Залуусын орон зай

Хэвлэлийн эрх чөлөөг “ноороглох” гэж үзээд байна уу?

Posted2025.03.185 минут унших
Хэвлэлийн эрх чөлөөг “ноороглох” гэж үзээд байна уу? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог.мн сайтын албан өрөөнд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, долоон ажилтныг нь саатуулж, мэдүүлэг авсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд буй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн хурлын үеэр тус сайтын сэтгүүлч болон өмгөөлөгчид өглөө.

О.Уламсайхан: Биднийг баривчилж явахдаа ямар нэгэн үндэслэл танилцуулаагүй

“Бид өчигдөр орой буюу гуравдугаар сарын 17-ны орой ажлынхнаараа компьютер тоглоом тоглоод сууж байсан. Энэ үед Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бидний байршлыг мэдэх боломжгүй үедээ олж ирсэн. Ирээд бидний бүх холбоо барих хэрэгслийг хурааж авсан. Тухайн үед бидэнд өмгөөлөгчтэйгөө холбогдох хүсэлт тавьсан боловч саналыг хүлээн аваагүй. Биднийг баривчилж явахдаа ямар нэгэн үндэслэл танилцуулаагүй. Та хэдийн хийдэг ажилтай холбоотой гэж хэлсэн. Биднийг 19.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах үндэслэл дээр прокурор руу баривчлах хүсэлт илгээж, тухайн хариу иртэл бид өмгөөлөгчтэйгөө холбогдож чадахгүй хүлээсэн. 

Энэ газар би өмнө ирж байсан. Ирэх ирэхдээ шинэ жилийн баярын өдөр ирж байсан. Арван хоёрдугаар сарын 30-ны өдөр над руу залгасан. Залгах бүрдээ ажлын бус цагаар залгаж, ямар үндэслэлээр шалгаж байгаагаа хэлдэггүй байсан. 

Хэвлэлийн эрх чөлөөг “ноороглох” гэж үзээд байна уу? нийтлэлийн зураг
“Энэ нөхцөл байдлаас үүдээд 18 хоног гэх баримтат киногоо гаргаж чадах эсэхээ мэдэхгүй байна”

Бидний киноны эвлүүлэг дуусаагүй байгаа. Бидэнд сонгуулийн булхайг хууль бусаар бичиж авсан дэлгэрэнгүй дүрс байхгүй. Гэхдээ тухайн киноны агуулга нь сонгууль Монгол Улсад ямар хууль бус болдгийг хангалттай харуулсан байгаа. 

"Ноорог" бол шинэ, залуу баг. Бидэнд сонгууль маш чухал үйл явдал байсан. Бид сурталчилгааны хугацаанд аль нэг нэр дэвшигч эсвэл намыг биш, энгийн зургаан хүнийг дагаж ажилласан. Ингэхдээ бид киногоороо тухайн тойрогт ухуулагч нар яаж ажиллаж байна, сонгогчдын боловсрол ямар байна гэдгийг л харуулах гэж зорьсон.  Бид кино хийх шийдвэрээ маш богино хугацаанд сарын дотор гаргасан. Сонгууль бодит байдал дээр яаж болдгийг хараат бусаар гаргахыг зорьсон. Ийм кино бидэнд байх юм бол дараа дараагийн сонгуульд хэрэгтэй юм болов уу л гэж үзсэн. Бид киногоо бүтээхдээ одоогийн байдлаар 80 орчим сая төгрөг гаргасан. Үүний 36 сая нь олон нийтийн хандиваас боссон.

Бидэнд гомдол гаргагчийг хэлсэн. Гомдол гаргагч нь чатаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, бидний хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэж мэдүүлсэн байгаа юм. Тэр хүнийх нь нэр зохиомол байсан. 

Манай оффисоос хураасан эд зүйлсийн жагсаалтыг бидэнд өгөөгүй. Гар утас, хувийн эд зүйлсийг хурааж авсан. Зарим хүнээс утасных нь кодыг асууж байгаад, хувийн мэдээллийг нь харсан. Хоорондоо юм ярихыг хүртэл хориглосон

Гаднын санхүүжилт, тролл баг, Эрүүгийн хуулийн 19.9.1 гэх хууль заалт зэргийг биднийг айлгахын тулд ашиглаад байгаа юм шиг санагдаж байна. Эдгээр төрлийн мэдээ мэдээллүүдэд шүүлтүүртэй хандаасай гэж хүсье гэв.”

Тэдний өмгөөлөгчид юу ярив?

