Э.Жавхлан: Монголд уул уурхайн чиглэлээр “deep tech” технологийн старт-апууд бий болох хэрэгтэй


Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүднээс эрчим хүчний эх үүсвэрээ сэргээгдэх технологид шилжүүлэх, тээврийн хэрэгслээ цахилгаан хөдөлгүүртэй болгох зэрэг томоохон шилжилтүүдийг хийж байгаа. Энэ үйл явц нь зэс зэрэг стратегийн түүхий эдийн эрэлтийг урьд өмнө байгаагүй их хэмжээнд хүргээд буй. Судалгаанаас үзэхэд 2035 он гэхэд дэлхийн зэсийн хэрэгцээ хоёр дахин өснө гэсэн таамагтай байгаа аж. Эндээс цэвэр эрчим хүчний шилжилтэд асар их хэмжээний ашигт малтмал шаардлагатайг бид харж болно.
Өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах нь нийт экспортын бүтээгдэхүүний 93 хувийг ашигт малтмал бүрдүүлдэг Монгол Улсын хувьд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Тиймээс Монгол Улс дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд уул уурхайн олборлолт, боловсруулах үйл ажиллагаандаа дижитал шилжилт болоод хиймэл оюун ухааны шийдлүүдийг хурдтай нэвтрүүлэх нь стратегийн чухал алхам болох юм.
Тэгвэл манай улсын уул уурхайн салбарын хэмжээнд энэ бүхэн хэр боломжтой юм бэ? Ямар ямар шинэ технологийг бид одоо ашиглаж, бүтээмжээ нэмэгдүүлж байна? Бидэнд ер нь ямар бэрхшээл болоод илүү хөгжих ямар боломж бололцоо байгаа бол? Энэ талаар бид Techweek 2025 болж буйтай холбогдуулан DalAI Labs компанийн Үүсгэн байгуулагч Э.Жавхлантай ярилцлаа.
- Олон улсын хэмжээнд уул уурхайн салбарт технологийн шинэчлэлт ерөнхийдөө хэрхэн явагдаж байгаа вэ. Мөн Монгол Улс маань ямар түвшинд байна?
Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд ашигладаг технологи тал дээр олон улсын хэмжээнд гурван үндсэн сэдвийг голчилж ярьдаг. Нэгдүгээрт, аюулгүй байдал. Хоёрдугаарт, “sustainability” буюу тогтвортой хөгжил, гуравдугаарт, хиймэл оюун ухаан. Энэ гурван хүчин зүйлийг хэрэгжүүлэх түлхүүр нь технологи.
Хамгийн энгийн жишээ гэхэд, аюулгүй байдлын хүрээнд 1,300 метрийн гүнд ажиллаж байгаа инженерүүд 30 кг орчим хүнд хувцас өмсдөг. Хувцасны дотор төрөл бүрийн орчны нөхцөл байдал, PM2.5-ын хэмжээ зэргийг шууд хэмжээд, мэдээлэл өгдөг мэдрэгчүүд суурилуулсан байдаг. Аюулгүй байдлын үүднээс хүнийг хамгаалах зорилгоор технологийг ингэж ашиглаж байна.

Мөн уул уурхайн машинууд хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүрэн автомат горимд жолоочгүй ажилладаг болсон. Машины удирдлагыг 5G сүлжээ, IoT-тэй хослуулан ажиллуулдаг. Ингэснээр жолооч нар уурхайд биш, диспетчерийн өрөөнөөс бүхнийг удирдаж ажиллаж байна гэсэн үг.
“Ухаалаг гэх тодотголтой бүх технологи уул уурхай руу чиглэж орж ирэх хэрэгтэй байна”
Уул уурхай нь ДНБ-ий хамгийн гол эх үүсвэрийн нэг болдог манайх шиг улсын хувьд шинэ технологийн эрэлт их. Монгол Улсын хэмжээнд ярихад бид дөнгөж шинэчлэлт рүү орж эхэлж байна л даа. Технологи, хиймэл оюун ухаан, системийн чадавх, автоматжуулалт гээд бүгд уул уурхайн салбарт маш их эрэлттэй болсон. Тэгэхээр “ухаалаг” бүх технологи уул уурхай руу чиглэж орж ирэх хэрэгтэй байна.
