УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Миний дош: Нисэх /дурсамж тэмдэглэл/
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Миний дош: Нисэх /дурсамж тэмдэглэл/

Миний дош: Нисэх /дурсамж тэмдэглэл/

Д.Занданбат
Д.Занданбат
Гэрэл зурагчин
2025.05.13 · 4 унших

Дурсамж заримдаа зангирч өвддөг. Дурсамж заримдаа загатнуулж зовоодог. Дурсамж заримдаа дулаахан мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл  Posted.mn сайтын дурсамжийн галт тэрэг таны ой санамжийг хамгийн нандин дурсамж тань өнгөрсөн газарт хүргэхээр дараагийн өртөө рүү хөдөллөө. Дараагийн зогсоол Нисэх.  

Frame 1261158937.png

Онгоцны дуу зүүдэнд сонстон сэрэх нь Нисэхэд амьдарч байсны баталгаа мэт. Буянт-Ухаагийн дэнжээс Сонсголон, Тайны, Бурхант, АТБ, Нисэх, 107, гурван цагаан байр, Цагаан улаан худаг, байрныхан гээд Нисэхэд төрж өсөж, амьдарч байсан хэн бүхэн андахгүй биз. 

Нисэхийн хөвгүүд том болоод онгоцны нисгэгч, инженер болохыг мөрөөднө. Харин охид онгоцны үйлчлэгч болохыг хүсдэг байсан сан. Манай энд 7, 114 гэсэн хоёр сургууль байв.

Frame 1261158932.png

Намар хавартаа хичээлээ тараад 7 дугаар сургуулийн шороон дээр /одоо усан бассейн болсон/  хөлбөмбөг тоглоно. Зуны аагим халуунд бөөндөө алхаад Туул гол дээр очно.  Эсвэл хааяадаа гурван цагаан байрны тэндэх гол дээр очиж сэлж нүүрээ холцрууттал тоглодог сон.

Frame 1261158927.png

Оросын байрны сагсны талбайд ах нарын хэрхэн тоглож байгааг харж зогсонгоо гоё пүүзийг нь гайхдаг байлаа. 63, 64 дүгээр байрны урд талын сандал дээр ах нар хажуудаа хөөрхөн эгч суулгачихсан ичингүйрч суухыг хүртэл хардаг байв.

Frame 1261158926.png

Байрны хойд талын цагаан худгийн урдхан талд гарааш дээгүүр гүйж, 49 дүгээр цэцэрлэгийн тоглоомын талбайд нуугдаж тоглох нь бидний хувьд бөөн зугаа шүү дээ. Тэгээд бөөндөө мөнгө нийлүүлж  ‘’Танил’’ дэлгүүрээс ундаа, контик авч хувааж иддэг байв.

Frame 1261158935.png

Өвөл нь ангиараа хичээл тараад цасаар байлдана. Усан бассейн байгаа газар котокоор гулгаж нэгнийхээ малгайг шүүрч зугтаана. Бас Нисэх онгоцны буудлын  хоёр давхрын арзгар чулуутай далангаас цаасан хайрцаг дэвсэж байгаад гулгаж тоглодог байлаа.

Frame 1261158923.png

Энд өссөн хөвгүүдийн дурсамжинд мөнхөрсөн бидний үеийн гурван ПС нь “Нямаа, Болороо, Нараа” билээ.  Бид энэ гурван ПС-нд ээлжлэн  тоглож, ах нарын ‘’Алив ах нь ганц скиллийг нь хийгээд өгье’’ гэх үгстэй цуг тэр дурсамжууд оджээ. Сүүлийн таван минутандаа уралдааны машинаар тоглох цагаасаа нэг минут үлдээгээд бүгд гардаг сан. 

Өсвөр насандаа  найзуудынхаа  төрсөн өдрийг хуучнаар “Амт шимт”-д тэмдэглэж  бялуу, чанадаг гоймонтой баярлана. За, тэгээд нэг нэг шилтэй кола нэмчихвэл данга. Үргэлжлүүлээд ‘’Клан’’ ороод өдөржингөө тавын эсрэг тав тоглоно доо.  Тэр үед ангийн охид хаанаас ч юм бүү мэд багшийг дагуулаад ороод ирчихсэн долоовор хуруугаараа ’’нааш ир ээ’’ гээд дуудна. 

Frame 1261158931.png

Биднийг арван жилээ төгсөх үед хип хоп хөгжим, реп дэмбээ моод байлаа. Хичээлийн завсарлагаанаар бичсэн үгнүүдээ нийлүүлж хаа нэг лайн шидэж дэмбээ хийцгээдэг. Хөвгүүд өргөн өмд, малгайтай цамц өмсөж эсвэл swaggy стилээр л хувцаслана. Тэгээд болоогүй хэн нэгнийхээ утсан дээрх шинэ дууг хоорондоо солилцоно.

Frame 1261158934.png

Манай үед айл болгон одоогийнх шиг интернэтгүй байлаа. Дата авах гэхээр хүүхдүүдэд ямар мөнгө өгөх ч биш. Гэхдээ нэг арга бий. Онгоцны буудлын хоёрдугаар давхарт очоод 30 минутын үнэгүй wi-fi хэрэглэнэ. Тэр хоорондоо тоглоом, дуу гээд бүгдийг л татаж авна даа. Бас фэйсбүүк зургаа солихоо ч мартахгүй ээ. 

“Далай ээж, Саямаа, Буянт-Ухаа’’ зах руу гэрийнхэнтэйгээ цуг явж хичээлийн хэрэглэл болон хүнс цуглуулна. 

Frame 1261158936.png

Frame 1261158933.png

Урьд нь  Нисэхийг хотын хөдөө гэдэг байв. Баруун талд уул ус харагдаад, өглөөгүүр  ’’Сүү аваарай!’’ гэх дуу хадаад л. Хэдхэн орон сууцтай, цөөхөн гэр хороолол байсан газарт нэг л мэдэхэд олон орон сууц зай завсаргүй баригджээ. Бидний нэгнийдээ орж тоглодог байсан хашаа хүртэл дахин төлөвлөлтөд орчхож. Бас онгоцны буудал маань Хөшигийн хөндий рүү нүүчхэж. Нисэхийн дүр төрх дурсамжинд маань л үлдэж дээ.

 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Занданбат
Д.Занданбат
Гэрэл зурагчин · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.