Б.Ундрах: Намайг дөрвөн чиргүүлтэй трактор жолооддог гэхээр хэн ч итгэдэггүй юм


Нар сар, салхи бороонд тэжээгдсэн Монголын уудам талд амьдрал соёолон буй. Хүн, хөрс хоёрын чимээгүй холбоо, олон хүний хөдөлмөр, ур ухаан, сэтгэл зүтгэлийн үндсэн дээр үржил шимт тариа, ногоо ургаж, нам гүм тариан талбайн цаана цаг хугацаа, нарийн тооцоолол нуугдаж байдаг ажээ. Энэ бүхнийг анзаарч, хөрсийг оношилж, амьдрал ургуулж байдаг хүмүүс бол агрономичид билээ. Тиймээс бид эх орныхоо хөрсөнд эрүүл, аюулгүй хүнсийг тарьж ургуулж яваа цөөн хэдэн эмэгтэй агрономичдын төлөөлөл болох агрономич Б.Ундрахыг энэ удаагийн БИДНИЙ НЭГ буландаа урьж, амьдралын нандин түүхээс нь хуваалцлаа.
Биднийг дотогш ороход зочин маань аль хэдийн ирчихсэн уулзахаар товлосон газрынхаа орчинтой танилцан сууж байв.
- “Сайн байна уу. Та удаан хүлээсэн үү?
- "Үгүй дээ, эгч нь өөрөө л цагаасаа түрүүлээд ирчихлээ. Энэ ямар гоё газар вэ. Бага насыг минь санагдуулчихлаа” хэмээн дотночлон ярилцах хар үстэй, өндөр нуруутай, турьхан биетэй хэдий ч дөрвөн чиргүүлтэй трактор жолоодон өргөн талбайд салхи татуулан давхидаг энэ бүсгүй бол Болдбаатарын Ундрах байлаа.
2005 онд Хүүхдийн байгууллагын 80 жилийн ой тохиож, Сүхбаатарын талбай баярын уур амьсгал, хүүхэд багачуудын хөл хөөрд дарагдсан байлаа. Мянган хүүхдийн парадыг шууд дамжуулж, үсээ хоёр хуваан сүлжин, хувцсаа ганц ч үрчлээгүй болтол нь индүүдэн өмсөж, улаан бүч зангидсан хүүхдүүдийн цангинасан дуу хоолой талбай дүүрэн сонсогдон байсан тэр өдөр миний хувьд мартагдашгүй дурсамж болон үлджээ. Би чинь хөтлөгч хүүхдүүдийн эгнээнд багтан, төрийн тэргүүнд рапорт өгчхөөд гүйж явсан хүн шүү дээ.
“Тэр үед гэрийнхэн маань намайг сэтгүүлч мэргэжилтэй болгохыг хүссэн ч “үгүй ээ, би агрономич болно” гээд тас гүрийчихсэн” хэмээх түүний хүүхэд ахуй насны дурсамжаар бидний ярилцлага эхэлсэн юм.
“Би агрономич болно…”

Манай аав агрономич, эмээ маань малын эмч мэргэжилтэй. Хоёулаа улсдаа хэрэгтэй мэргэжлийг эзэмшиж, Орос улсад сурч төгссөн хүмүүс байдаг юм. Тухайн үед улсын томилгоо гээд хаашаа яв гэнэ, тэнд нь очдог байсан үе шүү дээ. Аав минь Төв аймгийн Баянчандмань суманд цэргийн аж ахуйд ерөнхий агрономичоор ажиллаж байгаад, дараа нь Жаргалант суманд очоод тэндээ суурьшсан. Удалгүй ардчилал ч гарч манайх хувиараа аж ахуй эрхэлж эхэлсэн юм. Тэр үеэс хойш манай гэр бүл өөрсдийн хөдөлмөрөөр бүхнийг эхнээс нь босгосоор өдийг хүрсэн дээ.
Анх аав минь сумандаа ганцаараа шахуу тариалан эрхэлдэг байсан бол одоо манай сум улсын хэмжээнд төмсний зах зээлийн 50-60 хувийг хангадаг болтлоо өргөжин тэлсэн байна. Өөрийн мэддэг, чаддаг бүхнийг бусадтай харамгүй хуваалцаж, хамтдаа хөгжинө гэдэг ямар чухал болохыг би ааваасаа үлгэрлэж өссөн гэж боддог юм.
