“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”

2026.05.045 минут унших
“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

“Бидний нэг” булангийн энэ удаагийн дугаарт бид Монголын амьд хөгжим, алтернатив рок, инди рок урсгалд өөрсдийн өнгө төрхийг бүтээсээр яваа залуу уран бүтээлчид болох Mxrningstar хамтлагийн ахлагч, бөмбөрчин Х.Эрдэнэбаяр, гитарчин Г.Эрдэнэбаяр нарыг урьж ярилцлаа. Тэдний хувьд хөгжим бол амьдралынх нь нэг хэсэг бас өөрсдийгөө илэрхийлэх илэрхийлэл нь. Тайзан дээр гарах мөчид тэд жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Өөр хэн ч тэдэн шиг тайзан дээр тийм дураараа хэр нь зоригтой тоглож чадахгүй…

Уулзахаар товлосон газартаа очиход Mxrningstar хамтлаг удахгүй болох тоглолтын бэлтгэлээ дуусгаад тус тусын ажлаа амжуулахаар гарч байв. Биднийг дотогш ороход бэлтгэлийн заалны халуун уур амьсгал арилаагүй бүгчим хэр нь, тухтай орчин угтсан юм. Энэ л зааланд “Бодлын гүнээс”, “Хүн” зэрэг Mxrningstar хамтлагийн олон алдартай дуу төрөн гарсан биз ээ. Хаалгаар ормогц харагдах жижиг тайзан дээр тэд бэлтгэлээ хийдэг. Ханан дээр нь хамтлагийн тоглолтын постер болон зургууд, хүн цомгийн пянз зэрэг өлгөөстэй харагдана. 

Хэдий завгүй, олон цагийн бэлтгэлтэй байгаа ч түр завсарлаад бидэнтэй ярилцахаар өрөөнд орж ирэхдээ инээмсэглэн мэндлэх, өндөр нуруутай, эелдэг ааш зантай нэгэн бол хамтлагийн бөмбөрчин Эрка, харин уртавтар хар үстэй, хөгжилтэй яриатай, донжтой хар шилээр гоёсон залуу бол гитарчин Эба байлаа. 

“Бид том болсон хойноо танилцсан ч гэсэн нэг газар цуг өссөн юм билээ. Дундын найз олонтой. Сүүлд нэг нэгнээ илүү таньж мэдээд ярилцахдаа “чи тэрийг мэдэх үү, мэднэ шүү дээ” гээд нэгнийхээ очсон газар болгоныг мэддэг байсан нь их сонирхолтой санагдаж билээ. Хоёулаа Сэлэнгэд амьдарч байгаад дараа нь хотод ирээд Дарь-Эхэд амьдарч байсан. Бүр нэг цэцэрлэгт явдаг байж таарсан. Жоохон байсан учраас хоорондоо зөрөлдөөд л яваад байсан байх. Биднийг ингэж ярихаар хүмүүс итгэдэггүй юм” хэмээх тэдний бага насны дурсамжаар бидний яриа эхэлсэн юм.

Анх удаа хөгжимтэй танилцсан нь…

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг

Эрка: Би Эрдэнэт хотод төрсөн. Дараа нь Сэлэнгэд нэг жил орчим амьдарч байгаад, 1-2 настайгаасаа хотод ирээд Дарь-Эхэд амьдардаг байлаа. Би дөрвөн хүүтэй айлын бага хүү. Аав маань дал гарсан, ээж маань жаран наймтай хүмүүс байдаг юм. 

Багадаа дугуй их унадаг хүүхэд байлаа. Дугуй босгож, угсарч унадаг. Тэгээд Фантам, талбай, цэцэрлэгт хүрээлэн хавиар өнждөг. Тэр үед миний хамгийн их сонирхож, цаг хугацаагаа зарцуулж байсан зүйл бол дугуй байсан. Youtube-ээр дугуйны бичлэг их үзнэ. Одоо өмнөхтэйгөө харьцуулахад дугуйгаа бага унаж байгаа. Гэхдээ дуртай хэвээрээ. Тоглолтоо дуусгачхаад зав гарвал дахиж унаж эхэлье гэж бодож байна. 

