“Дэлгэцийн хэрэглээ хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлдөг”

2026.04.203 минут унших
“Дэлгэцийн хэрэглээ хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлдөг”  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бидний амьдрах хэв маяг, орчин нөхцөл хувьсан өөрчлөгдөж, техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр хүүхдийн танин мэдэхүй, хэл ярианы үе шатууд ч уламжлалт зүй тогтлоос ялгарах болжээ. Үүнээс үүдэн бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн олон асуудал тулгарч байгаагийн нэг нь хэл ярианы хоцрогдол аж. Хүүхэд эхээс төрсөн цагаас эхлэн орчныхоо чимээг ялган таньж том болохын хэрээр дуу авиагаар өөрийгөө илэрхийлж нэг л өдөр анхны үгээ хэлж, ярьж сурдаг шүү дээ. Гэтэл энэ нь эцэг эхчүүдийн хувьд чих тавин сонсож, анхаарах ёстой чухал асуудал болдог байна.

Сүүлийн үед хүүхдийн хэл ярианы хөгжлийн хоцрогдол нь олон улсад түгээмэл тохиолддог асуудлуудын нэг болсон тул энэ талын судалгаа түлхүү хийгдэх болжээ. Тодруулбал, 2025 онд “Psychology Today” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд дурдсанаар Ковид-19 цар тахлын үеэр 2 настай хүүхдүүдийн хэл ярианы хоцрогдол цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна. Үүнд хөл хорионы улмаас нийгмээс тусгаарлагдсан байдал, амьд харилцааны дутмагшил, мөн дэлгэцийн хэрэглээ нөлөөлсөн гэж үзжээ.

“Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сайн ярилцаж, үлгэр уншиж өгөх зэргээр хэл ярианы хөгжлийг нь анхаарч байх нь чухал” 

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн 2021 онд явуулсан “бага насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн менежментийн асуудал” судалгаагаар сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл ярианы хөгжилд эцэг эхийн оролцоо, сургалтын орчин, сурган хүмүүжүүлэгчийн хандлага чухал үүрэгтэйг онцолжээ.

Иймд бид цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хэл ярианы чадвар ямар түвшинд байгаа  талаар  тодруулахаар Нийслэлийн 84 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Б.Энхтуултай холбогдсон юм.

“Дэлгэцийн хэрэглээ хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлдөг”  нийтлэлийн зураг
Нийслэлийн 84 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Б.Энхтуул

Тэрбээр “хоёр настай хүүхдүүд анх цэцэрлэгт элсэхдээ ихэнх нь өөрийгөө илэрхийлж чадахгүй, эсвэл англи үгээр ярих зэргээр хэл ярианы хөгжил тааруу орж ирж байна. Манай анги 20 гаруй хүүхэдтэй. Үүнээс ганц хоёр үг хэлдэг арваад хүүхэд, үг холбоод бүтэн өгүүлбэрээр ярьж чаддаг гурван л хүүхэд бий. Уг нь цэцэрлэгт суралцаж эхлэхдээ нэрээ хэлдэг, өлсөх, цангах, бие засах зэргээ илэрхийлж чаддаг байвал маш сайн байдаг. Бусдыг сонсоод ойлгодог, өөрийгөө илэрхийлдэг хүүхэд заасан зүйлийг хурдан сурдаг давуу талтай. Нэг ёсондоо хэл ярианы хөгжил, танин мэдэхүй, мэдлэг олж авах үйл явцад чухал нөлөөтэй гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ бага балчир гэхгүйгээр сайн ярилцаж, үлгэр уншиж өгөх зэргээр хэл ярианы хөгжлийг нь анхаарч байх нь чухал. Амьтны дүртэй бээлийг нь өмсүүлж байгаад үлгэр зохиолгосон ч болно шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүүхдэдээ цаг зарцуулбал хөгжлийн үе шат хоцрогдолгүй, хэвийн явагдах боломжтой” гэсэн юм. 

“5-6 настай хүүхэд бүх авиаг зөв дуудаж сурсан байх ёстой”

Хэл заслын мэргэжлийн багшийн хэлж буйгаар хүүхдийн хэл, авиа зүйн согогийг сайтар ажиглан 5 хүртэлх насанд нь эрт илрүүлж, хугацаа алдалгүй засаж чадвал аливаа эрсдэлээс сэргийлэх боломжтой ажээ. Тиймээс бид хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлс, түүнээс хэрхэн сэргийлэх боломжтой талаар хэл заслын мэргэшсэн багш Б.Хосбаяртай цөөн хором ярилцлаа. 

“Дэлгэцийн хэрэглээ хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлдөг”  нийтлэлийн зураг
Хэл заслын мэргэшсэн багш Б.Хосбаяр

- Хүүхдийн хэл ярианы хоцрогдолд нөлөөлдөг гол хүчин зүйл юу вэ? 

Хэл ярианы хөгжилд жирэмсний хожуу хордлого, төрөхийн хүндрэл, ахуйн дадал зуршил, аутизм гэх мэт маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Ахуйн дадал зуршил гэдэг нь дэлгэцийн хэрэглээ болон эцэг эх ба хүүхэд хоорондын харилцааг хэлж байгаа юм. Жишээлбэл, хүүхдийнхээ гутал хувцсыг өмсүүлэх, гарыг нь угаах зэрэг бүх ажлыг урдуур нь орж хийгээд байхаар тэр хүүхэд өөрийгөө бусдад ойлгуулах, бусадтай харилцах чадвар сул болж өсдөг. Үүнээс гадна хэт их дэлгэцийн хэрэглээ хэл ярианы хөгжил улам хоцрогдоход нөлөөлж байдаг. Хүүхдийн танин мэдэхүй, хөгжлийн үе шатны суурь нь гэр бүлийн орчинд явагдаж эхэлдэг. Гэтэл одоо тэр чухал үед нь буюу 6 сартайгаас нь эхлээд хүүхдэдээ дэлгэц үзүүлдэг болсон байна. Хоол идэж байхад нь хүртэл дэлгэц үзүүлдэг шүү дээ. Энэ нь хүүхдийг бүх талаар нь нийгмээс тусгаарлаж байна гэсэн үг. 

