Залуусын орон зай

Г.Билгүдэй: Амьдрахад таатай орчныг технологиор бүрдүүлж залуу малчидтай болох хэрэгтэй

Б.Намуун2025.10.175 минут унших
Г.Билгүдэй: Амьдрахад таатай орчныг технологиор бүрдүүлж залуу малчидтай болох хэрэгтэй  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголын нүүдлийн мал аж ахуй нь зөвхөн мал төдийгүй бидний соёл, түүх, байгаль орчныг хадгалдаг амьдралын хэв маяг юм. 2024 оны статистик мэдээллээр  Монгол Улсад нийт 57.6 сая толгой мал тоологдсон. Эдгээр мал нь Монголын өргөн уудам бэлчээрийг эзэгнэж, нүүдлийн соёлыг уламжлан авч явах үндэс суурь болдог билээ. Иймээс малчдын амьдралыг хөнгөвчлөх, өв соёлоо хадгалж авч үлдэхэд технологийн шийдэл чухал юм. Энэ талаар уламжлалт нүүдлийн соёлыг, технологитой хослуулан монгол малчдад орчин цагийн сорилтуудыг даван туулахад туслах технологийн шийдлүүдийг бүтээж яваа Hunu платформын үүсгэн байгуулагч Г.Билгүдэйтэй ярилцлаа. Тэд уг төслөөрөө Дэлхийн банкны старт-ап уралдааны финалист болсон юм.  

Хүчирхэг нүүдэлчдийг бүтээх “Hunu” 

Г.Билгүдэй: Амьдрахад таатай орчныг технологиор бүрдүүлж залуу малчидтай болох хэрэгтэй  нийтлэлийн зураг
“Hunu” нь хүчирхэг нүүдэлчин гэсэн үгийн товчлол. Бидний урт хугацааны зорилго технологийн тусламжтайгаар хүчирхэг нүүдэлчдийг бий болгох. Бид технологийг монгол уламжлал, нүүдлийн соёлтой хослуулж, монгол малчдын бодит хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн шийдэл бүтээж байна. Одоогоор бидний боловсруулж буй аппликэйшны туршилтын хувилбар гарч, туршиж эхэлсэн. Мөн бид дроны тусламжтайгаар мал тоолдог, хиймэл оюун ухаанд суурилсан хиймэл оюунд суурилсан дүрс таних загвар (computer vision model)-ыг хөгжүүлээд байна. Манай “Оорцог элгэн” хоршооны махны үйлдвэр дээр энэ системийг туршиж, өөрсдийн мал дээр ашиглаж байгаа. Ийм төрлийн моделийг бий болгоход маш их хэмжээний өгөгдөл шаардлагатай. Тиймээс дроноор 20,000 гаруй малын зураг авч, моделио хөгжүүлсэн. 

Ийнхүү бидний ярилцлага эхэлсэн юм. “Hunu” хэмээх нэр анхнаасаа “хүчирхэг нүүдэлчин” гэсэн утгыг агуулжээ. Эл нэр шинэ эрин дэх нүүдэлчний дүр төрх юм. “Hunu”-гийн багийнхан технологийг уламжлал ба ирээдүйг холбох гүүр гэж хардаг аж. 

“Монгол малчдын амьдралд тохирсон технологийн шийдэл байхгүй байна” 

Аав маань 2009 оны зуднаар нүүдлийн мал аж ахуйгаа орхиод хот руу нүүсэн. Би ч аавыг даган хотод ирсэн хэдий ч, зун бүр хөдөө очиж, малтай ойрхон өссөн учраас хөдөөгийн амьдрал, малчны хөдөлмөрийг биеэр мэдэрч өссөн. Одоо ч хөдөө, хот хоёрын хооронд ээлжилж амьдарч байна. Манай гэр бүл Говьсүмбэр аймагт “Оорцог элгэн” гэх хоршоотой бөгөөд мал аж ахуй, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

