Залуусын орон зай

Э.Номиндарь: Залуучууд тогтвортой хөгжлийн тухай мэдээлэлд ойр байгаасай гэж хүсэж байна

Posted2025.07.087 минут унших
Э.Номиндарь: Залуучууд тогтвортой хөгжлийн тухай мэдээлэлд ойр байгаасай гэж хүсэж байна - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Арга хэмжээний дараагийн хэсэгт “Ногоон ирээдүй” сэдвийн хүрээнд ЦойлогсоZ багийн гишүүн С.Сайнзаяа, Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх захирал, Fulbrighter Э.Номиндарь нар ногоон ирээдүй, тогтвортой хөгжлийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлж, залуусын дуу хоолойг илэрхийллээ. 

Ногоон ирээдүйн талаар олон нийт олон сонссон ч өдөр тутамдаа хэрэгжүүлдэггүй, анзаарахгүй тохиолдлууд олон. Мөн олон улсаас гаргасан уриа эсвэл том компаниудын нийгмийн хариуцлага, төрөөс явуулдаг аян гэх мэт хувь хүний амьдралд төдийлөн холбоо хамааралгүй мэт ойлгогдох нь бий. Тэгвэл ногоон ирээдүй гэх ойлголтыг энгийн бөгөөд бидний амьдралд буйхуйц тайлбарлаж өгөхгүй юу?

Тогтвортой хөгжил, ногоон хөгжил гэх том ойлголтуудыг хамгийн энгийнээр тайлбарлавал тэнцвэртэй хөгжлийн тухай ойлголт юм. Өмнө нь байгаль хамгаалал, хөгжил хоёрыг тусдаа ойлгож, аль нэг нь давамгайлж байж байгаль хамгааллын зорилго биелнэ гэж үздэг байсан. Харин сүүлийн жилүүдэд, ялангуяа 2015 оноос хойш Парисын хэлэлцээр, Тогтвортой хөгжлийн зорилтууд яригдаж эхэлснээр энэхүү хандлага өөрчлөгдөж, эдгээр гурван чиглэл хамтдаа уялдаж хөгжих ёстой гэсэн ойлголт давамгайлах болжээ.

Макро түвшинд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд заавал ногоон шалгуур тавих ёстой гэж үзэх болсон. Харин микро буюу өдөр тутмын түвшинд хүн бүр өдөрт 2,000–3,000 шийдвэр гаргадаг. Жишээлбэл, юу өмсөх, юу идэх, хаашаа явах вэ гэх мэт. Эдгээр шийдвэр бүрд байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна уу, эсвэл эерэг өөрчлөлт авчрах боломж байна уу гэдгийг бодож үзэх шаардлагатай.

Энэ хандлагыг хүн бүр өөртөө хэвшүүлэх нь тогтвортой хөгжлийн үндэс гэж хэлж байна. Жишээлбэл, зуны улирал эхэлж, аялал зугаалгын үе ирж байна. Монгол орон даяар мянга гаруй байгаль хамгаалагч ажилладаг ч аялал жуулчлалын улирлын дараа үүсдэг хог хаягдлыг бүгдийг нь цэвэрлэх боломж хомс байдаг.

Тиймээс залуучууд болон гэр бүлүүд аялал хийхдээ хоггүй, байгальд ээлтэй, ан амьтанд халгүй зам мөрийг дагаж, хүндэтгэлтэй аялж сургах хандлагыг төлөвшүүлэх нь тогтвортой хөгжлийн хамгийн чухал суурь гэж онцолж байна.

Тогтвортой хөгжлийн индекс (SDI)-ийн үзүүлэлтээр 2022 оны байдлаар манай улс 163 улсаас 137-д эрэмбэлэгдэж, Байгаль орчны гүйцэтгэлийн индекс (EPI) -ээр 180-аас 155, Дэлхийн ногоон эдийн засгийн индекс (GGEI) 80-79 зэрэг үзүүлэлтүүдтэй байгаа нь олон улстай харьцуулахад хангалттай хүчтэй, үр дүнтэй гэж үзэхэд хүндрэлтэй байна. Үүний гол шалтгааныг бидэнд тайлбарлаж өгвөл? 