Түүнчлэн технологийг уул уурхайд зөвхөн баялгаа экспортлох хэрэгсэл биш, харин нэмүү өртгийн шинэ урсгал бий болгодог боломж гэж харах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, уул уурхайтай зэрэгцэн бусад салбаруудыг хөгжүүлэх хэрэгтэй.
Жишээ нь, саяхан Рио Тинтогийн захирлууд Австралиас ирээд, энэ тухай туршлагаасаа хуваалцахад, Баруун Австралид уул уурхайн салбараа хөгжүүлэхдээ старт-апууд, академик хүрээллүүд, корпорацууд, Засгийн газар гэсэн дөрвөн талаас хамтран ажилласан байна шүү дээ.
Тэгэхээр Засгийн газар нь бодлого, зохицуулалтын түвшинд оролцож, Рио Тинто өөрийн үйл ажиллагаагаараа дэмжлэг үзүүлдэг. Харин судалгааны хэсгийг их сургуулиуд гүйцэтгэж, старт-апуудын хурдтай, уян хатан ажиллаж, инновац үйлдвэрлэх үүргийг гүйцэтгэж байна гэсэн үг.
Олон улстай харьцуулахад манай улсын уул уурхайн салбарын технологийн шинэчлэлт суурь шатандаа явж байгаа аж. Харин Австралийн жишигтэй ижил хамтын ажиллагааны экосистем манай улсад ямар байгаа талаар түүний бодлыг асуухад:
Манай улсад Оюу Толгой, Эрдэнэт зэрэг мега төслүүд бий шүү дээ. Энэ бол дэлхий дээр цөөн тохиолддог, маш том төслүүд. Баруунд эсвэл Европт иймэрхүү хэмжээний зэсийн орд тун ховор.
Харин манайх шиг жижигхэн улсад ийм том байгалийн өгөгдөл байна гэдэг нь өөрөө их онцгой боломж. Төрөл бүрийн технологи хөгжүүлж, туршиж болох потенциал бидэнд хангалттай их байгаа гэсэн үг. Бараг хэн ч хүрээгүй, нээгдээгүй шинэ ордууд бий.
Тэгэхээр миний бодлоор ирэх 10 жилд Монголд уул уурхайн чиглэлээр deep tech буюу өндөр технологийн старт-апууд зайлшгүй бий болох хэрэгтэй. Манай улсын технологийн старт-апууд ихэнх нь крипто, финтек зэрэг чиглэлд төвлөрсөн байдаг. Харин manufacturing tech, deep tech, health tech, AI гэх мэт салбарууд дээр Засгийн газар, том корпорацууд, старт-апууд хамтарч ажиллах технологиуд харьцангуй дутмаг байна.
“Хүн нь ашиглаж чадахгүй бол ямар ч гоё технологи ярьсан амжилтгүй болно”

Хиймэл оюун ухааныг амжилттай хөгжүүлэхийн тулд гурван гол хүчин зүйл зайлшгүй шаардлагатай. Нэгдүгээрт, талент буюу чадварлаг инженерүүд, хоёрдугаарт, дата болон дэд бүтэц, гуравдугаарт, хөрөнгө оруулалт. Датаны хувьд манайх шиг компаниуд өөрсдөө суурийг нь тавьж, цэгцлээд, хураагаад мэдээллийн сан бий болгож чадна. Дэд бүтцийг нь ч оруулж ирээд шийдэх боломж бий. Санхүүжилтийн хувьд хөрөнгө оруулалт татах гарц нээлттэй. Харин хамгийн том бэрхшээл бол талент. Монголд хиймэл оюун ухааны чиглэлийн чадварлаг инженерүүд маш ховор байна. Тэгэхээр энэ салбарт удаашрал авчирна.