Г.Билгүдэй: Амьдрахад таатай орчныг технологиор бүрдүүлж залуу малчидтай болох хэрэгтэй  нийтлэлийн зураг
Hunu-г байгуулах санаа 2023–2024 оны зудын дараа төрсөн юм. Тухайн зуд нь түүхэндээ хамгийн хүнд зудуудын нэг байсан бөгөөд манай гэр бүл ч олон мал алдаж, томоохон хохирол амссан. Энэ туршлагаас улбаалан монгол малчдын амьдралыг хөнгөвчлөх, мал алдагдлыг бууруулах ямар нэг шийдэл хэрэгтэй гэж бодсон. Судалгаа хийхэд Монголд малчдад зориулсан, тэдний бодит хэрэгцээг бүрэн хангах технологийн шийдэл бараг байхгүй байв. Гаднын системүүдийг нутагшуулъя гэсэн ч Монголын нүүдлийн мал аж ахуй барууны фермийн системээс үндсээрээ ялгаатай. Монголчууд малаа хашаанд бус, байгальтайгаа зохицон бэлчээр сэлгэн нүүдэллэж өсгөдөг, гэр бүлийн хөдөлмөр дээр тулгуурладаг. Харин барууны фермийн систем бол тогтмол хашаа, ажилчидтай, илүү үйлдвэрлэлийн хэлбэртэй. Ийм ялгаанаас үүдэн монгол малчдын амьдралд нийцсэн, бодит хэрэгцээг нь шийдэх технологийн шийдлийг бий болгох зорилгоор Hunu-г үүсгэн байгуулсан юм.  

Малчдад тулгамдаж буй асуудлууд 

Манай малчдын хувьд тулгамдсан олон асуудал бий. Нэгдүгээрт, бид малаа хашаанд барьдаггүй, уудам газар нутагтай учраас мал маань өөрөө бэлчээрлэж явдаг онцлогтой. Энэ нь нүүдлийн мал аж ахуйн давуу тал боловч нөгөө талаар малын хулгай зэрэг эрсдэлийг дагуулдаг. Сүүлийн хориод жилийн хугацаанд Монголд 25,000 гаруй малын хулгайны хэрэг бүртгэгдсэн. Жишээлбэл, 2020 онд гэхэд л малын хулгайгаас үүдсэн хохирол 2.5 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс гадна малчид малаа эрэхэд олон хоног зарцуулдаг бөгөөд энэ нь цаг хугацааны болон эдийн засгийн хувьд ихээхэн алдагдсан боломжийн өртөг бий болгодог. Мөн байгалийн гамшиг, ялангуяа хүчтэй цасан болон шороон шуурга гарахад мал туугдаж, малчид тэдний араас гарахдаа амь нас, эрүүл мэндийн эрсдэлд орох тохиолдол ч цөөнгүй. Иймээс бид эдгээр бодит асуудлыг технологийн шийдлээр шийдвэрлэж, малчдын амьдралыг бага ч гэсэн хөнгөвчлөх, илүү аюулгүй, үр ашигтай болгох зорилготой ажиллаж байна. 

Г.Билгүдэй: Амьдрахад таатай орчныг технологиор бүрдүүлж залуу малчидтай болох хэрэгтэй  нийтлэлийн зураг

Мал аж ахуйг хөнгөвчлөх технологийн бидэнд авч ирэх шийдлүүд 

Монголын бүрэн нүүдлийн мал аж ахуйн хэв маягтай яг ижил биш ч Австралид бэлчээрийн мал аж ахуй түгээмэл бөгөөд зарим практик нь нүүдлийн болон хагас нүүдлийн мал аж ахуйтай олон талаар төстэй. Тэнд ашиглагддаг AgriWebb гэх аппликэйшн нь малын тоо толгойг хянах, талбайг зориулалтын дагуу хэсэглэн удирдах (“paddocks”), малын хөдөлгөөн, эмчилгээ, хөдөлмөрийн бүртгэл хөтлөх зэрэг олон боломжийг олгодог. Ийм төрлийн технологи дэлхийн хөгжингүй орнуудад аль хэдийн нэвтэрч, фермерүүдийн өдөр тутмын ажлын салшгүй хэсэг болсон. Харин Монголын нөхцөлд, нүүдлийн мал аж ахуйн онцлогт бүрэн нийцсэн, малчдын бодит хэрэгцээг шийдэх технологийн шийдэл ямар байх ёстой вэ? “Hunu” яг юу юуг шийдэж байгаа бол? 

Аппликэйшны гол функцуудын талаар ярих юм бол, малчин хүнд малын байршлын мэдээлэл хамгийн чухал. Олон хоног зарцуулж хайдаг малыг утаснаасаа хараад олох боломж бүрдвэл цаг хугацаанаас гадна малчдын болон малын амь насыг хамгаалах ач холбогдолтой. Бид одоогоор дотоодын болон гадаадын GPS төхөөрөмжүүдийг аппликэйшнтэйгээ уялдуулан ажиллуулж байна. GPS нь хоёр төрөлтэй. Нэг нь хиймэл дагуултай холбогддог. Нөгөө нь интернэт сүлжээ ашиглаж, SIM карттай ажилладаг төрөл юм. 

