Дурсамж заримдаа зангирч өвддөг. Дурсамж заримдаа загатнуулж зовоодог. Дурсамж заримдаа дулаахан мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл Posted.mn сайтын дурсамжийн галт тэрэг таны ой санамжийг хамгийн нандин дурсамж тань өнгөрсөн газарт хүргэхээр дараагийн өртөө рүү хөдөллөө. Дараагийн зогсоол 16-р хороолол.
Хотын төвөөс хол ч зүрхэнд ойр 16
Хотоос холдох тусам мартагддаг газрууд гэж бий. Харин 16 бол хол мэт хэр нь зүрхэнд ойр - миний дурсамжийн хаяг. Хотын төвөөс автобусанд суухад зам урт мэт санагдана. Энд ирж байгаагүй хүнд бол гудамжнууд нь нам гүм, байрнууд нь хөндий хоосон, захын хороолол гээд нэг л бүдэгхэн, мартагдсан газар мэт мэдрэмж төрдөг байж мэднэ. Харин бидний хувьд энэ бол бүдэг биш, харин ч тод өнгөөр зурсан амьдралын эхлэл байсан юм.
9-р сарын 1-нд цуглах цэг МТ-ийн саад
Хичээлийн шинэ жилээр сургуулийн нээлт үзэхээс илүү сонирхолтой юм МТ-ийн саадад болдог байв. Хичээл орохоос өмнө энд уулзаж зун хэн нь өсөж, хэн нь борлосноо үзэн, юу хийснээ ярьцгаадаг байлаа. Энэ саадад хийж үзээгүй юм ховор байх. 16-ынхан энд хичээл хийнэ, орчлонгийн сонин хачныг ярин сууна, болзоно, зодоон болно, урлагийн наадмын бүжгээ ч энд бэлддэг байлаа. 16-ын цэцэрлэгт хүрээлэн 82-р цэцэрлэг
Хүүхэд насны нандин үеэ 16-д өнгөрүүлсэн Э.Энэрэл-Эрдэнэ бидэнд дурсамжаасаа хуваалцсан юм. Яагаад ч юм ажаад байхад 16-р хороололд сурч, амьдардаг хөвгүүдийн ихэнх нь цэрэг, цагдаагийн албан хаагч болохыг хүсдэг байв. Тэр хавьд дандаа л цэргийн хүмүүс амьдардаг нь ч үүнд нөлөөлдөг биз. Мэдээж бас Батлан хамгаалахын их сургууль ч тэнд бий шүү дээ. Энэ л жишгээр Э.Энэрэл-Эрдэнэ ч өдгөө цэргийн хүн болжээ.
“Бид чинь хороолол дотроо цэцэрлэгт хүрээлэнтэй байлаа. Бага ангидаа 82 дугаар цэцэрлэгийн хашаанд өнждөг байв. Одоо бодоход тэнд мод ихтэй болохоор эсвэл жаахан байсан учраас цэцэрлэгийн турник тэр хавьдаа хамгийн намхан нь гээд сонгож очдог байсан биз. Модны доор сүүдэрт нь суугаад гарын алга шиг том навчаар нь янз бүрийн дүрс гаргаж тоглодог байлаа. 82 дугаар цэцэрлэгтэй 27 дугаар байр ойрхон. Энэ байрны буланд сонин содон амттан зардаг төдийгүй зоос хийж тоглодог хоёр автомат тоглоомтой дэлгүүр байдаг байв. Автомат тоглоом нь тогорууны зурагтай солонгос зоосоор ажилладаг байсан юм. Зоосоо дэлгүүрээс нь авна эсвэл гэрт ижилхэн зоос харагдвал учир зүггүй баярлаж аваад алга болохооргүй газар хийдэг байж билээ”.
Догдлол зардаг газар “Сонор”
Энд "Сонор" байдаг байлааХааяа боддог л юм. Хэчнээн хос “Сонор”-т болзож, хүүхэд насны нандин дурсамжийг зүрхэндээ сийлсэн бол? 11 дүгээр байрны доор “Сонор” нэртэй жижигхэн цайны газар байлаа. Зарим нь сэтгэлээ сул асган эморох гэж, зарим нь анхны болзоогоо хийх гэж, зарим нь зүгээр л найзтайгаа сууж хэсэг инээлдэх гэж ордог байв. Сонорын цай нь аагтай, ороомог нь амттай шиг эзэн эгчийн сэтгэл ч дулаан байж билээ. Тэр газар цай, ороомгоос гадна бидэнд догдлол зардаг байсан юм. Бид тэндээс цээж дүүрэн догдлол худалдаж аваад мишээсээр гардаг байлаа.