Хөгжимтэй анх танилцсан мөч гэвэл би гуравдугаар ангид байхдаа сүмд очсон юм. Тэгээд гитар тоглож байгаа нэг хүнийг хараад “ямар гоё юм бэ” гэж бодоод хөгжим тоглож сурахаар шийдсэн. Сүмд хөгжим тоглодог хүмүүс заримдаа ирэхгүй үе гарна. Тэгээд нэг хүн нь байхгүй бол тэрийг нь нөхөж тоглосоор байгаад бүгдийг нь хагас хугас тоглож сурсан даа. Түүнээс өмнө хөгжим нэг их сонирхож байгаагүй ээ. Магадгүй тэр үеэс л миний амьдрал хөгжимтэй илүү холбогдож эхэлсэн байх.

“Тэнцэхгүй бол шууд хасагдана…”

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг

Эба: Би хоёр эрэгтэй дүүтэй. Гэхдээ айлын ганц байх үедээ хангалттай эрхэлж өссөн гэж боддог юм. Багаасаа л их бие даасан хүүхэд байлаа. Ээж өглөө ажилдаа явахдаа гаднаас түгжээд явчихдаг. Тэгээд би хааяа цонхоороо гарч гадаа тоглодог, бороо орохоор шалбааг дамжиж гүйж байгаад буцаад цонхоороо орчихдог. Тэгээд ээжийг ирэхэд гэрээсээ гараагүй хүн шиг л байж байдаг.

Арван жилд байхдаа хийх л ёстой гэж боддог байснаас биш хичээлдээ тийм ч дуртай хүүхэд байгаагүй ээ. Харин Хөгжим бүжгийн коллежид ороод амьдрал  маань тэр чигтээ өөрчлөгдөж эхэлсэн. Эхлээд ерөнхий эрдмийн хичээл, дараа нь мэргэжлийн хичээл, дээрээс нь хүүхэд бүр төгөлдөр хуурын хичээл давхар үзнэ. Ансамбль гээд хичээлээс гадуурх бэлтгэл ч тасрахгүй. Тэгээд улирал бүр  шалгалттай, жилд бараг 6 удаа шалгалт өгдөг. Тэнцэхгүй бол шууд хасагдана. Хасагдахаар чинь хэцүү шүү дээ. Энгийн арван жил рүү буцаж очмооргүй санагдаад байгаа юм чинь. Өмнө нь шалгалтыг нэг их тоодоггүй байсан хүүхдэд “унах юм бол бүх зүйл дуусна” гэсэн дарамт, айдас тэгэхэд анх удаа мэдрэгдсэн байх. 

Ерөнхий эрдэм, мэргэжлийн хичээл хоёулаа чухал ч гэсэн “мэргэжлийн хөгжимчин” болно гэдэг утгаараа мэргэжлийн хичээлдээ илүү сайн байх хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн хичээлдээ голчлон анхаардаг. Өглөө 6-7 гээд л хичээл эхлэхээс өмнө хөгжмөө давтах гээд ирэхэд бүх өрөөний гэрэл асаалттай аль хэдийн хүүхдүүд ирчихсэн бэлтгэлээ хийж байх жишээний. Зарим нь бүр сургууль дээр хонон өнжин бэлддэг. Тэгж байж том том оркестрт сууж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Чуулга, Монгол Улсын Филармонид орж тоглодог байсан болохоор, ер нь гэрт хийх ёстой юмаа хийчхээд, ихэнх цагаа сургууль дээр өнгөрөөдөг болсон доо.