- “Хүүхэд хэлд орохгүй удаад байна” гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл хүүхэд хэдэн насандаа сонсож, ярьж сурдаг юм бол. Бид хэдэн нас хүртэл хэвийн гэж үзэх вэ? 

Хоёр настай хүүхэд төрөлх хэлнийхээ бүх авиаг ялгаж сонсож чаддаг. Харин 5-6 настай хүүхэд бол бүх авиаг зөв дуудаж сурсан байх ёстой. Тиймээс хүүхдийнхээ хөгжлийн үнэлгээг сайн хянаж байх хэрэгтэй. “Зарим хүүхэд угаасаа оройтож хэлд ордог, удахгүй яриад эхэлнэ” гээд тоохгүй байх нь буруу юм. Хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрийн ард хөгжлийг нь үечилсэн мэдээлэл, зөвлөмж байдаг. Түүнийг уншаад хүүхдээ хоцорч байна уу, хэвийн байна уу гэдгийг хараад явах боломжтой. 

- Хүүхдээ хэл ярианы хоцрогдолтой гэдгийг нь анзаарсан бол эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ? 

Аль болох эрт оношлох тусмаа хэл яриаг нь засан сайжруулахад хугацаа бага зарцуулна. Хоёр настай хүүхэд алдаагаа эрт олоод, хэл засалчтай тулж ажиллахад нэг жилийн хугацаа зарцууллаа гэж бодъё. Тэгвэл хэл, авиа зүйн согогийг нь эрт ажиглаагүй 5 настай хүүхдэд бол илүү урт хугацаа зарцуулна шүү дээ. Тиймээс анзаарсан л бол эрүүл мэндийн байгууллагад хандаж, мэргэжлийн хэл засалчтай ажиллах шаардлагатай. Гэхдээ сургалт хөгжлийн явцад эцэг эхчүүд хурдан үр дүнд хүрэхийг хүсээд байдаг юм. Энэ үйл ажиллагаанд урт хугацаа шаарддагаас гадна эцэг эхийн оролцоо маш чухал. Энд багш хэчнээн ажиллаад, хүүхэд гэртээ хариад дэлгэц үзээд, эцэг эхтэйгээ ярихгүй байвал ямар ч үр дүнгүй гэсэн үг. 

- Гэрийн нөхцөлд хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх, дэмжих ямар арга байдаг вэ? 

Амьсгалын хуваарилалтыг нь шалгаж сайжруулах зорилгоор шаар үлээлгэх, зурган картыг ашиглах зэргээр хэл яриаг сайжруулах дасгал хийлгэж болно. Мөн бүхэл хоол идүүлж, мах зулгаалгах нь эрүүний булчинг хөгжүүлдэг. Хахахаас сэргийлээд 3-4 нас хүртэл нь зутан хоол өгөөд л байвал зажлах, залгих чадвар нь буурна. Энэ мэт жижиг үйлдлүүд хэл яриа, авиа зүйн хөгжилд нөлөөлж байдаг. 

Гэр бүлийн амьд харилцаа ба хүүхдийн хөгжил

Энэтхэг Улсын Анагаах ухааны хүрээлэнгээс гаргасан 2026 оны судалгаанд дэлгэцийн хэрэглээ хүүхдийн хэл ярианы хоцрогдол үүсэх гол хүчин зүйл болж буйг онцолжээ. Зургаан сартайгаас эхлээд 5 хүртэлх насны хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ ба хэл ярианы хөгжлийн холбоо хамаарлыг судалсан тус судалгаанд дурдсанаар өдөрт гурваас дээш цаг дэлгэц ширтдэг энэтхэг хүүхдүүдийн 28.4% нь хэл ярианы хоцрогдолтой байгааг тогтоожээ. Мөн дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх тусам хүүхэд аав ээжтэйгээ ярилцах, тоглох, амьд харилцаа багасаж, улмаар хэлд орох үйл явц удааширдаг болохыг тайлбарласан байна.

Хэл ярианы хоцрогдлоос урьдчилан сэргийлж чадаагүй бол насан туршдаа авиа зүйн согогтой буюу бидний хэлж заншсанаар хэл ярианы бэрхшээлтэй болох эрсдэлтэй байдаг аж. Харин энэ хор уршгаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн, үр дүнтэй арга зам бол гэр бүлийн амьд харилцааг сайжруулах, хүүхдээ байгальтай ойр, нийгмээс тусгаарлахгүй өсгөх явдал юм. Тоглох, үлгэр сонсох, төрөлх хэлээрээ ярилцах үедээ хүүхдийн танин мэдэхүй, ярих чадвар хамгийн сайнаараа хөгждөг тул өдөрт дор хаяж 15 минутыг үр хүүхдэдээ зарцуулж байгаарай. 

Сэтгүүлч Б.Нарангэрэл

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

“Дэлгэцийн хэрэглээ хүүхдийн хэл ярианы хөгжилд... | Posted