Би багаасаа л их эршүүд хүүхэд байсан юм шиг санагддаг. Хүн багадаа үзэж харж, дурлан сонирхож өссөн зүйлээ зорилго болгочихдог юм билээ. Эрх дураараа трактор унаад давхих таалагдсан юм уу, эсвэл ургац хураах үеийн бужигнасан уур амьсгал таалагдсан юм уу, сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан “агрономич болно” гэдэгтээ бат итгэлтэй л явдаг хүүхэд байлаа.
“Намар ганцхан өдөр ‘Ургацын далай’ дууг сонсох гэж бид ингэтлээ зовдог юм байх даа…”
Аав ээж маань хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг мөртөө хүүхдүүдээ дээд боловсролтой болгоно гээд хотод байр авч, биднийг тусад нь гаргасан юм. Тэр үед гэнэт л “би агрономич болно” гээд гэрийнхнийгээ цочтол хэлчихсэн. “Хотод байж, өөр олон сонголт байхад яагаад заавал энэ мэргэжлийг сонгож байгаа юм бол” гэж гайхсан байх л даа. Анх мэргэжлээ сонгоход нэлээн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Насаараа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт зүтгэж, сайнтай муутай бүхнийг биеэрээ туулж мэдэрсэн учраас аав ээж минь намайг ядрах вий, зовох вий л гэж бодсон хэрэг.
Би социализм, ардчиллын зааг дээр байх үеийн хүүхэд байхгүй юу. Тэр шилжилтийн үед хөдөлмөрч гэр бүлийнхээ ачаар миний хүүхэд нас дэндүү жаргалтай өнгөрсөн дөө. Эмээ маань малын эмч учраас цөөн тооны хэдэн малтай, харин аав агрономич болохоор хашааны энэ тэнд жимс, ногоо алаглаад л ургадаг байлаа. Тэгээд ээж маань болсон жимс, ногоогоо хураагаад амттай гэж жигтэйхэн чанамал, даршилсан ногоо бэлддэг, зарим үед бүр талх, бялуу ч барьдаг байлаа. Тэгж хүнээс гуйхгүй, хоосон хонохгүй амьдарсан болохоор бид амьдрал угаасаа л ийм байдаг юм байна гэж бодоод өсчихсөн. Гэтэл хүн болгон ижил заяа туулдаггүй гэдгийг том болсон хойноо ойлгож эхэлнэ шүү дээ. Тиймээс өвдөж, өлсөхийн зовлонгүй өсгөсөн аав ээждээ баярлаж явдаг даа.

Талбай дээр болдог үйл явц, трактор комбайны дуу, хэдэн зуун оюутан цэрэг ирээд дуулж хуурдаад, ургацаа хураагаад л, хөлс, шороотой хамаагүй бөөндөө суугаад оройн хоолоо идээд, өдөр нь болсон хөгжилтэй зүйлээ ярьж инээлддэг тэр л дотно мэдрэмж, дунд ангийн арван хэдтэй охин байхдаа “хүн ер нь хүнс үйлдвэрлэж, мал өсгөж, мал, газар тариалан хоёрыг хослуулж явах хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгож байсан тэр л үе намайг энэ мэргэжил рүү эргэлт буцалтгүй ороход нөлөөлсөн байх.
“Ядарсан, шантарсан, эргэлзсэн үе өчнөөн байсан ч энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Тариаланчид тэгж ярьдаг юм. “Намар ганцхан өдөр ‘Ургацын далай’ дууг сонсох гэж бид ингэтлээ зовдог юм байх даа” гэж. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхнээ дүгнэж бодоод алдсан ч, оносон ч ургацаа хурааж чадлаа гээд зогсож байх ч урамтай шүү” хэмээх түүний яриаг чих тавин сонсохдоо сэтгэл дотроо намар цагийн өнгийг дурсан суулаа. Хүнд хэцүү гэж хойш суухын оронд агрономич мэргэжлийн сайхныг олж харж, хөдөлмөрч аавынхаа мэргэжлийг өвлөж авахаар эргэлт буцалтгүй шийдэн их сургуулийн босгыг алхсан түүний оюутан насны дурсамжаар хамтдаа аялцгаая.