Монгол Улсад эрчим хүчний автоматжуулалт, үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлийн инженерүүд бараг байхгүй шахуу. Гэтэл бид уул уурхайд баяжуулах үйлдвэр барья гэж яриад байгаа ч тэр үйлдвэр дээр ажиллах боловсон хүчин байна уу гэвэл байхгүй. Баяжуулалтын процессын параметрийг тааруулах, төхөөрөмжийн ажиллагааг ойлгох, сенсорын өгөгдлийг унших, зэсийг хэдэн градусад хайлуулахад ямар үр дүн гардаг гэх мэт нарийн мэдлэг, ноу-хау манайд одоогоор алга. Иймээс шийдвэр гаргаж буй хүмүүс энэ тал дээр бодох ёстой. Хэчнээн дэвшилтэд технологийн тухай ярьсан ч эцсийн эцэст хүн дээр очоод л бүдэрч байна. Хүн нь ашиглаж чадахгүй бол ямар ч гоё технологи ярьсан амжилтгүй болно.
Хоёрдугаарт, манайд томоохон үйлдвэрүүд монгол стартап, технологийн компаниудтай илүү нээлттэй хамтарч ажиллах бүрэн боломжтой. Жишээ нь, нэг төрлийн “sandbox” буюу туршилт хийх орчин бүрдүүлээд, “та нар өөрсдийн технологийг энд туршаад үз, бид датагаа өгье” гэх маягаар хамтарч болно. Уул уурхайн бодит орчинд яг жинхэнэ симуляци хийж болох ийм боломж манайд байна. Харамсалтай нь ийм нөхцөл, ийм экосистем одоогоор бүрдээгүй байна.
Гуравдугаарт, залуу хүмүүс старт-ап эхлүүлэх гэхээр уул уурхай толгойд нь бууж өгөхгүй байна. Учир нь бид мэдээлэл алга. Уул уурхайн салбарт яг үнэндээ ямар сонирхолтой ажлууд өрнөж байгаа. Жишээ нь, “25 кг жинтэй хамгаалалтын хувцсыг яаж 10 кг болгох вэ, үүнийг хийх старт-ап байна уу” гэх мэт мэдээлэл байхгүй. Тэгэхээр төрийн байгууллага, академик хүрээлэл, старт-апуудыг хамарсан “манайд ийм асуудал байна, ийм боломж байна” гэдгийг нээлттэй харуулдаг “transparency” буюу ил тод, нээлттэй байдал хэрэгтэй байна.
Ингээд харахад Монголын уул уурхайн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэхэд хангалттай хэрэгцээ болоод боломжууд аль хэдийнээ бүрджээ. Гэвч энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлэхэд хүний нөөц, дата боловсруулалт, дэд бүтэц, ил тод байдал, хамтын ажиллагаа зэрэг холбогдох асуудлууд байх аж. Ярилцлагын дараагийн хэсэг эдгээр бэрхшээлийг өөрсдийнхөө нөхцөлд хэрхэн давж, шийдэх боломжтой талаар өрнөсөн юм.
“Монголд их сургууль-үйлдвэр-оюутан гурвын уялдаа холбоо бий болох ёстой”

Монгол Улс уул уурхайгаас салшгүй хамааралтай болсон тул энэ салбарт технологийг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай. Тэр нь бүр суурь түвшнээс эхлэх ёстой. Жил бүр ДНБ-ний хамгийн том хэсгийг бүрдүүлдэг салбар учраас хүний нөөцийг ч тодорхой чиглэлтэйгээр, тодорхой бүтэцтэйгээр бэлтгэхээс өөр аргагүй. Автоматжуулалт, уул уурхайн инженерчлэл, хиймэл оюун ухаан, дата шинжилгээ зэрэг нарийн мэргэшсэн боловсон хүчнийг төлөвлөгөөтэйгөөр, бүх зүйл нь тодорхой байхаар бэлтгэх хэрэгтэй.