“Мөрдөн шалгах ажиллагааны явцад процессын хэд хэдэн зөрчил гарч байна”

Хэвлэлийн эрх чөлөөг “ноороглох” гэж үзээд байна уу? нийтлэлийн зураг
Өмгөөлөгчдийн хувьд “Эрүүгийн хуулийн 19.9.1 зүйл заалтыг үндэслэлгүй гэж харж байна. Арванхоёрдугаар сарын 31-ны өдөр манай үйлчлүүлэгч энэ газар төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой “мийм” тавьсан гэх үндэслэлээр ирсэн. Энэ удаа бол иргэний гомдлоор ирлээ. Энд процессын хэд хэдэн зөрчил гарч байна. Тухайлбал, залуусыг ПС тоглоомын газар тоглож байхад нь ирж баривчилсан. Тэдний байршлыг яаж мэдэж очсон бэ гэдэг нэг зөрчил. Хоёрдугаарт, прокуророос зөвшөөрөл аваагүй байна. Шалгаж буй үндэслэлийн дагуу үүссэн нөхцөл байдал байхгүй.

Гэрчээр мэдүүлэг өгөх ёстой байсан хүмүүс сэжигтнээр мэдүүлэг өгч таарлаа. Яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа гэр оронд үзлэг хийх, цагдан хорих, хувийн баталгаа авах зэрэг арга хэмжээ рүү шилжих нөхцөл байдал үүсэх учиртай.

Үйлчлүүлэгчдээс 19.9.1 дэх зүйл заалтын үндэслэлээр мэдүүлэг авсангүй. Энэ зүйл заалт харьяаллын дагуу Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст харьяалагддаг зүйл биш. Тагнуулын ерөнхий газар болон өөр субъектэд харьяалагддаг. 

Мөн сая хэвлэлийн хурал зарлахаас өмнө нууцын баталгаа дээр гарын үсэг зуруулах гэсэн тохиолдол гарлаа. Хэрэв тэнд гарын үсэг зурсан бол бид ингээд мэдээлэл өгөх боломжгүй буюу амыг нь таглах нь гэж оролдож байна. Гэтэл хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй тохиолдолд энд гарын үсэг зурж болохгүй” гэж мэдээллээ.

Яагаад шөнөөр баривчлаад байна вэ? 

Хэвлэлийн эрх чөлөөг “ноороглох” гэж үзээд байна уу? нийтлэлийн зураг

Тэднийг өнгөрсөн шөнө баривчилсан. Шөнө оройн цагаар гэнэт баривчилж, саатуулах явдал улам л гаарсаар. Сэтгэл зүйн болон улс төрийн талаас үүнийг хэдэн янзаар тайлбарлаж болно. Эхлээд улс төрийн үүднээс авч үзэцгээе. Үүнийг улс төрийн авторитар хяналтын онолоор тайлбарлаж болох юм. Хэвлэлийн эрх чөлөө сул орнуудад эрх баригчид олон нийтийн хяналт, эсэргүүцлээс зайлсхийхийн тулд шөнийн цагаар ихэвчлэн баривчилгаа хийдэг. Хэрэв өдрийн цагаар болбол мэдээж эсэргүүцэл нэн тэргүүнд тулгарна. Түүнчлэн баривчлагдсан тухайгаа нэн даруй онлайнаар мэдээлэхээс сэргийлж зарим баривчилгааг шөнө оройн цагаар нууцаар хийдэг аж. Харин сэтгэл зүйн үүднээс харвал бие махбодын амрах цаг буюу хамгийн тайван, эмзэг үед баривчилгаа хийснээр өөрийгөө хамгаалах боломжийг хязгаарлах юм. Энэ мэт шалтгаанаар гэгээн цагаан өдрөөр биш шөнө дөлөөр гэнэт баривчлах үйл ажиллагаа зохион байгуулах тохиолдол байдаг байх нь.  

Уг асуудал бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? 

Нухацтай сэтгэлгээ номын зохиогч С.Өнөр 

Нухацтай сэтгэхэд логик хамаарлыг сайн ойлгохоос гадна, ашиглаж буй эх сурвалж чухал юм. Сайн эх сурвалж, сайн сэтгэх хоёр нэг нэгнээ орлох бус, хоршдог. Улс төр, нийгмийн харилцаанд мэдээллийн хэрэгслүүд нэг дор төвлөрөх, эсвэл бие даасан мэдээллийн хэрэгслийг хязгаарлаж эхэлбэл мэдээллийн найдвартай байдал, чанар эрс мууддаг. Энэ үед хэчнээн сайн логиктой байсан ч, олж авч буй хязгаарлагдмал мэдээллийн хүрээнд гажуудалтай сэтгэхэд хүрдэг. Энэ маш аюултай. Хэтийдсэн түвшиндээ очвол тоталитар дэглэмийн үзэл суртлын хэрэгсэл болтлоо гүнзгийрдэг. Эрх чөлөөт нийгмийн суурь нь нухацтай сэтгэдэг иргэд төдийгүй, хэвлэл мэдээлэл нээлттэй, чөлөөтэй байх ёстой. Хэвлэл мэдээллийг боомилох, хязгаарлах, эрх мэдэлтний хяналт дор төвлөрүүлэх нь нухацтай сэтгэлгээний хоёр том баганын (эх сурвалж + логик сэтгэлгээ) нэгийг нурааж байгаатай адил. 