Аппликэйшнээр дамжуулан малчид бэлчээрийн мэдээллээ харах, газрын зургийн өөр өөр төрлийн давхарга (layer) ашиглах боломжтой. Саяхан бид Google-ийн “Тогтвортой хөгжлийн хурдасгуур” хөтөлбөрт шалгарч, 25,000 ам.долларын Cloud Credit (үүлэн технологийн эрх) авсан. Энэ нь бидэнд газрын зураг, давхарга мэдээллийг боловсруулахад зардал ихээхэн хэмнэх боломж олгож байна. 

Г.Билгүдэй: Амьдрахад таатай орчныг технологиор бүрдүүлж залуу малчидтай болох хэрэгтэй  нийтлэлийн зураг

Одоогоор бид дараах үндсэн давхаргуудыг (layers) хөгжүүлж байна: 

  • Бэлчээрийн мэдээлэл
  • Хиймэл дагуулаас тооцоолсон ургамлын ногооршлын индекс (NDVI) — энэ нь мал ногоон, өвстэй газар бэлчиж байгаа эсэхийг, мөн хаашаа нүүдэллэх үү гэдгээ сонгоход тусална.
  • Салхины чиглэл ба хүч - мал зундаа салхи сөрж, өвөлдөө салхинд туугдаж явдаг учраас энэ мэдээлэл их чухал.
  • Хөрсний чийгийн түвшин - хөрсний чийг хаана байгаагаас хамаараад тухайн газар ногоо ургах уу үгүй юу гэдэг шалтгаалдаг.
  • Бороо, хур тунадас, температурын мэдээлэл
  • Цасны зузааны мэдээлэл - цас ихтэй үед мал өвсөө ухаж идэж чадахгүй, тиймээс энэ үзүүлэлт онцгой чухал. 

Мөн аппликэйшнд гэр бүлийн гишүүдээ утасны дугаараар нэмэх боломжтой. Ингэснээр, жишээ нь малаа дагаж гарсан хүүхдийнхээ байршлыг хянах, яаралтай тусламжийн мэдээлэл илгээх боломжтой болно. Онцгой нөхцөл үүсвэл систем автоматаар Онцгой байдлын байгууллагад мэдээлэл дамжуулах боломжийг бүрдүүлэхээр ч ажиллаж байна. 

“Бодитоор биш виртуалаар малаа хашаална” 

Бидний бэлчээрийн мал аж ахуйн онцлог нь голдуу малаа хашаалдаггүйд оршдог. Гэсэн хэдий ч малын болон өөрийн аюулгүй байдлыг хангах шаардлага гардаг үе бий. Ийм тохиолдолд бодит хашаа барихын оронд виртуал хашаа ашиглах боломжтой аж. 

Өөр нэг чухал шийдэл бол виртуал хашаа. Малчид газрын зураг дээр тодорхой бүсийг “хашаа” гэж тэмдэглэснээр, мал нь тэр бүсээс гарахад аппликэйшн анхааруулга илгээнэ. Ингэснээр малаа бодитоор хашаалахгүйгээр, цахим хяналттай хашаа үүсгэх боломж бүрдэнэ. Манай хоршоо зам дагуу байрладаг тул мал зам руу орж осолдох тохиолдол олон. Тиймээс бид замаас зайтай виртуал хашаа байгуулж, мал зам руу дөхөхөд мэдэгдэл авч, ослоос сэргийлэх боломжтой. 

“Малчид зээлд хамрагдахын тулд малынхаа тоог өсгөж мэдүүлэх тохиолдол бий” 

Мал аж ахуйн өөр ямар үйл ажиллагаанд технологийн шийдэл хэрэгтэй байгаа вэ? 