Барууны жишээг харахад, Германд их сургуулиуд нь үйлдвэрүүдтэйгээ маш ойр ажилладаг. Төгсөлтийн ажлаа үйлдвэр дээр бичнэ. Би өөрөө Теслагийн үйлдвэр дээр төгсөлтийн ажлаа бичиж байсан болохоор сайн мэднэ. Энэ нь их сургуульд ч өгөөжтэй, үйлдвэрт ч өгөөжтэй, оюутанд өөрт нь ч өгөөжтэй.
Ийм гурвалсан “agreement” буюу их сургууль-үйлдвэр-оюутан гурвын уялдаа Монголд бий болох ёстой гэж би боддог. Ингэснээр оюутан ирээдүйн тодорхой зураглалтай болоод сургуулиа төгсөнө. Харин одоо ийм зураглал нь тодорхойгүй байгаагаас болж олон залуус гадагшаа явж байна шүү дээ.
Энэ талд дээр манай компани түрүүлж алхаж, бусдад жишиг үзүүлэхийг зорьж байгаа. Гадаадад төгссөн залуус Монголдоо ирээд, барууны компаниудтай адил түвшинд өрсөлдөхүйц хэмжээний, эх хэл дээрээ, нийгэмдээ үнэ цэнтэй, Монголдоо хөгжиж байгаа залуучуудад мэдлэг өгөхүйц ажил хийж чадна гэдгийг харуулахыг зорьж байна. Хэрэв манайх шиг олон компани гарч ирвэл дорхноо интеграц хийгдэх боломжтой гэж би боддог.
Түүний үүсгэн байгуулсан DalAI компани хүний нөөцийн чиглэлээр жишиг үзүүлэхийг зорьж буй гэдгээс үндэслээд, уул уурхайн салбарт яг ямар асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэж ажиллаж байгааг нь тодруулж асуулаа.
“Тоног төхөөрөмжийн эвдрэл бол уурхайд хамгийн том эрсдэл”
Уурхайг ажиллуулж буй тоног төхөөрөмжийн системийн нэг нь л эвдрэх юм бол асуудал үүснэ. Хаана нь, юу эвдэрснийг, хэн яаж засахыг мэдэхгүй үед бүх ажиллагаа зогсох эрсдэлтэй. Үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсоно гэдэг нь менежментийн хувьд хар дарсан зүүдтэй адил. Нөгөө талаас уул уурхайн тоног төхөөрөмж эвдрэхэд өндөр зардал гардаг. Нэг машин эвдрэхэд л маш өндөр өртөг засварт шаардагддаг, төхөөрөмжийг захиалж авчруулахын тулд дор хаяж 3-6 сар болдог. Тиймээс урьдчилан засварлах үйлчилгээ буюу “predictive maintenance” зайлшгүй хэрэгтэй болж байгаа юм. Энгэснээрээ уул уурхайн төхөөрөмж болон баяжуулалтын үйлдвэрүүд маш олон сенсоруудын тусламжтайгаар өгөгдөл цуглуулж, тэр өгөгдөл дээрээсээ төхөөрөмжний эвдрэлийг уридчилан тооцох боломжтой.
Мэдрэгчүүд нь тухайн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа ямар байгаа талаарх датаг цуглуулснаар хэдий хэр хугацаанд, юу нь эвдрэх магадлалтай байгааг нарийвчлалтай таамаглаж болдог. Манай компани Монголдоо ийм үнэ цэнийг бий болгоод ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийг эвдрэхээс нь өмнө урьдчилан хэлэх бүрэн боломжтой гэсэн үг.
Ерөнхийдөө энэ технологийг үйлдвэрлэлийн бүхий л тоног төхөөрөмжид ашиглаж болдог. Уул уурхайн том машин, зэсийн баяжуулах үйлдвэрийн тээрэм, бутлуур, бутлуурын араа ч эсвэл энгийн мотор ч байж болно.
Мөн уурхайгаас гадна сүү, архи пиво, цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр ажилладаг. Эдгээр үйлдвэрүүд 24 цагийн турш тасралтгүй ажиллах ёстой байдаг учраас датаг нь хурааж аваад, түүн дээр нь үндэслэн үйлдвэрийн үйл ажиллагааны доголдол, асуудлыг хурдан хугацаанд тодорхойлж, шууд шийдэл гаргаж өгдөг.