Хуулийн цоорхойг дөнгө болгож ашигласаар байх уу? 

Хэвлэлийн эрх чөлөөг “ноороглох” гэж үзээд байна уу? нийтлэлийн зураг

“Хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа нээгдээгүй учраас зүйл анги тодорхойгүй” хэмээн “Ноорог” сайтын өмгөөлөгч мэдэгдсэн. Харин үндэслэл болгон баривчилсан хэмээн цахим орчинд түгээд буй Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангийг харваас өнөөх л хоёрдмол утгатай, хуулийн цоорхой гэж болохуйц заалт аж. Ихэнх тохиолдолд засгийн газрууд "үндэсний аюулгүй байдалд заналхийлэх" эсвэл "худал мэдээлэл тараах" гэх мэт тодорхойгүй утгатай, ерөнхий хуулийг ашиглан шүүмжлэгчдийн амыг хаах нь бий. Тухайлбал, 2024 онд тагнуулын хэргээр долоон жилийн хорих ял авсан сэтгүүлч Дун Юйюгийн хэрэг үүний нэг жишээ юм. Сэтгүүлч Дун гадаадын дипломатчидтай харилцаж буйг Хятадын эрх баригчид тагнуул гэж дүгнэн баривчилсан нь хоёрдмол утгатай хууль ашиглан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилсон тод жишээ болсон билээ. 

Энэ талаар эрх зүйч, лектор Ч.Сайхнаа ийнхүү ярилаа.  

“Ноорог-ийн үйл ажиллагаа иргэд бидэнд нээлттэй, ил тод харагддаг онцлогтой. Ийм байтал тэднийг буруутгасан нь үндэслэлтэй эсэхэд эрх зүйч мэргэжилтэй төдийгүй хүний эрхийн ойлголттой хүн бүр эргэлзэж бас айж байна. Магадгүй энэ үйлдлээр дамжуулан төрийн эрх мэдлийг хэтрүүлэх, дарангуйллын өнгө аяс манай улсад бий болсныг ч харуулж байж болзошгүй.” 

-“Ноорог”-ийн хийж байгаа сонгуулийн тухай баримтат киноноос болж баривчиллаа гэж их ярьж байна. Мөн сонгуулийн пропогандаг харуулсан баримтат киноны гол материалыг хадгалсан 14 терабайтын хоёр хардыг хураасан хэмээн Ноорог.мн сайтын Гүйцэтгэх захирал О.Уламсайхан хэлсэн.  Хэрэв хэн гэдэг нь тодорхойгүй фейсбүүкийн чатаас биш сонгуулийн тухай киноноос болж баривчилсан бол олны хүртээл болоогүй зүйлээс болж баривчлах нь зөв үү? 

-Бодитой үйлдэл шаардах учиртай. Үйлдлээс нь хор уршиг үүссэн эсэхээр шийдвэрлэгдэнэ. Тухайн хэргийн хувьд хуулийн заалттай холбогдох хор уршиг учирсан байж баривчилж болно. Хэрэв киноноос болсон бол агуулга нь ямар болохыг зөвхөн “Ноорог”-ийн хамт олон л мэднэ. Ийм байтал баривчлах нь буруу.  

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө байгаа юу?

Хүн төвтэй нийгмийн хамгийн чухал үзүүлэлт нь хэвлэлийн эрх чөлөө мөн. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл бол иргэдийн итгэл найдвар. Учир нь тэднийг мэдээлэлтэй байлгаж, өмнөөс нь эрх мэдэлд хяналт тавьдаг нийгмийн чухал ухагдахуун билээ.

Тэгвэл манай улсын хэвлэлийн эрх чөлөө ямар байгаа талаар нэгдсэн ойлголттой болъё.

МАНАЙ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР ТАВАН БАЙР УХАРСАН

Хэвлэлийн эрх чөлөөг “ноороглох” гэж үзээд байна уу? нийтлэлийн зураг

Монгол Улс “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн шалгуур болох улс төр, эдийн засаг, хууль тогтоомж, нийгэм, аюулгүй байдлын нийлбэр үзүүлэлтээр 2021 онд 71.03 оноогоор 180 улсаас 68 дугаарт эрэмбэлэгдэж байсан. Гэвч 2024 онд бүх үзүүлэлтээр огцом ухарч 51.34 оноогоор 180 улсаас 109-т эрэмбэлэгджээ.  