“Тэнд л бид амьдралынхаа найзуудыг олж, хөдөлмөрт суралцаж, нэг нэгнээ хайрлаж сурсан…”
Оюутан насны хамгийн мартагдашгүй дурсамж бол мэдээж ангиараа ургац хураалтад явдаг байсан үе. Ангиараа автобусанд суугаад л, заримдаа бүр ЗИЛ-45-ын тэвшин дээр ачигдаад л Агропарк руу явдаг байлаа. Явахаасаа өмнө мэдээж бэлтгэл ажлаа базааж тогоо шанагаа зохицуулж, хүнсээ цуглуулна, хэн хэн юу хийхээ ярилцаж хуваарилна. Хөвгүүд нь охидынхоо хүнд ачааг үүрч, бүгдийнх нь юмыг зөөж өгнө, харин охид нь нөгөөхөө эмхэлж цэгцлээд, хоол ундаа бэлдэнэ. Тэгээд ангиараа бараг нэг айл болж хамтдаа амьдарч, хамтдаа хөдөлмөрлөж сурдаг байлаа.
Багш нар өглөө эрт “босоорой” гээд л дуудна. Хуваарь нь таарсан хүүхдүүд эртлэн босоод хоол цайгаа бэлдээд, ихэнхдээ сүүтэй цай, боорцогтой идээд л ажилдаа гарна. Гэхдээ тэрнээс өмнө хэн нь, хэдийг идэх вэ гээд л баахан тооцоо хийнэ шүү дээ. Өдөр нь яаж ажлаа амжуулах вэ гээд л бүгдээрээ ярилцаж тохироод орой нар жаргахтай зэрэгцээд л дуусдаг. Тэр үед хоол цай бага байсан ч бидэнд өлсөх мэдрэмж төрдөггүй байлаа. Тухайн үед маш их ажилтай, хэцүү юм шиг санагддаг байсан ч одоо эргээд харахад хөөрхий шалихгүй л зүйл хийдэг байсан юм билээ.

Өдрийн бүх ядаргаагаа мартаад, орой жижигхэн түүдэг гал асаагаад, бүгдээрээ тойрч суугаад гитартай дуулаад л, асуулт хариулт тоглоод, заримдаа зүгээр яриад л сууцгаадаг байсан үе хамгийн сайхан нь. Өмнө нь нэг их дотно биш байсан хүүхдүүд хүртэл аягатай хоолоо хувааж идээд, сав дамжлаад усанд явахдаа бие биетэйгээ илүү ойртож дотносдог байлаа. Хэн нь юунд илүү сайн, юу хийж чаддаг, ямар зан араншинтай вэ, гэдэг нь аяндаа тодроод л гараад ирнэ. Нэг нь хоол хийхдээ сайн бол нөгөө нэг нь төмс хураахдаа сайн байх жишээний. Тэндээс л бид амьдралынхаа найзуудыг олж, хөдөлмөрт суралцаж, нэг нэгнээ хүндэлж хайрлаж сурсан юм даа.
Нэг дурсамж ерөөсөө мартагддаггүй юм. Би гал тогооны ажлаас илүү талбайн ажилдаа сайн байсан юм. Нэг өдөр гал тогооны хуваарь таараад, ангийнхан Цогоо гээд хүүтэй усанд явах болов оо. Би нэлээн өндөр харин манай Цогоо жоохон намхан болохоор ус дамжилж яваад нөгөө тал руугаа хазайгаад, Цогоог тэр чигт нь норгочихсон. Тэгээд бөөн инээдэм болоод “энэ Ундрах ёстой бүтэхгүй ээ” гэсээр нэгийгээ усан хулгана болгочихсон хоёр амьтан ирж билээ. Энэ мэт жаргалтай, гунигтай олон мөчүүд оюутан насны минь хамгийн нандин дурсамж болон үлджээ.