Эхлээд эерэг талаас нь харвал, Монголд тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ахиц дэвшлүүд гарч байгаа. Жишээлбэл, бодлогын баримт бичгүүд, судалгаа шинжилгээний ажлууд, хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа илүү тогтолцоотой болж, компаниуд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалыг хамарсан тайлан гаргадаг болсон.

Мөн олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс "ногоон" эсвэл "хүртээмжтэй" төслүүдэд л хөрөнгө оруулах чиг хандлага давамгайлж байна. Ялангуяа залуус, эмэгтэйчүүдэд чиглэсэн, нийгмийн үр нөлөөтэй төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

Гэхдээ үнэхээр бодит өөрчлөлт гарч байгаа эсэхийг үр дүнгээр нь л хэмжих ёстой. Бид тогтвортой хөгжлийн индексүүдээрээ дэлхийн түвшинд хараахан ахиж чадаагүй байна. Агаарын бохирдол, хотжилт гэх мэт асуудлууд хэвээр.

Э.Номиндарь: Залуучууд тогтвортой хөгжлийн тухай мэдээлэлд ойр байгаасай гэж хүсэж байна нийтлэлийн зураг

Миний харж байгаагаар хамгийн том бэрхшээл нь зорилт, төлөвлөгөө, хэрэгжилтийн уялдаа дутмаг байгаа явдал. Бодлогын түвшинд “ногоон барилга барина” гэж заасан атлаа, хэрэгжих үедээ энэ шаардлагад нийцэхгүй байх жишээтэй. Жишээ нь, хуульд барилгын нийт талбайн 30% нь ногоон байгууламж байх ёстой гэсэн байхад Улаанбаатар дахь барилгууд энэ шаардлагад хэр нийцэж байна вэ?

Энэ бол зөвхөн мэдээллийн асуудал биш, бодлогын хэрэгжилтийн уялдаа, хариуцлагын тогтолцооны асуудал юм.

Мөн хүмүүс байгаль орчны асуудлыг "сонголт" гэж харахаа болих хэрэгтэй. Бидэнд хоёр дахь дэлхий байхгүй. Эдийн засаг, үйлдвэрлэл, өдөр тутмын амьдрал бүгд байгалийн нөөцөөс шууд хамааралтай. Цэнгэг ус байхгүй бол хүн орших боломжгүй, уул уурхайн салбар ч ажиллах нөхцөлгүй болно.

Тиймээс эдгээр уялдаа холбоог бүх түвшинд ойлгож, шийдвэр гаргах түвшинд бодитоор тусгах нь чухал. Би сүүлийн гурван жил эдийн засгийн форумын байгаль орчны салбарын хэлэлцүүлэгт оролцож байгаа. Миний санал бол эдийн засгийн форумын бүх салбар хуралдаан ногоон хөгжлийг тусгаж ярих ёстой. Ингэж байж бид тогтвортой, ногоон эдийн засаг руу шилжих бодит суурийг тавьж чадна.

Одоогоор энэ уялдаа, ойлголт, хэрэгжилт нь хангалттай түвшинд биш байна гэж бодож байна.

Энэ хүрээнд олон улс, төр, хувийн хэвшил, олон нийт зэрэг оролцогч талуудын хамгийн үр дүнтэй болон сайжруулах шаардлагатай талуудыг та юу гэж харж байна вэ?

Хувийн хэвшлийн оролцоо, олон улсын байгууллагуудын дуу хоолой тодорхой түвшинд шийдвэр гаргалтад хүрч чаддаг болсон. Харин залуучуудын дуу хоолойг илүү хүчтэй, тогтвортой хүргэх шаардлага одоо улам нэмэгдэж байна.

Гэхдээ манай залуус үнэхээр идэвхтэй, манлайлагч болж байгаа. Сүүлийн жишээгээр харвал, Засгийн газрын түвшний томоохон өөрчлөлт, шинэчлэлүүдэд залуус л гол үүрэгтэй оролцож, манлайлсан. Энэ бол үнэхээр сайшаалтай.

