С.Эрдэнэбаяр: Технологи бидний амьд үлдэх шинэ арга болсон


Дэлхийн хүнсний үйлдвэрлэл бол улс орны эдийн засгийн өсөлт, хүнсний аюулгүй байдал, дэвшилтэт технологийн хөгжлийг нэгтгэсэн цогц экосистем билээ. 2024 онд өргөн хэрэглээний савласан хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл бараг 1.1 их наяд доллароор үнэлэгдэж байсан бөгөөд 2030 он гэхэд 1.6 их наяд долларт хүрэх төлөвтэй байна. Монгол Улсын хувьд энэхүү өрсөлдөөнт салбарт өөрийн орон зайг бий болгохоор зорьж буй үндэсний үйлдвэрлэгчдийн нэг бол ТЭСО Групп юм. “TechWeek 2025” арга хэмжээний хүрээнд бид ТЭСО Инвестмэнт ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяртай хүнсний үйлдвэрлэл, технологийн хөгжил, худалдагчгүй дэлгүүр болон ТИНО супер аппликэйшн зэрэг шинэ шийдлүүдийн талаар ярилцлаа.
“Манай хүнсний үйлдвэрлэлд амжилт олох түлхүүр нь бүтээгдэхүүний онцлог”
Аж үйлдвэрийн хувьсгал бол хүн төрөлхтний амьдралын хэв маягийг сууриар нь өөрчилсөн түүхэн үе байлаа. Энэ өөрчлөлтөөс хүнсний үйлдвэрлэл ч ангид үлдээгүй. Гар ажиллагаатай, жижиг дотоод хэрэглээний хүнсний боловсруулалт механик төхөөрөмж, уурын тээрэм, автомат шугамаар солигдож, анх удаа хүнсийг их хэмжээгээр, үр ашигтай үйлдвэрлэх боломж нээгдсэн юм. Орчин үеийн хүнсний үйлдвэрлэлийн үндэс энэ суурин дээр тавигдсан билээ.

Иймд манай үйлдвэрлэлийн хамгийн том давуу тал нь ондоо онцлог, монгол хүний амтлах мэдрэхүйд тохирсон бүтээгдэхүүний өвөрмөц илэрхийлэлд төвлөрдөг. Ялангуяа өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд илүү их боломж байгаа. Учир нь сүү, тараг зэрэг хурдан хугацаанд муудах бүтээгдэхүүнийг гадаадаас авчрахад хүндрэлтэй, хугацаа богино тул дотоод үйлдвэрлэлээ тэнцвэртэй хөгжүүлэх шаардлагатай байдаг. Харин урт хугацаатай бүтээгдэхүүн дээр гаднын оронтой өрсөлдөх нь илүү хүнд байдаг. Тэгэхээр манай хүнсний үйлдвэрлэлд амжилт олох түлхүүр нь бүтээгдэхүүний онцлог, монгол хүний гараар бүтээгдсэн чанар, амт, мөн өдөр тутмын хэрэглээний шинэ бүтээлүүдийг хөгжүүлэхэд оршино. Энэ замаар бид дэлхийн зах зээлд өөрийн гэсэн байр сууриа бий болгож чадна гэж итгэж байна.
“Бид энгийн, стандарт бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бараг үгүй”
Сүүнд л гэхэд гадаадын олон улс оронд өрсөлдөгч их бий. Тэгэхээр бид тэр чиглэлд гарах хүртэл инновац, ложистик зардал, бүтээмжийн чадвар манайд хангалтгүй байгаа нь үнэн. Учир нь улс орноороо бүтээмжийн түвшин муу байгаа учраас энгийн бараа бүтээгдэхүүнээр гаднын ямар ч улстай үнээр өрсөлдөхөд хэцүү. Тухайлбал, 1,000 төгрөгөөр өөрсдөө үйлдвэрлэдэг юмыг 1,500 төгрөгөөр үйлдвэрлээд "Үүнийг аваач" гэвэл гадаадын хэдэн сая компани энэ зах зээл дээр өрсөлдөж байгаа учраас манай бүтээгдэхүүнийг сонгох ямар ч үндэслэл үгүй. Энэ нь цэвэр үнийн өрсөлдөөн, суурь нөхцөл бидэнд хүнд тусдаг гэсэн үг.
“Бусад улс 1,000 төгрөгөөр хийх юмыг 1,500 төгрөгөөр үйлдвэрлээд “Үүнийг аваач” гэвэл хэн ч сонгохгүй. Энэ бол бодит үнэн”

Худалдагчгүй дэлгүүрийн Монгол дахь гарц
Худалдагчгүй дэлгүүрүүд нь дэлхийн худалдааны салбарт шинэчлэл авчирсан технологийн шийдлүүдийн нэг юм. Ийм төрлийн дэлгүүр хэрэглэгчид бүтээгдэхүүнээ сонгоод шууд гарч явах боломжийг олгодог бөгөөд энэ нь цаг хугацаа хэмнэх, худалдан авалтын туршлагыг сайжруулах, ажиллах хүчний зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай.