“Тариан талбай миний амьдралын сургууль болсон”
Тариан талбайд намрын сэрүүн салхи сэвэлзэж, газрын хөрсөн дээр хяруу унахтай зэрэгцэн үеийн залуустайгаа гар нийлэн ажиллаж, алдаж онож явсан түүний оюутан ахуй нас харвасан сум шиг шуугин оджээ. Оюутан явсан цаг өчигдөрхөн юм шиг санагдавч өнөөдөр тэр хойч үедээ газар тариалангийн ажлын ур ухаан, хөдөлмөрийн үнэ цэнийг сургаж явна.
Тариан талбай миний амьдралын сургууль болсон юм. Оюутан байхдаа ургац хураалтад явна гэдэг нэг талаараа биднийг ажилд сургадаг, нөгөө талаараа амьдралд сургадаг байлаа шүү дээ. Тиймээс бүх зүйлд би биш бид гэдэг сэтгэлээр хандаж сурсан юм шиг санагддаг юм. Нэгийнх нь ажил дуусаагүй байвал “гялс дуусгая” гээд л нэгэндээ туслаад бөөндөө хамжиж байгаад ажлыг бол гялалзуулдаг байлаа.

Харин одоо бид өөрсдөө аж ахуй эрхлээд оюутнууд авчраад зааж сургадаг, ажиллуулдаг болсон байна. Одоо бол бидний үе шиг тогоо шанагаа чирээд л, машин дээр ачигдаад ирэхгүй шүү дээ. Автобусанд суугаад л тохитой тухтай яваад ирэхэд нь байр, хоол нь бэлэн байдаг. Тиймээс хүүхдүүд хувийн бэлтгэлийг хангаад л ирэхэд хангалттай болсон цаг үе.
Эхний хэдэн өдөр бол мэдээж хүүхдүүдэд хэцүү санагдана. Ядарна, шантарна, зарим нь бүр гомдоллоно. Тэр үед нь учирлаж хэлэх үе ч бий, хатуурхаж зэмлэх үе ч бий. Гэхдээ хүүхдүүд маань хэд хоногоос ажлын хэмнэлдээ ороод дасаад ирэхээрээ өөрсдөө ойлгож эхэлдэг юм. Анх бол “яагаад би үүнийг хийх ёстой юм” гэж хэлдэг байсан хүүхдүүд дараа нь “нээрэн л бид хийх ёстой юм байна, энэ ажил надад хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгоод буцдаг юм.
Тиймээс ч манай аж ахуй дээр ирсэн оюутнууд дан ганц ажил хийж байгаад л буцдаг биш эндээс өөртөө, өөрийнхөө амьдралд хэрэгтэй чадваруудыг олж мэдээд, сураад буцаасай л гэж хүсдэг юм. Тэгээд хүүхдүүддээ байнга шахуу үглэнэ. Хөвгүүд бол гар хөлөө гэмтээчихгүйхэн шиг ядаж нэг нүх ухаад шон босгоод, мах эвдээд, сурчих. Охид бол нэг чүдэнз зураад гал асаагаад, цай буцалгаад сурчих. Ирээдүйд аав, ээж болоод гэр бүлээ авч явах хүмүүс шүү дээ. Одооноос хариуцлагатай байж жижиг гэлтгүй энэ мэт зүйлийг сураад авчих гэж үргэлж захидаг даа.
Агрономич гэж хэн бэ?
Мэргэжлийн дипломоо гардан авч, ХААИС-ийг улаан дипломтой төгссөн шинэхэн төгсөгч ажлын анхны гараагаа аавынхаа тариалан дээрээс эхлүүлэхээр шийджээ. Дөрвөн жил номын дуу сонсож, уулыг өргөж, усыг эргүүлэх хэмжээний зориг зүрх, хүсэл тэмүүлэлдээ шатаж явсан залуухан агрономич охин ажлын байран дээрээ гараад олон жилийн туршлагатай агрономич аавынхаа асуусан гурван асуултад бүдэрч багагүй зэмлүүлж байсан түүхтэй ажээ. Гэвч санаснаас тэс өөрөөр угтаж авсан тэр бодит байдал түүнийг юу ч тохиолдсон бай бууж өгдөггүй, тэсвэр хатуужилтай нэгэн болгож өөрчилсөн гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Би агрономич гээд хэлэхээр хүмүүс их хэцүү ажил хийдэг юм байна гэж ойлгоод хүндээр хүлээж аваад байдаг юм. Энгийнээр тайлбарлахад агрономич бол эмч л гэсэн үг. Агрономич хүн хөрсийг оношилно, шинжилнэ, ямар тариа ногоог хэзээ, хаана, хэрхэн тарьж ургуулах вэ гэдгийг нарийвчлан тооцоолж шийддэг. Мөн агрономи шинжлэх ухаан гэдэг утгаараа бид энгийн тариаланч хүнтэй харьцуулахад аль болох тогтвортой ургац авдаг байх шаардлагатай тулгардаг.