Г.Билгүдэй: Амьдрахад таатай орчныг технологиор бүрдүүлж залуу малчидтай болох хэрэгтэй  нийтлэлийн зураг

Одоогийн байдлаар Монголд мал тооллого ихэвчлэн асуулга хэлбэрээр хийгддэг. Комисс очиж гараар тоолдог, эсвэл малчдаас асууж бүртгэдэг. Гэтэл зарим малчид зээл авах зорилгоор малынхаа тоог өсгөж мэдүүлэх тохиолдол бий. Тиймээс бодит тоон мэдээлэл зөрөх нь элбэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид малыг бодит тоолох технологийн шийдэл боловсруулж байна. Тухайлбал, малыг хашаанд оруулах үед хяналтын камер ашиглан эгц дээрээс нь дүрс авч, хиймэл оюунд суурилсан системээр автоматаар тоолдог. Хээрийн нөхцөлд бол дрон ашиглан мал тоолох боломжтой. Гэхдээ дроноор тоолохын сул тал нь мал үргэх хандлагатай, мөн өвөл болон салхитай үед нарийн тооцоолол хийхэд хүндрэлтэй байдаг. 

Мөн бид малын гарал үүслийг тодорхойлох системд анхаарах хэрэгтэй. Үүнд малаа чиплэж, блокчэйн системд бүртгэх замаар тухайн мах, арьс шир зэрэг бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт очих хүртэл ямар замаар дамжсан болохыг хянах боломж бүрдэнэ. Энэ нь ил тод, хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээ бий болгох чухал алхам юм. Хамгийн гол нь бид нүүдлийн хэв маягаа хадгалах ёстой. Нүүдэллэнэ гэдэг нь  бэлчээр сэлгэж, байгаль орчноо хамгаалж, газар нутгаа нөхөн сэргээж байгаагийн илэрхийлэл юм. Хэрвээ бид малаа байнга хашаад эхэлбэл, монголчуудын нүүдэлчин соёл, онцлог алдагдахаас гадна, байгальд ч сөрөг нөлөө үзүүлнэ. 

Малчдын бэлчээрийн маргааныг технологиор шийдэх нь 

Монгол малчдын дунд хамгийн түгээмэл маргаан нь бэлчээр, отрын газар дээр үүсдэг. Өөр нутгийн малчин бэлчээр сэлгээд ороход тухайн нутгийн малчид эсэргүүцэж, засаг захиргаа нь нүүхийг шаарддаг тохиолдол олон байдаг аж. Технологийн тусламжтайгаар уг асуудлыг ч шийдэх боломж бүрдэх нь ээ.  

Монголчууд өмнө нь хил хязгааргүй нүүж, отор хийдэг байсан бол одоо ийм асуудлууд гардаг болсон. Одоогийн дүрэм журмын дагуу тухайн аймаг, сумын засаг захиргаа отрын газрыг тодорхойлж, бүртгэдэг. Иймээс бид малчдын хоорондын бэлчээрийн маргааныг багасгах зорилгоор аппликэйшнд бүртгэлтэй малчдыг тухайн аймаг, сумын дагуу ангилж, зөвхөн бүртгэлтэй аймаг, сумын бэлчээрийн мэдээллийг харуулах системийг хөгжүүлж байна. Ингэснээр малчид зөвшөөрөгдсөн газартаа отор хийж, бэлчээрийн маргаан үүсэхээс сэргийлэх боломж бүрдэнэ. 

“Залуучууд мал маллаж амьдрахад аятай таатай орчныг технологиор бүрдүүлж боловсон хүчний насыг залуужуулах хэрэгтэй” 

Г.Билгүдэй: Амьдрахад таатай орчныг технологиор бүрдүүлж залуу малчидтай болох хэрэгтэй  нийтлэлийн зураг
МАА-н салбарт шинэ технологийг оруулж ирэхэд  тулгардаг асуудлууд юу вэ? 

Дэд бүтэц, соёлын асуудал зэрэг олон бэрхшээл тулгардаг. Дэд бүтцийн хувьд Монголын өргөн уудам нутаг, холын бэлчээрийн бүсүүдийн ихэнх нь интернэт холболтгүй байдаг. Мөн GPS төхөөрөмжүүд үнэтэй учраас интернэтгүй бүсэд хиймэл дагуулын GPS ашиглах шаардлага гардаг. Гэхдээ ийм GPS нь их үнэтэй байх төдийгүй, мэдээлэл дамжих бүрд төлбөр төлөх шаардлагатай байдаг. Соёлын хувьд залуу малчид цөөрч, дундаас дээш насны хүмүүс голлон малчин хийж байна. Үүний улмаас шинэ технологийг хурдан сурах, хэрэглэх чадвар харьцангуй бага байх нь технологийн нэвтрэлтэд саад болдог.  