Ярилцлагын төгсгөлд салбарын 3-5 жилийн ирээдүйг хэрхэн төсөөлж буй болоод залуучуудад ямар зөвлөгөө өгөх талаар нь асуулаа.
“Ирэх 3–5 жилд хамгийн их өрсөлдөөн, хамгийн их анхаарал төвлөрөх салбар бол ДАТА”

Технологийн эрэлт хүссэн хүсээгүй нэмэгдэнэ. Яагаад гэвэл технологио ашиглаад хэмнэлттэй, ашигтай ажиллаад, үр дүнг нь мэдэрч эхлэхээр бүр ч ихээр идэвхтэй, оновчтой ашиглах хүсэлтэй болох болно.
Тэгэхээр ирэх 3-5 жилд хамгийн их өрсөлдөөн, хамгийн их анхаарал төвлөрөх салбар бол “дата”. Яг ямар датаг, хаанаас, яаж цуглуулах вэ гэдэг асуулт чухал байх болно. Машин технологийн, тоног төхөөрөмжийн эвдрэлийн дата, операцын дата, санхүүгийн дата гэх мэт.
Гол нь зөв дата байх хэрэгтэй. Зөв буюу хүн ойлгохуйц, biased буюу нэг талаа барьсан биш. Тэр дата зөв, найдвартай гэдгийг баталж чадвал, түүн дээр суурилсан шийдлүүдийг гаргах бүрэн боломжтой. Дэд бүтэц нь бий болчихвол шийдлүүд нь аль хэдийнээ бэлэн байгаа гэсэн үг. Энэ өгөгдөл цуглуулаж, боловсруулах нь өөрөө шинжлжх ухаан болсон.
Тиймээс 3-5 жилийн дотор компаниуд энэ чиглэл дээр төвлөрч чадах юм бол Монголын компаниудад маш том боломжууд гарч ирнэ. Жишээ нь, манай урд хөрш БНХАУ-ын гүний уурхайд Huawei зэрэг технологиуд орж ирээд, бүхэл бүтэн уурхайг хэдхэн хүн ажиллуулж байгаа тохиолдол бий. Монголын нэг уурхайд 2,000 хүн ажиллаж байна гэж бодоход, тэд ердөө 500 хүнээр уурхайг бүхэлд нь ажиллуулчихсан байх жишээтэй. Тэгэхээр датаг сайн цуглуулж, боловсруулах юм бол нэг хүн сайн систем, сайн технологийн шийдэлтэйгээр олон хүний ажлыг зэрэг хийж болно.
“Монгол залуучууд ‘үзээтэй’ байх хэрэгтэй байна”

Бид гадаадын их сургуулиудын гоё, хэрэгцээтэй мэргэжлүүдийг оруулж ирмээр байна. Дээрээс нь сайн профессор, судлаачдыг урьдаг, их сургуулиасаа старт-апуудыг гаргадаг тогтолцоо хэрэгтэй байна. Мөн монгол залуучууд илүү зоригтой баймаар байна.
Жишээ нь, Монголд And Global санхүүгийн салбараас дэлхийд гарсан сайхан жишээ байна. Тэгэхээр санхүүгийн салбар хөгжөөд, түүнтэй холбоотой старт-ап гарч байна. Уул уурхайн салбар ч мөн адил хөгжөөд эхэлбэл, дагаад олон старт-ап бий болж болно.
Германы жишээг харъя. Герман бол үйлдвэрлэлийн улс Benz, Porsche, BMW, Audi гээд автомашины салбараа дагаад олон хүчтэй старт-апууд төрж, дараа нь том компани болж чадсан. Монгол ч гэсэн уул уурхайн энэ том салбар, мэдээлэл дээрээ тулгуурлаад старт-апууд гаргах бүрэн боломжтой. Гол нь залуучууд “үзээтэй” байх хэрэгтэй.