Ихэр дэлгүүр, Санчир, Stars, Аdanak
Болзоот учралын цэг олонтой байлаа. Хороолол дотор сонин содон газар гэвэл дэлгүүр, хоршоо л байв. 16 дугаар хороололд хүүхэд насаа өнгөрүүлсэн бас нэгэн хүн дурсамжаа хуваалцахдаа “Бага ангид байсан юм. Намайг ихэр дэлгүүрийн худалдагчтай юм ярьж саатуулах зуур найз алим аваад гарсан. Мэдээж худалдагч эгч мэдэлгүй яах вэ дээ. Түүнээс хойш бид хоёрыг орохоор л алим өгдөг болсон. Одоо тэр эгч юу хийж, хаана явдаг бол. Хэдэн килограмм алим бариад очих юм сан гэж боддог л юм” хэмээн санагалзах нь олон зүйлийг нэгхэн дурсамжаар өгүүлэх шиг. Ихэр дэлгүүр гээд байгаа нь чухамдаа зэрэгцээ хаалгатай, залгаа жижигхэн хоёр дэлгүүр юм. Одоо нэг нь “Шүүдэр” нэртэй гоо сайхны газар болсон байна лээ. Санчир, Stars хоёр бол ихэр дэлгүүрийн эсрэг талд байх бичиг хэргийн дэлгүүрүүд. Дэлгүүрээр зогсохгүй дотроо бяцхан интернэт кафетай. Энд сууж л хамаг бие даалтаа хийдэг байлаа. Одоо нэг нь бас л салон болсон юм билээ. 74 дүгээр байрны буланд “Нуга” хэмээх бас нэгэн дурсамж зардаг дэлгүүр бий. Эндээс мөн ч олон удаа цагаан утсаар нь гуйж ярин, найзуудаараа мөнгөө нийлүүлж наполеон авч идэж дээ. “Нугын урд уулзъя, Нугаас Бабулай аваад хүлээж байгаарай” гэх яриа бидний амны уншлага байв. 16 дугаар хороололд өссөн өөр нэг хүн “Adanak гээд жижигхэн PC байсан. Админ нь гэж амилсан бурхан шиг сайхан сэтгэлтэй. 30 минут тоглох цаг авахад 45 минут хийчихдэг байж билээ. Одоо бодсон чинь нулимс цийлгэнэж байна” хэмээх нь сэтгэлд дотно. Түүнийг ийн хэлэхэд л 1 дүгээр байрны буланд тийм газар байсныг санасан юм. Юунд ч юм ухаан жолоогүй яарч, цаг хугацааг өнгөрүүлэхдээ бид сэтгэл бүлээцүүлэм олон жижиг дурсамжаа гээж явдаг ажээ. Алдарт 10-ын талбай болон 12-ын талбай
Мэдээж энэ бол 10, 12 дугаар байрны урд талын сагсны шийдтэй хүүхдийн тоглоомын талбай. Хүүхдүүдийн амнаас “10-ын талбай” эсвэл “12-ын талбай” гэх үг л урсана. Тэнд ганцхан бөмбөг эргэдэггүй, мөрөөдөл, хожил, хожигдол, нөхөрлөл, өрсөлдөөн, хайр дурлал бүгд эргэлддэг байв. Торгүй, хагархай шийдтэй ч сэтгэл нь бүтэн, зүрх нь догдолсон хэдэн хүүхэд өдөр бүр тэнд цугларна. 16-ынхан 10-ын талбай дээр анх оноо аван хашхирч, 12-ын талбай дээр анх найзтайгаа муудалцаж, эргээд дараа нь эвлэрч сурсан биз. Тэнд л баг болж тоглож, амьдралын дүрэм, багийн хүч, хүлээцтэй байхын утгыг мэдэрч эхэлсэн гэлтэй. 