"ТИНО супер аппликэйшнаар хэрэглэгчдэд илүү ойртоно"
"Тэсо Инвестмэнт"-ийн хөгжүүлж буй ТИНО супер аппликэйшн GrabMaps-ийн дэд бүтэц болох дэвшилтэт байршил тогтоох системтэй нэгдэж, газрын зураг дутмаг бүсгийн хаягийн бүртгэл, чиглэлийн нарийвчлал, үйлчилгээний хүртээмжийг шинэ шатанд гаргах боломж бүрджээ.

“Ажилчдын хэрэгцээг цогцоор хангах үйлдвэрлэлийн бүс бий болж байна”
Дэлхийн олон оронд ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил амьдралыг нэгтгэсэн үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулагдсаар байна. Эдгээр нь зөвхөн үйлдвэр, оффисоор хязгаарлагдахгүй орон сууц, цэцэрлэг, сургууль, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээ зэргийг хамтад нь төлөвлөсөн, нэгэн төрлийн “жижиг хот” хэлбэртэй байх нь түгээмэл. Энэтхэгийн Ченнай хотын ойролцоох “Mahindra World City” энэхүү загварын нэгэн жишээ бөгөөд ТЭСО Групп ч ижил төстэй бүтэц бүхий үйлдвэрлэлийн бүсийг Монголдоо хэрэгжүүлж эхлээд байна.

“Ойрын жилүүдэд Монголд төхөөрөмжүүд болон юмсын интернэт их өөрчлөлтийг авч ирнэ”
Техник технологи хурдтай хөгжиж буй өнөө үед шинэ технологи амьдралд орж ирэх нь ч нүд ирмэх зуур болсон. Тиймээс С.Эрдэнэбаяр захирлаас хүнсний үйлдвэрлэлд ойрын үед хамгийн их өөрчлөлт авч ирэх технологийн талаар сонирхож асуулаа.

Одоо үйлдвэрлэл, худалдаа, технологи хиймэл оюун ухаангүйгээр явна гэдэг бол маш хүндрэлтэй. Жишээ нь хүргэлтийг 100 жолооч, 100 менежерээр зохион байгуулахад хүндрэлтэй, харин AI ашигласнаар 5 хүнтэйгээр ч бүтээмжтэй зохион байгуулж, өрсөлдөх чадвараа өсгөж чадна. Технологи зүгээр сонирхол биш, амьд үлдэх шинэ арга болжээ. Бид зүгээр сонирхож технологи хөөгөөд байгаа юм биш. Энэ нь амьд үлдэх шинэ арга, шинэ шаардлага болж байна.
Ойрын жилүүдэд Монголд хиймэл оюун ухаан төдийгүй төхөөрөмж (device), юмсын интернэт (IoT) технологи их хэрэгцээтэй болох байх. Жишээ нь, жолоочгүй машины хэрэглээ, дроноор хүргэлт хийх зэрэг шинэ боломжууд зөвхөн хиймэл оюунаас гадна төхөөрөмж, сүлжээний шийдэлд суурилж ажиллана. Тийм үед хэдэн мянган хүн өрсөлдөж байлаа ч жолоочгүй, автоматажсан хүргэлтийн технологийг зөв шингээж чадсан компани л өрсөлдөөнд тэргүүлэх боломжтой болно. Монголын зах зээлд амжилттай өрсөлдөхийн тулд зөвхөн хиймэл оюун биш, төхөөрөмж, юмсын интернэтийг ухаалгаар нэгтгэн шийдэх нь гол түлхүүр юм.
“Хүнсний салбар бол асар том шинжлэх ухаан”

Монголын хүнсний үйлдвэрлэл дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чанар, ялгарал бүхий бүтээгдэхүүнээр байр сууриа эзлэх үе шатандаа иржээ. ТЭСО Группийн жишээ нь технологи, автоматжуулалт дээр суурилсан амжилтаас илүүтэй хэрэглэгчийн амьдралтай нийцэж, ажилтны хэрэгцээг харгалзаж, бүтээмжийг дээдэлсэн хандлага байж болохыг харуулж байна. Энэ бол ирээдүйн үйлдвэрлэлийн хөгжлийн жинхэнэ чиглэл юм.