2025 оны хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт хараахан гараагүй байгаа юм. Ямартай ч Улс орон болгонд өөрийн гэсэн хэвлэлийн эрх чөлөөний индекс /Worldwide Press Freedom Index/ бий. Тэрхүү индекс нь Олон Улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” /Reporters Without Borders/ Төрийн Бус Байгууллагаас дэлхийн 180 орчим орны хэвлэлийн эрх чөлөөний оноонд үндэслэн жил бүр эмхэтгэн нийтэлдэг улс орнуудын ангилал юм. Та дээрх өгүүлбэрийн линк дээр дарах аваас өөрийн улсын нөхцөл байдлыг мэдэж болно. Хэр бага оноотой байна тэр хэрээрээ хэвлэлийн эрх чөлөө өндөр байгаа гэсэн үг. 

ТЭГВЭЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН ТОХИОЛДОЛ ЭНЭ ОНД ГАРСАН УУ?

Глоб Интернэшнл төвөөс хийсэн “Хэвлэлийн эрх чөлөөний тайлан” 2024 онд мөн цахимд нээлттэй нийтлэгджээ. Тус тайлангийн “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад тулгардаг асуудлууд” гэсэн хэсэгт Сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад хамгийн их тулгардаг асуудлын нэгдүгээрт “мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг” гэж 59 хувь нь хариулав. Харин “шүүх, цагдаа, прокуророос дуудах” гэж 31 хувь, “Утасны яриа чагнах, бичлэг хийх” гэж 16% нь тус бүр хариулсан байгаа аж. 

Тэгвэл энэ онд мөн ийм төрлийн хоёр тохиолдол гарсан байна. Тодруулбал, 

Asu.mn сайтын сэтгүүлч Х.Уранцэцэгийг амралтын өдөр гэрт нь очиж мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудас өгсөн гэх. Энэ талаар тус сэтгүүлч цахим хуудастаа “Амралтын өдөр гэрийнхэнтэйгээ хуушуур хийж, инээлдээд сууж байтал гэнэт машинтай цагдаа ирж “МӨРДӨГЧИЙН ДУУДАН ИРҮҮЛЭХ ХУУДАС” өгч амгалан тайван байдал сарнин алга болов. Хөгшин аавын минь даралт ихсэж, ээж минь хоолоо хийх ээ больж хоёр хүү минь хүртэл сандралдав” хэмээн нийтэлжээ. 

“Ноорог” медиагийн найман ажилтныг урд шөнө 06.30 цаг хүртэл байцааж, оффист нь нэгжлэг хийн, хувийн гар утас болон техник хэрэгслийг хураан авсан. Эл асуудалтай холбоотойгоор тус судалгаанд утасны яриа чагнах, бичлэг хийх 16%, техник технологид халдах /вирус тараах/ 9, хууль бусаар баривчлах 7%, хувийн онлайн орон зайд халдаж, мөрдлөг хийх, хакдах 7% зэрэг үзүүлэлтүүд гарсан байгаа юм. Тэгэхээр уншигч танаас ахин асууя бидэнд хэвлэлийн эрх чөлөө бий юу?

Уг нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй. хэмээн заасан байна. 

Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын эрх ашгийг ямар субъект хамгийн их зөрчдөг вэ? гэсэн асуултад 386 хүний 58 хувь нь “эрх мэдэл бүхий албан тушаалтнууд” гэж хариулсан нь анхаарал татахуйц байгаа юм. Үүнээс лавшруулбал хууль сахиулагчид 26 хувьтай зөрчдөг хэмээн хариулжээ. 

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол таны миний бидний үг хэлэх, мэдээ мэдээлэл олж авах эрх чөлөө гэсэн үг. Тиймээс бид энэ төрлийн асуудалд таныг өөрийн үнэлэлт дүгнэлтээ хийнэ гэж үзээд зөвхөн судалгаа тоо баримтыг дэлгэн харуулж буй нь энэ юм. Ямартай ч Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны нэгдүгээр сарын 24-нд  УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Эл хуультай бид сайтар танилцаж ойлгох нь эхний ээлжид өөрийнхөө төлөө хийж буй хамгийн чухал зүйлсийн нэг болж таарах билээ. 

Сэтгүүлчид: Б.Намуун, Х.Умаахан, Б.Отгонзаяа

Холбоотой нийтлэлүүд