10, 12-ын талбай одоо их өөр болсон байна лээ. Гэхдээ тэнд тоглож өссөн бидний зүрхэнд тэр торонд шидсэн бөмбөг бүр өчигдөрхөн мэт тод үлджээ. Шийд рүү бөмбөг шидэж явсан хүүхдүүд бүгд мэргэжлийн тамирчин болоогүй нь мэдээж. Гэхдээ амьдралд тэмүүлж сурсан. Ялахдаа даруу байхад, хожигдохдоо унаж биш босож сурсан. Хүүхдүүд нэгэндээ багшилдаг амьдралын сургууль тэнд байсан юм. Сагсны талбайн дэргэдэх саадад харин хосууд, дээд ангийн ах, эгч нар суудаг байлаа. Одоо ч хэвээрээ байгааг хараад сэтгэл бүлээцэх шиг. Хаяа дэрлэсэн ч харц солихдоо бардам хоёр сургуулийнхан
Ганц хашаагаар тусгаарлагдах 44, 53 хэмээх хоёр сургууль энд бий. Нэгэн цагт нэгнээ үзэхгүй зодоон болдог байсан гэдэг юм билээ. Зэргэлдээ хоёр сургуулийн хувьд тийм зүйл цаг хугацаа өнгөрсөн ч ганц, хоёр байдаг л биз. Гэхдээ гол нь дайснууд биш бас сайхан найзууд олон. Хоёр өөр сургуулийн хоёр өөр хүүхдүүд юм шиг атлаа сургуулиудын дундах нэг л PC рүү орж тоглоно, нэг л дэлгүүрээс яг ижил амттай амттан авч идэцгээнэ. Заримдаа “дайснууд” шиг мөртлөө ихэнхдээ дотнын найзууд байж сурсан бид үнэндээ яг адилхан байв. Нэг хороолол, нэг байрны хүүхдүүд. Өөр сургуулийн сурагч л байсан болохоос зүрхэндээ бүгд л гэгэлгэн хүсэл мөрөөдөлтэй. Тэр үед хэнийх нь сургууль илүү том, аль нь гаднаа хөл бөмбөгийн талбайтай, дүүргийн тэмцээнээр аль сургууль аварга болохоор л ялгарч 44-ийнх эсвэл 53-ынх гэж ярина. Харин одоо дурсахад... хоёр өөр сургуулийн хүмүүс гэдэг нь биш 16 дугаар хороолол гэх нэг л газар өсөж торнисон хүүхдүүд гэдэг нь чухал болжээ. Лифтээр доошоо, мөрөөдлөөр дээшээ
Биднийг бага байхад одоогийн “Синема некст” байсан бол хийх юм, очих газартай байх байв. Даанч очьё гээд зүглэх газар ховор, хийх юм хомс учраас өөрсдөө л элдвийг сэтгэж тоглодог байлаа. Гарааш дээгүүр гүйх бол энүүхэнд. Ангийн хамгийн даруухан хүүхэд ч нэг удаа гарааш дээр гарч, гүйж үзсэн л байгаа. Бидний бас нэг инээдтэй тоглоом нь “лифтдэх” байв. Дандаа л хуучны таван давхар лифтгүй байрнуудын дунд байдаг бид нэг л өдөр 75 дугаар байр хэмээх лифттэй байртай болсон юм. Цэнхэр есөн давхар байрууд лифттэй ч шинэ байрны лифтний хурдыг яаж гүйцэх билээ. Лифтэнд ороод хаалга хаагдахад бид яг л цаг хугацааны машинд суусан мэт мэдрэмжтэй. Цахилгаан шат доошловч бидний хүсэл мөрөөдөл хэзээд дээшээ байсан юм. Одоо бодоход бидэнд цагаа өнгөрүүлэх газар, тоглоом наадгай элбэг дэлбэг байсангүй. Гэхдээ бидэнд тоглоомын сэтгэлгээ байсан. Бид байгаа бүхнээрээ тоглож чаддаг, сэтгэлгээнийхээ орон зайд өөрсдөө хот байгуулж чаддаг хүүхдүүд байжээ. Энэ л бидний хамгийн том ертөнц байж. Гэрэл зургийг: Д.Занданбат