Залуусын орон зай

Хэрхэн хоолны хог хаягдлаа бордоо болгож ашиглах вэ?

Б.Отгонзаяа2024.11.234 минут унших
Хэрхэн хоолны хог хаягдлаа бордоо болгож ашиглах вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Улаанбаатар хотын иргэд жилд дунджаар 120,000 тонн хүнсний хог хаягдлыг бий болгодог. 120,000 тонн хүнсний хаягдлаас ялгарч буй хүлэмжийн хий нь 20,000 автомашин замын хөдөлгөөнд оролцсоноор гаргах утаатай дүйцнэ. Энэ тооцоогоор нэг өрх жилд дунджаар 290 кг хүнсний хаягдлыг бий болгодог бөгөөд 290 кг хүнс нь нэг өрхийн 5-6 сарын хүнсний хэрэгцээг хангахуйц хэмжээтэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, бид нэг өрхийн 4-5 хүний 5-6 сар хэрэглэж болох хүнсийг зүгээр л хог болгоод хаяж байна. Тэгвэл энэхүү зохисгүй үйлдэл, тооцоололгүй зардалдаа хэрхэн үр ашигтай зохицуулалт хийж, эдийн засаг төдийгүй, байгаль экологидоо ээлтэй байдлаар ашиглах вэ? Бидэнд боломж бололцоо бий юу? Энэхүү асуултад хариулт өгөхөөр бид  "How To" булангийнхаа энэ удаагийн дугаарыг бэлтгэн хүргэж байна.  

Хотжилт тэлэхийн хэрээр хүн амын хэрэглээ ч өсөж, үүнийг дагаад хог хаягдлын хэмжээ асар хурдацтай нэмэгдэж, өдгөө Монголд төдийгүй дэлхий дахины асуудал болоод байгаа билээ. Манай улсын хувьд хог хаягдлынхаа 20 хувийг л дахин боловсруулдаг. Харин үлдсэн 80 хувийг хогийн цэгүүдэд дарж, булшлах замаар устгадаг. Гэвч дахин боловсруулж, үр ашигтай зохицуулалт хийх боломжтой хог хаягдлын менежмент сонголтууд бидэнд олон бий. Үүний нэг нь  хоол хүнсний хог хаягдал. “Хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн үзүүлэлтийг Монгол орны нөхцөлд тогтоох судалгаа”-ны хүрээнд хог хаягдлын бүтцийг тодорхойлж, хэмжсэн ба нийт хог хаягдлын 24 хувийг хүнсний хаягдал эзэлдэг тооцоо гарсан байна.  

Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 11 орчим хувийг хоол хүнс үйлдвэрлэл, түүний тээвэрлэлт үүсгэдэг ба хүний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн хоол хүнсний гуравны нэгийг хог хаягдал болгон үрэгдүүлж байгаа талаар НҮБ-аас мэдээлдэг. Хүнсний хаягдлыг ил задгай хаяж, хогийн цэгт дарж, булшилсны улмаас задралд орж, бидний эрүүл мэнд төдийгүй, байгаль экологийн тэнцвэрт байдалд  сөргөөр нөлөөлж байдаг. 

Хоол хүнсний хаягдлын ихэнх нь органик бордооны үйлдвэрийн түүхий эд, үнэт материал

Нэг тонн хүнсний хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт дарж, булшлах нь гурван тонн метан хий ялгарах эрсдэлийг бий болгодог төдийгүй хортон шавж цуглах, эвгүй үнэр гарах зэргээр эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж, хөрсөнд нэвчин, усны эх үүсвэрийг ч бохирдуулж байдаг байна.  

Эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг багасгахын тулд бид ямар үйлдэл, алхмуудыг хийж эхлэх хэрэгтэй вэ? Энэхүү асуултад хариулт өгөхөөр ХААИС-ийн газар тарилан, хөрс судлалын тэнхимийн багш доктор (Sс), дэд профессор Б.Амарсанаатай холбогдож, дараах зөвлөгөөг авлаа.

