Цагаан сар: Уламжлал, бэлгэдэл, ёс заншлын утга учир

2026.02.175 минут унших
Цагаан сар: Уламжлал, бэлгэдэл, ёс заншлын утга учир - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголчуудын уламжлалт баяр ёслол дундаас Цагаан сарын баяр нь түүх, соёл, ахуй амьдралын гүн гүнзгий холбоог илэрхийлдэг, монгол хүн бүрийн сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг баяр билээ. Иймд Цагаан сарын баярын утга учир, ёс заншил болоод энэ өдөр цээрлэх ёстой зүйлсийн талаар уншигч та бүхэндээ хүргэж байна.

Цагаан сарын түүх

Түүхэн баримт дээр тулгуурлан харахад 13-р зууны үеэс Цагаан сарыг хавар тэмдэглэх болсон бөгөөд Инжаннашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсөж, Өэлүн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурьсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дунддын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй…” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд 1207 онд буюу Чингис хааны II онд тэмдэглэсэн тэр үеэс эхлээд сүү цагаан идээгээр голлуулан ёсолдог “Цагаан сар” хэмээх ёслол эхэлж, төр ёсны баяр болон үлджээ.

Нийгмийн өөрчлөлт ба уламжлалын сорилт

XX зууны дунд үеэс Монголын нийгэм улс төр, үзэл суртлын томоохон өөрчлөлтийн үеийг туулж, шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсон нь үндэсний уламжлалт баяр ёслолыг олон нийтийн хүрээнд тэмдэглэх боломжийг хязгаарлаж байв. Гэвч тухайн цаг үед төрийн бодлогоор Цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглож байсан ч айл өрх бүр ойр дотны хүмүүстэйгээ битүүлж, цагаан идээ засан, ахмад буурлуудтайгаа золгож, амар мэндийг нь эрэх зэрэг зан үйлээ тодорхой хэмжээнд үргэлжлүүлэн хийж сар шинийн баяраа цомхон хүрээнд тэмдэглэсээр байлаа. 

1952 онд БНМАУ-ын маршал Х.Чойбалсан битүүний өдөр нас барахад албан ёсоор Цагаан сарыг цуцалж бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарлажээ. Тухайн үеийн төр засгийн бодлогын дагуу Цагаан сарыг хэт хувийн шинжтэй баяр хэмээн үзэж бүр устгаж чадаагүй ч энэ бол “малчдын баяр”, “нэгдэлчдийн өдөр” тул суурин газар сууж буй хүмүүст хамаагүй гэх байдлаар зарлаж хорьсон байдаг ажээ.

1990-ээд оны эхээр улс төр, нийгмийн шинэчлэл өрнөж, соёлын илэрхийлэл, уламжлалаа чөлөөтэй сэргээх боломж бүрдсэнээр үндэсний үнэт зүйлсээ үнэлэх хандлага дахин сэргэж, уламжлалт баяр ёслолоо дэлгэр сайхан тэмдэглэх болжээ. Энэ үеэс баярын цар хүрээ тэлж гэр бүлийн гишүүдээс гадна хол ойрын хамаг хүн цуглан уулздаг болж, Цагаан сарын баяр нь үндэсний бахархал, соёлын дархлааг илэрхийлэх чухал уламжлал болон үлдсэн байдаг ажээ. 

Цагаан сар хэмээсний учир

Цагаан сар: Уламжлал, бэлгэдэл, ёс заншлын утга учир нийтлэлийн зураг

Монгол хүний хувьд “цагаан” өнгө бол ариун тунгалаг байдал, сайн сайхан, элбэг дэлбэг амьдралын билэгдэл хэмээн үздэг. Тиймээс сүү шиг ариун нандин цагаан амьдралыг бэлгэшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Цагаан сар бол монголчуудын шинэ жилийн эрхэм баяр юм. Иймд шинэ жилийн баяраа “цагаан” өнгөтэй зүйрлэж ирэх жилийг сайн сайхан, амар амгалан байгаасай гэсэн бэлгэдлийн илэрхийлэл юм.