“Гитарынхаа барилтыг мартахгүйн тулд гар дээрээ зургаан утас зурж байгаад давтдаг байлаа”

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг

Эрка: 12-13 настай байхдаа сүмээс гарч, анх удаа өөр орчинд хүмүүсийн өмнө хөгжим тоглож эхэлсэн юм байна. Удалгүй Madness хамтлагтай нэгдэж 2-3 жил ах нарыгаа дагж явсан даа. Дархан, Эрдэнэт гээд хамаагүй явж тоглодог байлаа. Тиймэрхүү тоглолтууд хурдан болоод өнгөрдөг учраас дуугаралт зэргээ маш хурдан тааруулж, бусад хөгжимчдөө мэдэрч тоглох хэрэгтэй. Алдаа гаргавал тайзан дээр байсан ч хамаагүй загнуулна. Эхэндээ их цочирддог байсан ч дараагийн удаа алдахгүй байх ёстой гэх хариуцлагад суралцсан гэж боддог юм. 

Сүмд хөгжим тоглох, олон хүний өмнө тоглох маш ялгаатай мэдрэмж байсан. Сүмд бол илүү сэтгэлээр, итгэлээрээ хөгжимддөг. Харин тайзан дээр гарахаар яг эсрэгээрээ үзэгчдэд хүрэх, мэдрүүлэх, өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй болдог гэх юм уу. 

Анх гитар сурахдаа “барилтаа мартаж болохгүй юм байна” гэж л бодож байсан. Тэгээд гитарын барилтаа мартахгүйн тулд гар дээрээ зургаан утас зурж байгаад, гитаргүй үедээ хүртэл хурууныхаа барилтыг давтдаг байлаа. Хөгжим тоглох тусам сайжирч байгаа нь мэдэгддэг учраас урамтай байдаг юм. Ядаж нэг бүтэн ая тоглоод сурчихсан байхад л маш олон давуу тал үүсдэг. Хөгжим үнэхээр гоё. Хүнд тоглож өгөх эсвэл хүний тоглож байгааг харахад л донтчихдог юм.

Хөгжмөөр олж авсан хүмүүжил

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг

Эба: Хөгжмийн сургуульд шалгалт өгөхөд авьяас, чадвараас гадна ямар хөгжим тоглоход тохирох гар, хуруу, ам, хамартай байна гээд биеийн өгөгдлийг хүртэл харна шүү дээ. Анх намайг нэг багш хараад “үлээвэр хөгжим тоглохоор нимгэн уруултай юм байна” гээд үлээвэр хөгжим рүү оруулах гэж байсан ч “Контрабасс тоглоход тохирохоор гартай юм” гээд эцэст нь сонгодог хөгжмийн анги руу орж байлаа. 

Хөгжим бүжиг диктатур өндөртэй, хагас цэрэгжилтийн байдалтай байдаг учраас ахмад багш нар, дээд ангийн хүүхдүүдээ хүндэлж харьцах ёстой. Олуулаа нэг өрөөнд сууж олон цагийн бэлтгэл хийдэг учраас хөгжим тоглохоос гадна багаар ажиллах, хүнтэй зөв боловсон харьцах гээд нийгмийн суурь чадваруудыг би тэнд л сурсан гэж боддог юм.  

Хөгжмөө үнэхээр гоё тоглож байгаа хүмүүсийг харахаар огшоод байдаг юм. “Ямар гоё юм бэ, би ч гэсэн ийм болмоор байна” гэх бодол төрдөг. Гэхдээ тэр нь “би үүнээс илүү гарна даа” гэсэн бодол бол биш. Зүгээр л догдолсон, бахархсан, нэг тийм цагаахан атаархал төрдөг байсан.

Оркестрт удирдаачийн гар хараад суухад тэнд алдах эрх байхгүй. Нэг л хүн алдахад маш олон хүний хүч хөдөлмөр талаар болох магадлалтай учраас хариуцлагатай байх ёстой. Тэгээд оркестрын тайзнаас илүү жааз хөгжмийн тайзан дээр чөлөөтэй тоглож чаддаг байлаа. Яг л багадаа бодож, хүсэж байсан тэр мэдрэмжээ анх Fat Cat-ын тайзнаас мэдэрсэн байх.