Миний хувьд хоол хүнсний хаягдлын ихэнхийг нь органик бордооны үйлдвэрийн түүхий эд, үнэт материал гэж хардаг. Бидэнд хог хаягдлаа ялгаж, ангилаад хоолны хаягдлаараа төрөл бүрийн органик бордоо хийх боломж бий. Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг тэтгэх зорилгоор хэрэглэдэг бодисуудыг бордоо гэж нэрлэдэг. Бордоо нь дотроо эрдэс, органик гэсэн хоёр төрөлтэй бөгөөд хүнсний төрөл бүрийн хаягдлаар компост, вермикомпост, био ялзмагийн органик бордоог үйлдвэрлэх бүрэн боломжтой. Гэрийн нөхцөлд хог хаягдлаа сайн ангилж ялгаад жилийн 4 улиралд бордоо үйлдвэрлэх боломжтой байдаг. Бордоо хийх дүрэм, технологи тус бүрдээ өөр өөр.  Ялзралын процессыг нь төрөл бүрийн организм явуулж байдаг учир орчин нөхцөл нь ялгаатай хэдий ч дунджаар +10-200С-ын дулаантай, 50-60%-ийн чийгтэй  байх ёстой байдаг. Улаанбаатар хотод жилд дунджаар 132,000 тонн хүнсний хаягдал гардаг гэсэн тооцоо бий. Энэхүү хоолны хаягдлыг хөрсөнд булж, орхилгүйгээр өөр бусад органик хаягдал болох малын бууц, цаасны хаягдал, ургамлын үлдэгдэл, хатсан өвс, цай, кофены шаар, самрын яс зэрэгтэй хольж ялзруулан төрөл бүрийн компост, био ялзмагийн бордоог гаргаж болдог. Нөгөөтээгүүр, бордоо хийхэд тохиромжгүй хоолны хаягдал ч гэж бий. Органик бордоонд тохиромжгүй хүнсний хаягдалд цагаан идээ, мах, шөл, төрөл бүрийн тос, тэжээвэр амьтны ялгадас, өвчтэй ургамал, тамхи, жимс, ногооны шошго, эм, шил, хуванцар, лааз  гэх мэт зүйлс ордог. Тиймээс бордоонд ашиглах боломжтой болон болохгүй материалуудаа сайн ялгаж, ялзралын процессын зарчмаа алдагдуулалгүйгээр хийж эхлэхийг бордоо үйлдвэрлэж, туршиж  үзэхээр зорьж байгаа хүмүүстээ зөвлөе. 

Хэрхэн хоолны хог хаягдлаа бордоо болгож ашиглах вэ? нийтлэлийн зураг

Хүнсний хог хаягдлаа дахин боловсруулж “хор биш баялаг”-ийг бүтээсэн түүх

Хүнсний хог хаягдлаар хэрхэн бордоо хийх практик туршлагыг судлахаар 2021 оноос хойш гэрийн нөхцөлд хоол хүнсний хог хаягдлаараа органик бордоо хийж, өөрийн дадлага туршлагыг бусадтай хуваалцаж, солилцож ирсэн “Ногоон цэнэг” хуудсын админ Ц.Нэргүйтэй ярилцлаа. 

-Би МУИС-ийг Экологи, байгаль хамгаалал, биологийн багш гэсэн хос мэргэжлээр суралцаж төгссөн. Мэргэжлийн онцлог ч гэх үү, цэцэг тарих их дуртай. Гэртээ цэцэг тарина, хааяа янз бүрийн үр суулгаж, туршиж үзнэ. Ямар ч төрлийн ургамал тарихад хөрс их чухал байдаг. Хамгийн анх 2021 оны зун идээд үлдсэн тарвасынхаа хальсыг хаямааргүй санагдаж, байрныхаа тагтан дээр био ялзмаг хийхээр туршиж үзсэн. Тэгээд том саванд хөрс хийгээд дунд нь идсэн тарвасынхаа хальсыг хийж, дээрээс нь хар шороогоороо хучиж орхиод олон хоног хөдөө явсан. Анх удаа хийж үзэж байгаа болохоор бордоо маань муудсан болов уу, ямар нэгэн үнэр орчхоогүй байгаа гэсэн битүүхэн айдастай гэртээ ирж байлаа. Эргэж ирээд шалгатал ялзарч муудсан биш, харин ч жимсний сайхан үнэр үнэртсэн хөрс бэлэн болсон байв. Тэгээд л гэртээ гар аргаар хөрс хийж болох юм байна гэсэн итгэл төрж, интернэтээс органик бордооны талаар мэдээллийг илүү судалж, цаашид хүнсний хог хаягдлаараа бордоо хийх болсон. Айл өрхийн нийт хог хаягдлын дийлэнх хувь нь хүнсний хог хаягдал байдаг. Манайх гэхэд 4 ам бүлтэй. Хүнсний хог хаягдлаа ангилж, ялгаад ирэхэд  хог хаягдал маань хамаагүй багасаж, бараг л хог гарахгүй байсан. Тэгэхээр өдөрт хамгийн багадаа 300-500 грамм хүнсний хог хаягдал нэг айлаас гарахад 10 хоног, цаашлаад 360 хоногоор үржүүлээд үзвэл хэдий хэмжээний био хаягдал гарах нь тодорхой. Харин хоол хүнсний хог хаягдлаа дахин боловсруулж чадвал ургамлын массыг хоёр дахин нэмэх “хор биш баяглаг”-ийг бий болгох боломжтой. 