Гэхдээ одоо бид яаж энэ залуучуудын хүчийг илүү нэгтгэж, үр нөлөөтэй болгох вэ гэдгийг бодох хэрэгтэй. “Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа” гэдэг шүү дээ. Тиймээс залуучуудын дуу хоолойг нэгтгэж чаддаг нэгдсэн платформууд илүү хөгжих хэрэгтэй байна.

Ийм платформууд бий болсноор залуус бидний санал бодол, хэрэгцээ шаардлага бодлого шийдвэр гаргах түвшинд илүү хүчтэй, илүү системтэй хүрэх боломжтой болно гэж харж байна.

Үүнтэй уялдуулаад, нээлттэй байдал, ил тод байдал маш чухал. Жишээ нь, Засгийн газар дөрвөн жил тутамд солигдоход мөрийн хөтөлбөрөө шинэчилж, танилцуулдаг. Тэр үед яг өнөөдрийн энэ мэтээр Засгийн газрын гишүүд залуучуудтай нэг өрөөнд сууж, “Бид ийм төлөвлөгөөтэй байна” гэж нээлттэй танилцуулдаг, залуус ч асуултаа асууж, санаа бодлоо хэлдэг оролцооны талбар бий болгох хэрэгтэй.

Ийм орчин бүрдвэл иргэний нийгэм, ялангуяа залуусын оролцоо бодитоор нэмэгдэж, илүү үр дүнтэй хөгжил рүү хамтдаа урагшлах боломж бүрдэнэ гэж бодож байна.

Залуусын хамтдаа ногоон ирээдүйг бүтээхэд хамгийн чухал 1-2 оролцоог юу гэж харж байна вэ. Залуусыг та ногоон ирээдүйтэй холбоотойгоор ямар өөрчлөлтөд уриалах вэ?

Юуны өмнө би хоёр зүйл дээр уриалмаар байна. Нэгдүгээрт, залуучууд байгаль орчин, нийгмийн асуудал болон тогтвортой хөгжлийн тухай мэдээ мэдээлэлд ойр байгаасай гэж хүсэж байна. Энэ нь зөвхөн байгалиа хамгаалах оролцооны тухай асуудал биш, бас хувь хүний карьерын өсөлт, боломжийн тухай юм. Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн салбарт дэлхий даяар маш олон ажлын байр, боломжууд бий. Энэ чиглэлээр мэргэжилтнүүдийг бүх салбарт эрэлхийлж байна. Тиймээс мэдлэг мэдээлэлтэй, идэвхтэй, байнга суралцдаг залуус энэ салбарт оролцоход бэлэн байх хэрэгтэй.

Э.Номиндарь: Залуучууд тогтвортой хөгжлийн тухай мэдээлэлд ойр байгаасай гэж хүсэж байна нийтлэлийн зураг

Хоёрдугаарт, би өөрийн ажлын байрнаас багахан мэдээлэл өгье. Би одоогоор "Монголын Байгалийн Өв Сан" нэртэй, байгаль орчны чиглэлд төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг сангийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай сан нь эхний ээлжинд 60 сая ам.долларын гадаад санхүүжилттэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Бид ямар чиглэлд анхаарч байна вэ гэвэл, дэлхий даяарх туршлагаас харахад байгаль орчинд хамгийн их үр өгөөжтэй хоёр чиглэлд хөрөнгө оруулалт хийдэг.

Бодлогын орчны сайжруулалт — жишээлбэл, зүгээр мод тарихаас илүү ойн салбарын бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлбэл илүү тогтвортой үр дүнд хүрдэг.

Залуучуудад хөрөнгө оруулах — залуусын мэдлэг мэдээллийг сайжруулах, тэднийг энэ салбарт оролцуулахад чиглэсэн хөрөнгө оруулалт хамгийн урт хугацааны, үр өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт байдаг. Энэ бол олон улсын түвшинд нотлогдсон судалгаатай ойлголт.

Тиймээс манай сан 9-р сараас эхлэн байгаль орчны чиглэлд залуучуудын оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд буцалтгүй тусламж буюу грант олгох шинэ хөтөлбөр эхлүүлэх гэж байна.

Танд баярлалаа.

Холбоотой нийтлэлүүд