Ийнхүү нэг газар өссөн ч хоёр өөр орчин, хоёр өөр амьдралын хэв маягаар тэдний амьдрал хөгжимтэй бага багаар ойртож нэг нь хатуу дэг журам, нөгөө нь тасралтгүй хөдөлмөр дунд өөрийгөө бүтээж байв. Тэдний туулсан зам мөр өөр өөр ч, эцэст нь нэг цэг дээр огтлолцож, өнөөдрийн тэднийг бүтээнэ гэж хэн нь ч төсөөлөөгүй явлаа.

“Жааз хөгжим бидний замыг нийлүүлсэн”

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг

Эба: Сонгодгоор төгсөөд дараа нь жааз хөгжмөөр сурч байх үед манай сургуульд Эрка орж ирсэн. Тэр үед яг КОВИД-ын үе таараад хөгжим тоглож байгаа бичлэгээ явуулж элсэлтийн шалгалт өгч байсан үе л дээ. Тэр үед би нэг багшдаа тусалж байгаад, Эркагийн бөмбөр тоглож байгаа бичлэгийг үзээд “дажгүй тоглодог юм байна” гэж бодож байсан юм. Удалгүй Эрка орж ирээд хамт хөгжим тоглосоор байгаад ярилцах ч шаардлагагүй ойлголцдог болсон байв.

Эрка: Би “жааз бөмбөрчин болоод, үнэхээр жааз дээр дөрвөн мөч маань хөнгөхөн болчих юм бол цаашаа өөр сураад байх зүйлгүй юм байна” гэж боддог байлаа. Тэгээд л сургуульдаа элсээд орсон чинь арай нас ойролцоо нь Эба байсан юм. Бас басс гитар тоглодог. Бөмбөр, басс гитар хоёр илүү нарийн холбогддог, бие биенээ харж явдаг учраас жааз хөгжим биднийг илүү нийлүүлсэн гэж хэлж болох юм. 

Сэлэнгэ аймаг, Дарь-Эхийн гудамж, танил нэрс, давхацсан дурсамжууд. Тэд их сургуульд танилцан, тамхилах зуураа элдвийг ярилцаж зогсохдоо өөрсдийнх нь бага нас, өссөн орчин нь олон талаараа ижил байгааг анзаарч эхэлсэн юм. Дарь-Эхэд өнгөрсөн дурсамж ард хоцорсон ч тэдний гэртээ харих зам одоо хүртэл адил хэвээр. 

Тэдний гэрийн хажууд байрлах, нэг буйдан, бөмбөр, хоёр гитар, ганц хоёр спикерээс өөр зүйлгүй тэр л харанхуй бэлтгэлийн байр тэдний хамгийн их цагийг өнгөрөөдөг, өөрсдийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг ганц газар болж хувирсан юм. Тэр л газар орой бүр уулзаж хөгжмөө давтсаар маргааш өглөө бүр эрт уулзаж бэлдэхээр болоод салцгаана. Ийнхүү өдөр хоног өнгөрөх тусам хөгжим тэдний амьдралын салшгүй нэг хэсэг болсоор байлаа.

Яг л ах нар шигээ болмоор байна. Гэхдээ… 

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг

Эба: Хөгжим бүжгийн коллежоос илүү надад бодит туршлага болсон газар бол “Fat Cat” байсан юм. Тэнд тайзан дээр гарч мундаг, туршлагатай хөгжимчидтэй хамт олон хүний өмнө тоглохдоо их зүйл сурсан даа. Тэр дунд Эрка ч орж ирсэн. Хажуугаар нь амьд хөгжмийн хамтлагууд орж ирдэг. Тэднийг ойроос хараад үнэхээр л “хөөх” гэж дуу алдмаар санагддаг байлаа. Сургуульд онол сурдаг харин тайзан дээр хөгжимчин хүн илүү хурдан өсдөг юм байна гэдгийг тэндээс л ойлгосон.

