Ул мөр үлдээхгүй аялцгаая

2026.07.103 минут унших
Ул мөр үлдээхгүй аялцгаая - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хотол олноороо хуран цэнгэх наадмын өдрүүд айсуй. Улс орон даяар бүх нийтээрээ амардаг энэ өдрүүдэд их хотын оволзсон амьдралаас түр ч гэсэн холдож, хөдөө нутгийг зорих хүмүүс олон. Хаана ч очсон хараа булаам байгальтай эх орноороо аялах дургүй хүн ч гэж үгүй биз. Харин тэр байгалиа үр хойчдоо ч энэ хэвээр нь өвлүүлэхийн тулд бид хог хаягдлаа үлдээхгүй, соёлтой аялах нь чухал юм. Ингээд Posted.mn  сайтын редакцаас аяллын хог хаягдлын байгальд үзүүлэх нөлөө болон хэрхэн соёлтой аялах талаар онцлон хүргэж байна. 

Аялал зугаалгын оргил үе ирлээ

Урт удаан, зэврүүн жиндүүхэн, хавар зуны завсар ч юм уу гэмээр өдрүүд арайхийн дууслаа. Эх орон минь зүлэг ногоон “хивсээ” дэвсэн, гол горхи харгилан урсах, нартай, хуртай зуны дэлгэр өдрүүд одоо л ирж буй мэт. Хуурай, сэрүүн уур амьсгалтай манай оронд хэсэгхэн саатдаг урин дулааны энэ л өдрүүдэд хөдөө онгон байгалиа зорих аялагчдын цуваа тасрахгүй. 

Ул мөр үлдээхгүй аялцгаая нийтлэлийн зураг

Манай орны аялдагчдын дунд явуулсан судалгаанаас үзэхэд долоодугаар сар бол дотоодын аялал жуулчлал хамгийн идэвхтэй байдаг үе юм байна. Үндэсний их баяр наадмын амралт, цаг агаарын тогтуун сайхан байдал нь хүмүүсийг майхнаа аваад аялалдаа гарах таатай нөхцөлийг бүрдүүлдэг болохыг судалгаанд дурджээ.

Өнгөрөгч онд Архангай, Өмнөговь, Хөвсгөл аймгуудыг хамгийн олон хүн зорьсон бол Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймаг аялагчдын тоогоор сүүл мушгижээ. Эх орноороо аялж байгаа хүмүүсийн дийлэнх нь буюу 79.8% нь аяллын төлөвлөгөөгөө өөрсдөө гарган явцгаадаг аж. Энэ нь хээр талд хоноглон, хоол хүнсээ өөрсдөө бэлтгэж, тааваараа аялах нь хүмүүст илүү сонирхолтой байдгийг харуулж байгаа юм. Харин эх орноороо аялахад хамгийн их бэрхшээл дагуулдаг зүйлс нь хог хаягдал, нийтийн бие засах газар болон замын эвдрэл, байр сууцны өндөр өртөг аж. 

Байгальд хогны машин очдоггүй

Хотод хаясан хогийг хогны машин ачдаг. Харин уул ус, ой модонд үлдээсэн хогийг хэн ч ирж цэвэрлэдэггүй. Бидний ангилж, ялгах ч үгүй бөөгнүүлээд үлдээсэн хог хаягдал удаан хугацаанд задрахгүйгээр хөрс, ус, цаашлаад амьтан, ургамалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж.

Манай аялагчид хог хаягдлаа уутанд хийн, цэвэрлээд явах соёлд чамгүй л суралцаж байгаа. Гэхдээ ууталсан хог хаягдлаа нэг газар овоолоод хаячих нь түгээмэл. Үнэндээ энэ нь хогоо авч явах биш, бөөгнүүлж орхиод байна гэсэн үг юм. 

Ингээд бид аяллын хог хаягдлын талаар “Zero Waste” ТББ-ын Үүсгэн байгуулагч Д.Ууганзаяагаас тодруулсан юм. 

Ул мөр үлдээхгүй аялцгаая нийтлэлийн зураг

Тэрбээр “Аялагчдын хамгийн ихээр үлдээдэг хог бол гялгар уут, ус ундаа, архи, шар айргийн шил, лааз, хуванцар савнууд байдаг. Мөн хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийг ихээр хаядаг. Эдгээр хаягдлууд байгальд био задралд орох боломжгүй бөгөөд шингэх гэж хамгийн багадаа 100 жилийг зарцуулна. Бүр 500-1,000 жил өнгөрсөн ч устахгүй байх магадлалтай юм. Гялгар уут гэхэд 100% бүрэн задрахгүй маш жижиг микро хуванцар болоод байгальд уусдаг. Тэгэхээр бид хөрс, агаар, усаар дамжуулан хаясан хуванцраа эргээд өөрсдөө хэрэглэнэ гэсэн үг юм. Бас хүмүүсийн анзаардаггүй гаргадаг нэг алдаа нь хогоо ууталж аваачаад аян замд таарсан бөөгнөрсөн хогон дунд хаядаг. Хөдөө хээр, хот сууринаас хол тэр газар хэн очиж тэр хогийг цэвэрлэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй шүү дээ. Нэг хүн ууттай хогоо хаяад явахад дараагийн хүн нэмж хаясаар тэнд жижигхэн хогийн цэг үүснэ. Мөн гал асаахдаа өмнөх аялагчдаас үлдсэн үнс, чулуун дээр асаан шинэ газрыг хөндөхгүй байх ч жижиг мэт боловч их ач тустай юм шүү дээ” гэсэн юм. 

