасуулсан юм.” -Токсик “ширээний малын” хохирогч №3-
Уг тохиолдлын дарга шиг могой хүмүүсээс болгоомжилбол зохино. Тэд тантай холбоотон мэт дүр эсгэн оффисоор гулган гүйж, санаанд ч оромгүй байдлаар хатгах болно. Магадгүй цалингийн чинь 20 хувийг хасчих ч юм бил үү.
Өмгөөлөгч Ж.Даваанямын зөвлөгөө: Хэрэв ажил олгогчийн хүлээлгэсэн цалин хасах сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол уг сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 90 хоногийн дотор сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар байгууллагынхаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг бол компанийнхаа үйл ажиллагаа явуулж байгаа харьяа сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах хэрэгтэй. Харин маргаан таслах комисс юм уу, эсвл Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй.
Ширээ сандлаар дүүрэн ширэнгэн ойд хэрхэн амьд үлдэх вэ?
- Бүхнийг баримтжуул. Эд хогшлыг тань ухаж байгаа хүний бичлэг, хорон үгтэй чат, мэйлийг нотлох баримт болгон хадгалж аваарай. Нотлох баримтгүй маргаанд “ширээний мал” тань ялж мэднэ шүү!
- Эрх, үүрэг болон хөдөлмөрийн гэрээтэй сайтар танилц. Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасан эрх, үүргээ мэдэж аваарай. Мөн аливаа гэрээг хийхээсээ өмнө хэчнээн урт байгааг үл харгалзан маш сайн танилцах хэрэгтэй.
- Хөлөө хүрэх газар хүртлээ яваарай. Нөхцөл байдал тэвчихийн аргагүй болбол хүний нөөцийн хэлтэст хандах эсвэл хуулийн зөвлөхтэй холбоо бариарай. Ширэнгэн ой зэрлэг байж болох ч түүнийг зохицуулах хууль байдаг.
Эдгээр зөвлөгөө танд токсик хүмүүсээр дүүрэн ширэнгэн ойд ажилд орвол “олз” болохгүйгээр мөн бусдыг “олзоо” болгохгүйгээр мөрөөрөө тайван амьдрахад тусална гэж найдаж байна. Тиймээс сарвуугаа хурцалж, хараагаа тогтворжуулан, оффисын ширэнгэн ойтой нүүр тулаарай. Эцсийн эцэст, ширэнгэн ой бүрд баатар хэрэгтэй бөгөөд тэр баатар нь та ч байж магадгүй юм. Хортой харилцаан дунд яахаа мэдэхгүй төөрсөн ажлын хамтрагчдадаа шударга ёсыг авч ирэх эхлэлийг тавиарай. Амжилт!