Ахлах ангид байхад гадагшаа сургуульд яваад ирсэн ах нар бүр илүү мундаг тоглодог болсныг хараад Контрабассаа тоглоод, Германд жааз хөгжмөөр суръя гэж шийдээд, бүр явахдаа бэлдэж байсан үе бий. Гэхдээ яагаад ч юм “гитарчин болно” гэсэн хүсэл маань сэтгэлийн мухарт байгаад л байсан. Тэгээд л тэр хүсэлдээ илүү хөтлөгдчихсөн юм.

Хөгжим бүжиг, их сургууль, одоо үе гээд сурсан хөгжим маань гурвуулаа өөр өөр. Контрабасс бол миний сурсан хөгжим байхгүй юу. Тиймээс тэр надаас хэзээ ч алга болохгүй. Харин гитараар бол би өөрийгөө бүтээж яваа.

Өдөр бүр тоглодог байсан ч, хэзээ ч сэтгэлд нь хүрч байсангүй

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг

Эрка: Би өдөр бүр өөр өөр хамтлаг, өөр өөр хүмүүстэй тоглодог байсан учраас нөгөө хүмүүстээ чирэгдэхгүйн тулд өгсөн дуунуудыг нь яс сууж байгаад гаргадаг байсан. Тэгсээр байгаад ер нь их л хөгжим коверлож тоглосон доо. Тэгж олон төрлийн хөгжимчидтэй хамтрахад ялгаа их мэдрэгдэнэ. Зарим нь яг тас тоглоно, нөгөө нэг нь зүгээр дуучны ард тоглодог гээд өөрийн гэсэн өнгө аястай олон ч хүнтэй тоглож үзсэн. 

Гадуур ковер хийж тоглож байгаа ч гэсэн надад, миний сэтгэлд үлдсэн зүйл юу ч байгаагүй. Тайзан дээр гардаг, тоглодог тэгээд хэдэн төгрөг авдаг. Тэгж өөрийгөө худлаа аргацаадаг байсан юм билээ. Эцэст нь яг өөрийн дуу, өөрийн зохиосон хөгжмийг тоглох нь илүү утга учиртай юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л “яг өөртөө юм үлдээе, үлдэх зүйлтэй байя” гэж шийдээд хамтлаг байгуулах талаар бодож эхэлсэн дээ. Энэ талаараа ч Эбад хэлчихсэн байсан. Би нэг их хүмүүстэй нийлээд яваад байдаггүй, тэглээ ч тэр үед миний хажууд байсан ганц хүн нь Эба  байсан юм. Тиймээс ч бид хөгжим тоглоод л салдаг биш жинхэнээсээ найзууд болчихсон байсан.

Тэдний түүх ингэж эхэлсэн

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг

“Би юу хийж чадах билээ, би ер нь юу хийж бүтээсэн хүн юм бэ” гэх асуултыг хүн бүр өөртөө тавьдаг шүү дээ. Энэ бодол ч Эрка, Эба хоёрыг тойрсонгүй. Зүгээр л дуртай зүйлээ хийж өөрийгөө олж, бүтээхээр шийдсэн тэдний хүсэл өнөөдрийн бидний сайн мэдэх Mxrningstar хамтлаг үүсэх эхлэл нь болжээ. Анх Mxrningstar хамтлагийн таван гишүүнийг цуглуулсан хүн бол Эрка. Дараа нь хамтлагийн дуучин Азаатай уулзаж хамтлаг болох санал тавьснаар тэд нэгэн зорилгын төлөө нэгдсэн юм. 

Эрка: Анх өөр өөр жанрын таван гар уулзаж байлаа. Эрдук бол яг цэвэр сонгодог суурьтай, илүү зөөлөн, байгаа байдал нь яг төгөлдөр хуур шиг. Эба бол жинхэнэ хөгжимчин. Яг ингэж л тоглох ёстой гэдэг. Обо болохоор нэг их олон юм тоглодоггүй ч дуугаралт, өнгө их хайдаг. Азаа бүр эсрэгээрээ хип-хоп талдаа. Тийм л таван өөр мэдрэмжтэй хүмүүс нэг газар цуглаад эхэндээ юу хийхээ ч мэдэхгүй байж байснаа нэг хамт тоглож үзээд, өөр өөрсдийн хийхийг хүссэн зүйлээ хийж байгаад л тэр үедээ салцгааж байсан юм.