Залуу боловсон хүчнийг шууд мал дээр гаргах хэцүү. Харин малчдын хүүхдүүд боловсрол эзэмшиж ирээд малаа хариулаад явахад асуудалгүй. Мал аж ахуй дараагийн түвшинд гарч, илүү аюулгүй үр ашигтай болох хэрэгтэй. Залуу хүмүүс хотод амьдарч оффисын ажил хийж байгаа хүмүүсээс дутахааргүй амьдрах аятай таатай орчныг технологиор бүрдүүлэх шаардлагатай. 

Дараагийн жилүүдэд энэ салбарт хамгийн их өөрчлөлт авч ирэх технологийн шийдэл юу байж болох вэ? 

Ирэх жилүүдэд IOT (юмсын интернэт) технологи мал аж ахуйд улам чухал болох нь тодорхой. Монголд GPS-ийн технологи үнэтэй хэвээр байгаа ч, LoRa гэх шинэ технологи бий. Энэ нь хиймэл дагуулын сүлжээ, интернэт шаардлагагүйгээр, станц байрлуулснаар тодорхой радиусын хүрээнд ойролцоогоор 10-30 кмт малын байршлыг хянах боломжийг олгодог. 

Үүнээс гадна нэгж GPS төхөөрөмжийн үнэ буурах хэрэгтэй. Жишээ нь, хиймэл дагуулын GPS нэгийг авахад 400,000–800,000 төгрөг болдог. Адууны хувьд сүрэгт нь нэг GPS тавихад хангалттай байдаг ч хонь, ямаа зэрэг бусад мал дээр тавих шаардлага гарах үед үнэ өндөр, мөн сар бүр үйлчилгээний төлбөр төлөх шаардлага гардаг. Иймээс энэхүү салбарын технологид инновац, шинэ шийдэл зайлшгүй шаардлагатай байна. 

“Нүүдлийн соёл бол бидний хамгийн гол ондоошил. Иймээс хамгаалж үлдэх хэрэгтэй” 

Г.Билгүдэй: Амьдрахад таатай орчныг технологиор бүрдүүлж залуу малчидтай болох хэрэгтэй  нийтлэлийн зураг
Монголын хамгийн том баялаг бол бэлчээр. Хэрвээ бэлчээрээ алдаад байвал карбон шингээлтийн хэмжээ буурч, хөрсөнд хадгалагдаж буй их хэмжээний карбон алдагдана. Энэ нь цөлжилт, экологийн доройтлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Харин бид технологиор дэмжиж, бэлчээрээ сэргээх, хамгаалах боломжтой. 

Хөдөө үлдэх хүн цөөрвөл манай нүүдлийн соёл, ялгарал алдагдана. Биднийг онцгой болгодог зүйл бол нүүдлийн соёл, малчин амьдрал юм. Тиймээс малчдын амьдралыг илүү аюулгүй, амар тайван болгох нь зайлшгүй шаардлагатай. Малын араас явж байгаад эрсдэлд өртөх, малаа алдах асуудал энгийн үзэгдэл болох ёсгүй. Монголчууд “Онд мэнд тарган тавтай оров уу?”, “Сайхан зусаж байна уу?” гэж мэндэлдэг. Энэ нь малтайгаа хорогдол багатай өнөтэй сайхан онд оров уу гэсэн утга илэрхийлж байгаа шүү дээ. Нүүдлийн соёл бол бидэнд шингэсэн ялгарал, өв соёл бөгөөд үүнийгээ хайрлаж, хүндэтгэж явах нь чухал. Залуучууд бид энэ өвийг тээгч болж, соёлоо дэлгэрүүлэх хэрэгтэй. 

Бидний нүүдлийн соёл, мал аж ахуй дээр хэлсэнчлэн амьдралын хэв маяг, биднийг онцгой болгодог ялгарал юм. Гэвч өнөө цагт энэ уламжлалыг хадгалах нь өдөр ирэх тусам хүндрэлтэй болсоор байна. Малаа хянах, бэлчээрээ хамгаалах, гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлага нэмэгдэж буй энэ үед технологи бидэнд тусалж чадна. Технологи бидэнд цаг, хүч, нөөцийг хэмнэх боломж олгохоос гадна малчдын соёл, уламжлалыг залуу үедээ дамжуулах гүүр болох билээ.  

Гэрэл зургийг: Г.Өнөболд

Холбоотой нийтлэлүүд