Өнгөрсөн үетэй харьцуулахад өнөөдөр манай улсад газар тариалангийн салбар хурдацтай хөгжиж байна. Урьд нь ихээхэн гар ажиллагаа шаарддаг байсан ажлуудыг одоо техник, технологийн тусламжтай илүү хурдан, үр ашигтай байдлаар шийдэж чадаж байна. Жишээлбэл, бид өргөст хэмх зэрэг нарийн арчилгаа шаарддаг таримал ногоонуудыг хүртэл жилийн дөрвөн улиралд дотооддоо тариалж, хоол хүнсний хэрэглээгээ хангах боломж бүрдсэн нь энэ салбарын хөгжил аль түвшинд явааг харж болох юм. Мөн аймаг, сум, баг бүрд өрхийн болон үйлдвэрлэлийн тариалангийн аж ахуй бий болж байгааг харахад сайхан байдаг даа.
Гэвч залуучуудын дунд газар тариалан, мал аж ахуйн салбар хар бор ажил хийдэг, хэцүү гэх хэвшмэл ойлголт одоог хүртэл байгаад харамсаж явдаг. Үнэн хэрэгтээ энэ мэргэжлийг эзэмшсэн хүн хэзээ ч хоосон хонохгүй, төмс, ногоо, мах дуусчихлаа одоо яах вэ гэж наад захын энгийн хэрэглээндээ санаа зовохгүй амьдардаг байхгүй юу. Ирээдүйд эрэлттэй, нийгэмд хэрэгтэй, тогтвортой ажлын байртай болъё гэж бодож байгаа залуустаа хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжлийг сонгоорой гэж зөвлөмөөр байна.
Уйланхай төмс…

Төмсийг хүн шиг зан ааштай гэж ярьдаг юм. Мэдээж шинжлэх ухааны үүднээс бол төмс инээж, уйлахгүй л дээ. Энэ зүгээр тариаланчдын хоорондоо ярьдаг үг хэллэг юм. Хавар тарилтын үеэр оройдоо гэнэт хүйтрэх, эсвэл намрын хураалтаар төмс шөнөдөө хөлдөх тохиолдол элбэг. Тэгээд хөлдсөн төмс нар гарахаар хайрагдсан хэсэг нь гэсээд, дотроосоо шүүс ялгаруулдаг. Түүнийг нь бид “төмс уйлж байна” гэж хэлдэг. Харин эрүүл, гэмтээгүй, сайн хадгалагдсан төмсийг “инээж байна” гэж ярьдаг байхгүй юу.
Нөгөө талаасаа төмсний амьдралын мөчлөг өөрөө их сонин. Намар хурааж аваад зооринд хадгалахад төмс амардаг. Өөрөөр хэлбэл, биологийн хувьд тайвшралын үедээ ордог гэсэн үг. Өвөлжин унтаж байгаад хавар дулаарахаар “сэрээд”, соёолж эхэлнэ. Тэр үед нь нарны гэрэлд гаргаж, соёололтыг нь идэвхжүүлээд дараа нь хөрсөнд тарьдаг. Энэ бүх процессыг хараад байхаар төмс яг идэж, унтаж, сэрдэг амьд зүйл шиг санагдах нь аргагүй шүү дээ. Хамгийн чухал нь “уйлсан” төмсийг ялгаж бусдаас нь салгах маш чухал. Хөлдсөн төмс хадгалалтад орвол бусдыгаа амархан муутгадаг эрсдэлтэй. Шуудай дотор нэг л уйлсан буюу хөлдүү төмс байхад бусад эрүүл төмсөө ялзруулах эрсдэлтэй байдаг.