Эба: Хамгийн сонирхолтой нь тэр мэдрэмж үнэхээр таалагдсан байхгүй юу. Тэгээд л “дараа дахиж уулзах юм байна, ер нь болмоор юм байна даа” гэх бодол төрсөн. Тэр үед бүгд л тус тусынхаа зүйлийг хийгээд явж байгаа шүү дээ. Гэхдээ гадаа байгаа зүйлээс бага багаар ангижирсаар байгаад энэ барилгад орж ирээд бүхнийг мартдаг болсон. Зүгээр уулзаад тоглож байгаа нь л гоё санагддаг учраас өглөө уулзахдаа хүртэл догдолж уулздаг. Олон л хүнтэй тоглож үзсэн байгаа шүү дээ. Тэр дундаас ялгарсаар байгаад бид эцэст нь нэг нэгнээ олсон гэх юм уу даа. Биенээ илүү мэдэрч, ойлгож тоглож чаддаг, тавуулаа нийлээд зэрэг дуугарахад тэр нь үнэхээр гоё сонсогддог учраас сайхан байдаг юм. 

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг

Эрка: Ганцаараа байхдаа хөгжмийн санаа төрвөл наана цаана нь оруулаад  оролдож үздэг байсан л даа. Тэр үед л “гацдаа” дууныхаа зүгээр санааг нь гаргачихсан байсан юм. Дараа нь хамтлагаараа нийлж байгаад бүтэн болгоод цацаж байсан.

Багадаа рок эвентээр явж, өөр өөр хамтлагуудын тоглолтыг хардаг байсан маань бас их нөлөөлсөн. Тэр хүрээлэлд бүгд бие биеийнхээ юу хийж байгааг мэддэг, сонсож харьцуулж байгаа шүү дээ. Тэгээд л “Монголд арай өөр зүйл, өөр дуугаралт хэрэгтэй юм байна” гэсэн бодол төрсөн. Илүү шинэ, өөр өнгө, өөр мэдрэмж гаргах хүсэл тэндээс эхэлсэн дээ. Үнэндээ толгой дотор байгаа бүтээлээ буулгах тийм ч хэцүү биш. Харин шинэ санаа олоход жинхэнэ гацдаг даа. Ихэвчлэн шинэ дуу сонсоод, тэндээс гоё дуугаралтууд гарч ирвэл туршиж үзэх байдлаар шинэ санаа төрдөг гэж хэлж болно. 

Ер нь бол анх зүгээр л өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Бас бус олон л зүйл оролдож үзсэн байгаа шүү дээ. Тэндээс өөрсдийнхөө дуугаралт, ялгарах онцлог юмнуудаа олохыг хүссэн юм. Одоо л хийсэн юмнуудаасаа бага багаар өөрсдийгөө олж эхэлж байна. Үнэнийг хэлэхэд надад анх хийсэн зүйлээ голж байсан үе цөөнгүй бий. “Жоохон тиймэрхүү байна даа. Тэгвэл дараагийн удаа ингэнэ дээ” гэж бодож байнга л хувьсаж, илүү сайжруулахыг л хичээдэг юм. Гэхдээ төгс зүйл хийх гэж хичээхээс илүү энэ дууг өөр хүн сонсоод яаж хүлээж авах бол гэдгийг илүү чухалчлахыг хичээдэг.

Эба: Олох гэхээс илүү өөрсдийгөө бүтээж байгаа. Сайн, муу бүх үеэсээ суралцаж өдөр хоног өнгөрөх тусам илүү сайжирч, өөрсдийгөө шинээр бүтээсээр яваа.

Эрка: Тийм юм байна. Бие биеэ урамшуулаад л явж байна. Тэр нь гэхдээ “чи, би лаг болчихлоо” гэж нэг нэгнээ худлаа хөөргөх биш. Дэмжиж, ойлгодог байхыг хэлж байгаа шүү.