-Хүнсний хаягдлыг бордоо хийхэд тохиромжтой үнэ цэнтэй түүхий эд болохыг ихэнх хүн мэддэг хэр нь хэрэгжүүлдэггүй. Энэ тал дээр та зөвлөгөө өгөхгүй юу, Бид өдөр тутамдаа гаргадаг хүнсний хог хаягдлаа хэрхэн бордоо болгон ашиглах вэ?

Хэрхэн хоолны хог хаягдлаа бордоо болгож ашиглах вэ? нийтлэлийн зураг

Органик бордоог гэрийн нөхцөлд хийх арга 

  1. Эхлээд хүнсний хог хаягдлаа ангилж, ялгаад цуглуулна. Хөргөгчдөө хийж хадгалахаас гадна хатаасан ч болно. 
  2. Цуглуулсныхаа дараагаар төмөр, хуванцар, модон аль ч төрлийн савыг ашиглан бордоогоо бэлтгэнэ. Бордоо хийж буй сав маань гол нь агаарын солилцоо сайн явуулж байх хэрэгтэй учир жижиг хэмжээний нүхнүүд гаргаж өгөх хэрэгтэй.  
  3. Бордоогоо бэлтгэж эхлэхдээ савныхаа ёроол хэсэгт ямар нэгэн будаггүй, шохой багатай цаас, салфетка, сонины цаасыг дэвсэж өгнө. 
  4. Дараагаар нь нүүрс төрөгчөөр баялаг, навч болон өндөгний хальс зэрэг ахуйн хог хаягдлаа хийнэ.
  5. Нэмэлтээр хүнсний ногоо болон жимснийхээ хальсыг жижиглэж хийнэ.
  6. Даргаагаар нь хар шороо хийж бага зэргийн ус хийж өгнө. Энэ энгийн үйлдлүүдийг давтаж хийснээр гэрийн нөхцөлд хүнсний хог хаягдлаа бордоо болгох боломжтой.
  7.  Бордоон дээрээ долоо хоногтоо 2-3 удаа хүнсний хог хаягдлаа нэмэлтээр хийж, сайн хольж, хутгаж байх хэрэгтэй. 

Нөгөөтээгүүр, чийгийн улааныг ашиглан бордоо хийх боломж ч бас байдаг. Өмнөх бэлтгэсэн бордоотойгоо адил зарчмаар хар шорооныхоо оронд чийгийн улааныг нэмснээр чийгийн улаантай бордоог бэлтгэх боломжтой. 

  • Чийгийн улаангүй бордоог аль болох нарны тусгал сайтай газар тагтан дээр эсвэл гадаа байршуулахад тохиромжтой байдаг. 
  • Харин чийгийн улаантай нөхцөлд бордоогоо нарны тусгалаас хол харанхуй, сэрүүн нөхцөлд тасалгааны температур 20-250С байхаар газарт байлгавал илүү тохиромжтой. 
  • Чийгшил нь 60-70 орчим хувь байвал зохистой гэж үздэг. Хэтэрсэн тохиолдолд эвгүй үнэр орж, ялзарч, хөгцрөх эрсдэлтэй. 

Хүний биед шим тэжээл хэрэгтэй байдгийн адил ургамалд ч мөн шим тэжээл хэрэгтэй. Ургамалд хэрэгтэй шим тэжээлийг агуулсан нэгдэл буюу органик бордоог гэрийн нөхцөлд хийх арга ийм л энгийн. 

Айл өрх бүрээс өдөр болгон хүнсний хог хаягдал их бага ямар нэгэн хэмжээгээр гарч л байдаг. Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлын судалгаагаар нэг өрх өдөрт дунджаар 0.8 кг, жилд дунджаар 290 кг хүнсний хаягдал гаргадаг гэсэн тооцоо байна. Өрх бүр хүнсний хог хаягдлаараа бордоо хийхгүй ч ядаж ахуйн хог хаягдлаа ангилж ялгадаг, дадлыг хэвшүүлж чадвал бид өөрсдийн эрүүл мэнд төдийгүй байгаль экологидоо ээлтэй үйлдлийг хийж чадах нь. Нөгөөтээгүүр, айл өрхүүдийн ялгасан хүнсний хог хаягдлыг боловсруулдаг үйлдвэрийг хот суурин газруудад байгуулж, эргэх холбоотойгоор ажиллаж, дахин боловсруулж чадвал бидэнд жилд гаргадаг 132,000 тонн хүнсний хог хаягдал, түүнээс гарах 396,000 тонн метан хийн ялгарлыг бууруулах боломж байна. 

Холбоотой нийтлэлүүд