Ер нь тариалангийн ажил өөрөө байгальтай маш ойр байдаг учраас ургамал, хөрс, цаг агаар гээд байгальтайгаа нэгэн бие болж уусаж, харилцаж, мэдэрч ажиллах хэрэгтэй. Хөрсийг хүртэл амьтай гэж хүндэлж, зөв арчилж, шим тэжээлийг нь нөхөж байж ургацаа авдаг. Хүн ядардагтай адил хөрс ч бас ядардаг юм шүү дээ. Тиймээс яг л хүн шиг хайрлаж, хүндэлж харьцвал байгаль дэлхий эргээд бидэнд арвин ургац өгч, үржил шимээ харамгүй өгдөг гэж боддог доо.
“Манай ээж цэргээ аваад явсан”

Оюутны ширээнээс агрономич мэргэжлийг эзэмшээд гарсны дараа амьдралд минь олон шинэ эргэлт гарсан гэж хэлж болох юм. Ажил мэргэжил, гэр бүл зохиох, ээж болох гээд л монгол эмэгтэйчүүдэд энэ бүхэн бараг нэгэн зэрэг эхэлдэг шүү дээ. Ээж болсны дараа хүүхдүүд маань жоохон байхад ажлаа харьцангуй зохицуулах боломжтой юм шиг санагддаг байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүүхдүүд ч сургуульд орж, бүх зүйл жинхэнэ утгаараа ээж хүний нуруун дээр ирдэг юм билээ. Гэрийн даалгавар, сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн хүмүүжил гээд үр хүүхдэдээ илүү анхаарч, цаг гаргах шаардлагатай тулгардаг ч талбайн ажил намайг хэзээ ч хүлээхгүй шүү дээ.
Аз болоход тариаланч гэр бүлд төрж өссөн учраас аав ээж, ах дүүс маань миний ажлыг ойлгож хүлээж авч үргэлж тусалдаг байсан нь надад маш том түшиг тулгуур болж байлаа. Харин өөр амьдралд өссөн хүнтэй гэр бүл болбол энэ мэргэжлийн онцлогийг ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг жоохон амаргүй. Удаан хугацаанд тариан талбай дээр ажиллаж, хөдөө олон хоногоор явах, цаг наргүй ажиллах нь гэр бүлийн харилцаанд сорилт болох нь мэдээж. Эхнэр, ээж хүний үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрөх үе ч бий. Тиймээс энэ мэргэжил эмэгтэй хүнээс тэсвэр тэвчээр, их золиос шаарддаг юм.
Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гэр бүлийнхэн маань намайг, миний ажил мэргэжлийг илүү ойлгож эхэлсэнд баярладаг юм. Хүүхдүүд минь миний ажлын үнэ цэнийг мэдэрч, ойлгож, ээжээрээ бахархаж байгаа нь надад маш их урам зориг өгдөг. Зун оюутан цэргүүдээ аваад талбай руу явах үед манай охин жоохон ч байсан, ангийн багшдаа “манай ээж цэргээ аваад явсан” гээд хэлчхэж л дээ. Тэгээд багш нь надаас “та цэргийн хүн юм уу” гэж асууж байж билээ. Хүү, охин хоёрынхоо бахархал болж, хөдөлмөрийн үнэ цэнийг өөрөө биеэрээ үлгэрлэж явах нь миний үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж боддог доо.
Ямар ч ажил мэргэжилтэй байлаа гэсэн ойлгож хүлээж авч, тусалж дэмждэг гэр бүлтэй байна гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй үнэт зүйл ажээ. Охиныхоо бахархал болж, зөв үлгэр дуурайл үзүүлэн, хайрлаж өсгөсөн охин нь ч ээжийнхээ ажлын нарийн нандин зүйлсийг ойлгож, бахархдаг гэдэг нь илт байлаа. Учир нь бидэнтэй холбогдож “ээж маань эмэгтэй хүн гэхэд өөртөө баймгүй их хүчтэй, том тракторыг ганцаараа жолооддог…” хэмээн бидэнд ярилцлага авах санал тавьсан хүн бол түүний охин байсан юм. Тэр чин сэтгэлийн хүсэлтийг манай редакц хүлээн авч энэ удаагийн уулзалтыг товлон, нэгэн хөдөлмөрч ээжийн түүхээс ийнхүү хуваалцаж суугаа билээ.
Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй ээ…
Агрономичийн үүрэг хариуцлага гэдэг нярав, нягтлангийн ажлаас дутахгүй, аж ахуйн хамгийн гол ачааг үүрч явдаг. Ургац ганц хүний хөдөлмөрийн үндсэн дээр биш, байгаль цаг уур, техник, хүн хүч гээд олон хүчин зүйлсийн үр дүнд бий болдог учраас байнга инээгээд л ургацаа хураагаад байна гэж байхгүй шүү дээ. Зарим жилд бүх хүчээ дайчлаад ургацынхаа талыг алдах үе ч байна. Харин зарим жил нь цаг нартай уралдан, өдөр шөнөгүй хөдөлмөрлөсний үр дүнд арвин их ургац хураах азтай мөчүүд ч тохиолдоно. Нэг өглөө босоод ирэхэд л хүйтэн хяруу уначихсан, эсвэл аадар цутгаад бүтэн жилийн хөдөлмөр талаар өнгөрөх үе ч цөөнгүй бий. Тиймээс газар тариалангийн ажилд цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй зүйл. Бид нэг цаг, минут, бүр нэг секундийг ч алдалгүй хөдөлмөрлөж байж зорьсон зорилгодоо хүрдэг улс.

Агрономич хүн зөвхөн ногоо, тариа тариалаад зогсохгүй заримдаа засварчин, хааяа борлуулагч, бүр жолооч, тогооч ч хийнэ. Залуу байхад талбай дээр бүх хүн завгүй байхад “би хийж чадахгүй, надад туслаач” гээд аливаа ажлаас хойш суухыг хүсээгүй юм. Тэгээд л “би трактор жолоодож чадахгүй” гээд хүн гуйж зогсоохын оронд өөрөө сурчихъя гэж шийдсэн дээ. Тэгээд аавд хэлсэн чинь “унаж үхэх чинь дутаа юу” гээд зөвшөөрөөгүй юм. Сүүлд аав төв яваад эзгүй байх хооронд нэг жолооч ахыгаа шалсаар байгаад заалгаж, эцэст нь унаж сурсан даа. 20 гаруй жил хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажилласан гэхээр хүмүүс итгэдэггүй юм. Нэг гадаа гандаж, дотор хөхөрсөн амьтан л байдаг гэж боддог юм шиг байгаа юм. Тэгээд трактороос ийм турьхан биетэй эмэгтэй үсрээд буугаад ирэхээр эвэртэй туулай үзсэн юм шиг гайхдаг байсан үе бий. Одоо харин ч цаг үе өөр болоод хөдөө над шиг том том машин унаад явж байгаа олон бүсгүй бий л дээ.
“Хавар, зун, намар, өвөл гэлтгүй үргэлжилдэг энэ хөдөлмөрт бэрхшээл их ч, түүнээс сайныг нь олж хардаг нүдтэй байх хэрэгтэй. Тиймээс олдсон цаг хугацаагаа хий дэмий өнгөрөөчихвөл хэчнээн хайран бэ… Ургац авч чадахгүй хүндхэн үе байдаг ч ургацаа амжилттай хурааж, хөдөлмөрийнхөө үр шимийг харах баярт мөч ч тохионо. Яг энэ хоёрын дунд тэнцвэрийг нь олж, сайхныг нь олж харж чадсан хүн л энэ мэргэжлийн жинхэнэ үнэ цэнийг мэдэрдэг юм” хэмээн агрономич мэргэжлийн жаргал зовлонгоос тэрбээр ярилцлагын төгсгөлд хуваалцсан юм.
Бидний эх орон ямар уудам юм бэ. Хаяа тэлсэн тал нутаг, дөрвөн улирлын аясаар амьсгалсан газар шороо минь яасан үзэсгэлэнтэй, хөрс нь ямар эрүүл юм бэ… Аавынхаа мэргэжлийг өвлөн авч, монгол хүнийг эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд ур ухаан, сэтгэл зүрхээ зориулан яваа тэрбээр энэ удаа бидний нэг боллоо. Ярилцлагыг уншиж мөн бидний нэг болсон уншигч танд талархъя!
Сэтгэгдэл