-Цаашид та хоёр юу хиймээр байна. Хөгжимгүй ер нь амьдралаа төсөөлдөг үү?

Эрка: Би гэхдээ “хараагүй ч юм уу, сонсголгүй болчихвол яана аа” гэж бодож байсан юм. Тэгсэн ч ер нь хөгжмөө орхихгүй гэдгээ ойлгосон. Мэдээж ирээдүйн зорилго дэлхийд гарах шүү дээ. Уран бүтээлч хүн бүр л ингэж боддог байх. Тэр болтол өөрийнхөө чадах юмыг хийгээд л явна даа. Юу ч хоорондоо хорших боломжтой учраас жааз, электроник хөгжмийг ч хамаагүй холиод эрх чөлөөтэй дуугаралт гаргамаар байна. Тэгээд тэрийг маань дагаад дараа дараагийн хүүхдүүд ч гэсэн илүү гоё зүйл хийгээсэй гэж хүсдэг юм.

Эба: Би зүгээр хүмүүсийг илүү гоё байгаасай л гэж хүсдэг. Хүн бүрийн үзэл бодол, харах өнцөг өөр ч гэсэн бүгд дор бүрнээ жаахан ухаантай, хүлээцтэй хандаад сурчихвал Улаанбаатар хот маань гоё шүү дээ. Тэр ч утгаараа би ч гэсэн өөрөө ухамсартай амьдарч, нийгэмдээ зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг.

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг

“Бид өмнө нь тайзан дээр гараагүй байхдаа жинхэнэ дураараа, эрх чөлөөтэй, өөрсдийнхөөрөө тоглодог байлаа. Тэр нь ч таалагддаг байсан юм. Харин одоо хамтлагийг маань олон хүн мэдэх тусам бид тайзан дээр биеэ зөв авч явахаас эхлээд илүү хариуцлагатай байх ёстой болсон. Одоо эргээд хамаагүй хусдаг болъё гэж бодож байгаа. Гэхдээ тунг нь тааруулах хэрэгтэй. Хүмүүст зөв, сайн дуугаралт сонсгохын тулд бид байнга замбараагүй байгаад байж болохгүй шүү дээ” хэмээн өөрсдийн тоглох арга барил, сонсогчдоо хэрхэн мэдэрч ажилладаг талаараа тэд ярилцлагын төгсгөлд хуваалцсан юм.

Би хүний хувь тавиланд итгэдэг. Төрж өссөн газраас нь эхлээд нэр нь хүртэл адилхан тэд багаасаа л хөгжмийн урлагтай амьдралаа холбож, одоо амьд хөгжмийн ертөнцийн нэгэн эд эс болон өөрсдийн хувь тавиланг эрхшээж явна. Хэрвээ тэдний нэг сэтгэл доторх гитарчин болох хүслээ дарж, нөгөө нь өөрт байгаа бүхэндээ ханачихсан бол одоо ярилцан суугаа үг дуу цөөтэй ч, шулуун шударга зантай, эдгээр залуус дуртай зүйлийнхээ талаар ингэж чин сэтгэлээсээ ярьж суухгүй байсан гэж бодохоос хайран. 

Тэдний өмнө урт зам бий. Магадгүй хэдэн жилийн дараа дахин ярилцахад тэдний, миний, уншигч таны ч бодол өөрчлөгдөж бид одоо байгаагаасаа илүү өсөж хөгжсөн байна биз ээ. Монголын амьд хөгжмийн түүхэнд өөрсдийн шинэ түүхийг бичиж, олон урсгал руу зоригтой хөрвөж яваа хөгжимчид энэ удаа БИДНИЙ НЭГ боллоо. Ярилцлагыг уншиж мөн бидний нэг болсон уншигч танд талархъя! 

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг
“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг
“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг
“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдийгөө бүтээж явна”  нийтлэлийн зураг
Гэрэл зургийг Д.Занданбат

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

“Анх өөрсдийгөө олох гэж л дуу хийсэн. Харин одоо өөрсдий...