Авчирсан бүхнээ буцаан авч яв…

Ул мөр үлдээхгүй аялцгаая нийтлэлийн зураг

Аяллаас үлдсэн хог хаягдал ганц манай орны ч асуудал биш юм. Дэлхий даяар “Pack it in, pack it out” буюу “Авч ирсэн бүхнээ буцаан авч яв” гэдэг зарчмыг мөрдөхийг уриалсаар байна. Өөрөөр хэлбэл, байгальд авчирсан зүйлсээ үлдээхгүй, хогоо аваад явах нь аяллын соёл аж.

АНУ-ын үндэсний паркуудад аялал жуулчлалын нөлөөгөөр жилд 100 сая фунт буюу 45 мянган тонн орчим хог хаягдал үлддэг гэсэн тооцоо бий. Харин Энэтхэг улсын Гималайн нуруу орчмын 19 км бүсэд аяллын идэвхтэй дөрвөн сарын хугацаанд 29 тонн хог хуримтлагддаг байна. Энэ нь нэг аялагч 288 грамм хогийг байгальд үлдээдэг болохыг харуулж байгаа аж. 

Манай орны аялал жуулчлалын хог хаягдлын судалгаагаар Алтай Таван Богдод аялсан нэг аялагч байгальдаа 521 грамм хог үлдээж байгааг тогтоожээ. Энийг бүх аялагчдын тоонд үржүүлбэл асар их тоо гарах юм. Зөвхөн Баян-Өлгийд үлдсэн аяллын хог хаягдал л гэхэд 110-140 хогны машин дүүрэх аж. Нэг хүний үлдээх хог хаягдлыг бүтцээр нь хувааж үзвэл, 76 грамм нь лааз шил, харин хоол хүнсний хаягдал 120 грамм байна.

Экологич аялна гэдэг нь…

Байгальдаа ээлтэй аялах нь хүн бүрийн хийж чадах энгийн үйлдлүүд мөн. Тухайлбал, бид аялалдаа нэг удаагийн хэрэглэгдэхүүнийг хэрэглэхээс татгалзан хүн бүр өөрсдийн аяга, халбагаа авч явбал хог хаягдал бага гарах болно. Мөн хуванцар савлагаатай цэвэр ус авч хэрэглэхийн оронд усны том саваа авч яваад л замдаа таарсан худаг, гол горхины цэвэр усаар дүүргэн хэрэглэвэл хуванцрын аюулаас бага ч гэсэн сэргийлэх юм. Харин хоолны үлдэгдэл, хүнсний хог хаягдлаа уутанд хийлгүй ил задгай, хатааж хаях нь байгальд хор нөлөөгүй шийдэл аж. 

Экологич аялагч байхын тулд хог хаягдал үлдээхээс гадна байгалиа бохирдуулахгүйгээр аялах соёлд суралцах хэрэгтэй. Жишээлбэл, мод тайрах, ан хийх, гол усанд саван, угаалгын шингэн дусаах, зориулалтын бус замаар явах, шинэ зам гаргаж хөрсний эвдрэлийг нэмэгдүүлэх зэрэг нь байгаль орчныг доройтуулах тул эх дэлхийдээ ээлтэй, соёлтой аялагч байхыг зөвлөж байна. 

Аяллын гурван дүрэм 

Ул мөр үлдээхгүй аялцгаая нийтлэлийн зураг

Хэрвээ та аялалд гарахаар төлөвлөж буй бол байгальд ээлтэй аялах дараах гурван дүрмийг мөрдөн эх дэлхийдээ ээлтэй аялаарай. 

Ухаалагаар эхэл: Аяллын хүнсээ базаахдаа хамгийн бага хаягдал гаргахыг хичээгээрэй. Хүнсээ цуглуулахдаа даавуун тор ашиглан, олон жижиг савлагаатай бүтээгдэхүүнээс татгалзвал хуванцар хог хаягдал бага гарах болно. Хүнсний ногоо, жимс зэргийг замд дайралдсан газраасаа, эсвэл хүнсний захаас савлагаагүй задгай хэлбэрээр авах юм бол хуванцраас зайлсхийж чадна. Мөн аялалдаа зориулалтын уут ашиглахаа мартуузай.

Хогийг зөвхөн зориулалтын цэгт хаях: Хуванцар эсвэл лааз зэрэг овор ихтэй хог хаягдлыг жижигсгэн нэг уутанд хийгээд хамгийн ойр суурин газрын хогийн цэгт хаяснаар байгальд хог үлдээхгүй байх боломжтой. Зай, батарей, ахуйн хийн лааз зэргийг хот суурин газрын тусгай цэгт нь аваачиж хаях хэрэгтэй. Зайг хөрсөнд ил хаях нь хөрсийг бохирдуулж, мал амьтан хордуулах эрсдэлтэй. 

Нэг удаагийн хэрэглээнээс татгалзах: Хүмүүс аялахдаа аяга, халбаганаас эхлээд шүдний оо, сойз, угаалгын шингэн гэх мэт нэг удаагийн хэрэгслийг худалдан авах нь элбэг. Үүний оронд дахиад хэрэглэгдэхүйц, хаягдал багатай эд зүйлсээ аялалдаа авч явах нь байгальд ээлтэй ухаалаг сонголт байх болно. 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Ул мөр үлдээхгүй аялцгаая | Posted