Мөн монголчуудын ахуй амьдрал, нүүдэлчдийн соёл, мал аж ахуйтай сүү, тараг, айраг зэрэг цагаан идээ нь нягт холбоотой байсаар ирсэн тул цагаан идээг амьдралын эх булаг, буян хишгийн бэлгэдэл хэмээн дээдэлсээр ирсэн юм. Судлаачдын хэлж буйгаар “цагаан” гэх ойлголт нь зөвхөн өнгө төдий биш, нүүдэлчдийн амьдралын философи, элбэг хангалуун байдлын бэлгэдэлтэй холбоотой байдаг ажээ. Тиймээс Цагаан сарын үеэр цагаан идээгээр тавгаа дүүргэж, зочдоо сүү цагаагаар дайлах ёс нь байгаль дэлхий, мал сүргийн буян хишигт талархах утга агуулдаг байна.

Битүүрэх биш битүүлэх

Билгийн улирлын өвлийн сүүл сарын 30 (бага сар бол 29)-ны шөнө сар гарахгүй битүү харанхуй байдаг учир битүүн гэж нэрийджээ. Энэ өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай гэсэн бэлгэдэл утгатай ажээ. 

Битүүний өдрийн битүүлэг нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж хаалганыхаа баруун тотго дээр цагаан чулуу, цэвэрхэн цас, мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус морилон ирнэ хэмээн бэлэгшээж, зүүн тотго дээр харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хааж буй илэрхийлэл юм.

Битүүний орой гэр бүлээрээ битүүлэхдээ цэвэр цэмцгэр хувцаслаж, ширээгээ засан дээр нь битүүлгийн идээ ундаагаа тавьж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой билээ. Дараа нь долоон бурхан одондоо өргөж битүүлгээ хөндөнө. Битүүний оройн хүндэтгэдийн идээ зоог болох махан хоол зэргийг “битүүлэг” гэж нэрлэдэг байна. 

Бид өөрсдөө битүүлэхээс гадна битүүлгийн идээнээс болон хоол бэлтгэж хоточ нохойгоо хооллох ёстой байдаг аж. Тухайлбал, Хоточ нохойнхоо дух магнайг шөлний тосоор мялааж битүүлгийн шинэ мах, хөц, шар будаа, цагаан идээний зүйл, хоолны үлдэгдэл, малын яс зэргийг идүүрт нь хийж хооллодог уламжлалтай. Үнэр орсон эсвэл муудсан мах нохойдоо өгөхийг цээрлэдэг байна. 

Золгох ёсон

Цагаан сар: Уламжлал, бэлгэдэл, ёс заншлын утга учир нийтлэлийн зураг

Цагаан сарын баярын эрхэм зорилго нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, бие биесээ хүндэтгэн золгоход оршино. Иймд өндөр настандаа заавал өргөө гэрт нь зочлон очиж золгон хүндэтгэл үзүүлдэг. 

Өндөр настай хүмүүстэй золгохдоо хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчхаад золгохдоо мэндийг нь асууна.

Золгох ёс нь зөвхөн Цагаан сарын гурван өдрөөр хязгаарлагдахгүй бүтэн жилийн турш үргэлжилдэг билээ. Учир нь Цагаан сараар уулзаж золгоогүй хүмүүс зун, намар байсан ч хамаагүй тухайн жилдээ заавал золгож, энэ жилийнхээ шинэлгээг хийдэг маш хүндтэй ёслол юм. Иймд шинийн нэгэнд гэртээ ганцаараа сар гаргаж байвал баганатайгаа золгох ёс, хээр хөдөө ганцаар явж таарвал мориноосоо буугаад малгайтайгаа золгодог ёс бий.

Цагаан сарын баярын цээр ёс

Сар шинийн өдөр оройтож босоод аав ээждээ хожимдож золгох, халамцуу согтуу ахмад хүний амрыг эрж золгох, хүүхдийн хацар нүүрийг үнгэж үнсэх, айлаас юм гуйх, мал хайх эрэх, уурлаж уцаарлах, уйлах зэргийг цээрлэж, хэвтэрт байгаа хүн хүртэл босож суун өнгөрүүлэх заншилтай юм. Эдгээр цээрийг эс тэвчвэл тухайн жилдээ өвчин эмгэг, эрэл сурал, гуйлга тасардаггүй гэж үздэг ажээ. 

Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг машид эрхэмлэдэг ёс заншилтай билээ.

 

Эх сурвалж: Ч.Арьяасүрэн нар “Монгол ёс заншлын их тайлбар толь. III боть” (2000) УБ., Г.Гантогтох нар “Монгол нүүдэлчдийн тайлбар толь III боть” (2020) УБ

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд