Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг

2026.03.285 минут унших
Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголчууд бид эрт дээр үеэс урлаг, соёлын өндөр хөгжил, мэдрэмжтэй ард түмэн байсаар ирсэн бөгөөд үүнийг сурвалж бичигт нүүдэлчин ард түмний соёл, ёс заншил, үүх түүх, ахуй амьдралыг хадны сүг зургаар тэмдэглэн үлдээсэн байдаг хэмээн онцолсон буй. Балар эртний үеэс, өнөөдрийг хүртэлх цаг хугацааны уртад тасралтгүй хөгжсөөр, монгол ахуй, сэтгэлгээ, гоо зүйн онцлогийг уран дүрслэлээр илэрхийлдэг Монгол зураг өдгөө бие даасан урлагийн салбар болтлоо хөгжжээ.

“Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт бид Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн "BEST OF MONGOL ZURAG" Монгол зургийн үзэсгэлэнгээр зочиллоо. Ийнхүү нүүдэлчдийн амьдралаас өнөөдрийг хүртэлх түүхийг агуулах, монгол зургийн орчин үеийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлээс бүрдсэн үзэсгэлэнгийн хойморт түр саатацгаая.

Өнгөрсөн ба ирээдүй

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг

“BEST OF MONGOL ZURAG” үзэсгэлэнг зохион байгуулахад Монгол зураг нийгэмлэг голлох үүрэг гүйцэтгэжээ. Монгол зураг нийгэмлэг нь анх 2002 онд нүүдэлчдийн уран зургийн уламжлалт өв соёлыг судалж, хамгаалах түүнийг гадаад болон дотоодод сурталчлан таниулах дэлхийн, урлагийн түүхэнд эзлэх байр суурийг тодотгох, Монгол зургийг хөгжүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдаж байжээ.

Бид тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол зураг нийгэмлэгийн тэргүүн, МУЭ-ийн гишүүн зураач Ш.Тамиртай цөөн хором ярилцаж энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог болон Монгол зураг нийгэмлэгийн тухай тодруулсан билээ. Тэрбээр “Энэ удаагийн үзэсгэлэнгээрээ бид хүүхэд, залуусаас эхлээд ахмад уран бүтээлч хүртэлх бүх үеийнхнийг хамруулахыг зорьсон бөгөөд энэ зорилгодоо ч хүрч чадсан гэж бодож байна. Хойч үеэ бэлтгэх нь бидний хувьд нэн чухал учраас залуу уран бүтээлчид маань ахмад үеийнхнээсээ суралцаж, харин туршлагатай уран бүтээлчид залуучуудтайгаа хөл нийлүүлэн алхаасай гэж хүсэж байна. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд залуу уран бүтээлчид түлхүү оролцсонд баяртай байгаа” гэсэн юм.

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
Монгол зураг нийгэмлэгийн тэргүүн, МУЭ-ийн гишүүн зураач Ш.Тамир

Тус үзэсгэлэнд туршлагатай уран бүтээлчдээс эхлээд дүрслэх урлаг, уран зургийн мэргэжлийн сургуулийн оюутнуудын бүтээл хамт дэлгэгдсэн нь шинэлэг үзэгдэл байсан юм. Тэндээс бид өнгөрсөн үеийн хэв шинж, зурах арга барил, илэрхийлэл зэрэг одоо үед хэрхэн хувьсан өөрчлөгдөж, ирээдүйд Монгол зургийн төрөл түлхүү хаашаа чиглэх болсныг харьцуулан харах боломжтой бодит орчин бүрдсэн байлаа.

“BEST OF MONGOL ZURAG” үзэсгэлэнд шалгарсан залуу уран бүтээлчдийн баярыг хуваалцахаар ирсэн найз нөхөд нь цөм мэргэжлийн ангийн оюутнууд байв.  Хүсэл сонирхол, зорилго нэг залуус нэгнийхээ амжилтаар бахархахын сацуу бусад уран бүтээлчдийн бүтээлтэй танилцан өөр хоорондоо мэргэжлийн яриа өрнүүлж, шаардлагатай тохиолдолд уран бүтээлчидтэй уулзаж, сонирхсон зүйлээ шууд асууж байсан нь Монгол зургийн ирээдүй гэгээлэг байгааг илтгэх шиг. 

Монгол ондоошил

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг

Монгол зургийн зохиомж, өнгө, хэлбэр дүрс, сэдэв агуулгын талаар “Монгол зураг зохиомжийн хувьд задгай юм шиг боловч орон зайн хувьд маш хийсвэр бөгөөд цаг хугацааны хувьд одоо, өнгөрсөн, ирээдүйг нэгтгэн нэг хавтгай дээр олон үйл явдлыг хүүрнэн багтааж бэлгэдэлт дүрсүүдээр гаргаж өгдгөөрөө ихээхэн өвөрмөц байдаг. Өнгөний хувьд монгол газар нутгийн байгаль дахь өнгөнүүд голлох бөгөөд голдуу дулаан тослог хурц өнгөнүүд ноёрхоно” хэмээн Монгол зураг нийгэмлэг 2012 онд өөрсдийн блог хуудаснаа тэмдэглэн үлдээжээ.

Монгол зураг нь өрнийн зураг, тэр тусмаа азийн зургаас эрс ялгаатайгаас гадна Монгол зургийн уран бүтээлчид ч мөн адил дахин давтагдашгүй оршихуйтай. Тэдний бодол мэдрэмж, амьдралыг харах өнцөг нь тэс өөр. Иймд монгол зургийн орчин үеийн шилдэг гучин уран бүтээлчийн 60 гаруй бүтээлээс бүрдсэн уг үзэсгэлэнгийн амин сүнс болсон онцлох уран бүтээлчидтэй үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдэл, уран бүтээлийнх нь талаар ярилцах завшаан тохиосон юм.

“... 54 өөр хүнийг дотор нь туйлын сайн, туйлын муу гэж хуваах боломжгүй”

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
МУЭ-ийн гишүүн зураач Г.Гэрэлхүү

- Юун түрүүнд 61 дэх удаагийн Венецийн биенналийн наадамд оролцохоор болсонд тань баяр хүргэе. Монгол зургийн үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач. 

Энэ удаагийн "BEST OF MONGOL ZURAG" үзэсгэлэнг уран зураг сонирхогч, оюутан, мэргэжлийн уран бүтээлч гээд бүх хүнд нээлттэй зохион байгуулсан нь үнэхээр сайхан санагдлаа. Монгол зураг бол бидний үндэсний урлаг, соёлын өв гэдгийг ойлгож, мэдэрч цаашид өвлөн авч явах залуус маань энэ үзэсгэлэнд идэвхтэй оролцсонд маш их баярлаж бас бахархаж байна.  

Миний хувьд энэхүү үзэсгэлэнд “Хэрээнүүд” бүтээлээрээ оролцож байна. Хэрээнүүд бүтээл бол ойролцоогоор 8 жилийн өмнө санаа нь гарч 2023-2024 оны хооронд хийгдсэн ажил. Нийт 94 цуврал ажил хэдий ч одоогоор Монголд байгаа нь 54 ширхэг байна. Бусад хэсэг нь гадаадад үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа.

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
"Хэрээнүүд" (Crows) 54ш, бэх, цаас

- Яагаад “Хэрээнүүд” гэж?

2007 онд дэлгэцнээ гарч байсан “Crows Zero” Японы уран сайхны киноноос санаа авч энэхүү нэрийг өгсөн.  Түүнээс гадна хэрээ гэдэг амьтан орон орны хувьд муугийн ч илэрхийлэл болдог, сайны ч илэрхийлэл болж чаддаг амьтан шүү дээ. Хэрээнүүд бол бодит хүмүүсээс санаа авч гаргасан бүтээл. Эдгээр бодит дүрүүд маань ч гэсэн тухайн үедээ муу, сайн хэмээн нэрлэгдэж явсан хүмүүс байгаа. Гэхдээ яг энэ бүтээлд байгаа 54 өөр хүнийг дотор нь туйлын сайн, туйлын муу гэж хуваах боломжгүй. Би өөрийнхөө харах өнцгөөс л гаргасан илэрхийлэмж учраас тухайн хүнтэй таарамжгүй харилцаатай байсан ч гэсэн шүүмжлэх талаасаа биш дурсамж талаас нь бодож зурсан гэсэн үг. 

Хуяг дуулгатай эртний баатрууд шиг харагдах хэдий ч 54, бүр 94 ширхэг дахин давтагдашгүй өөр хүмүүсийн түүх уг зургийн цаана оршино. Тэр түүхийн эзэд бүр зураач Г.Гэрэлхүүгийн өсвөр насандаа уулзсан хүмүүс бөгөөд тэдний зан ааш, сэтгэл хөдлөл, дүр төрх, гэр бүлийн аж байдал нь хүртэл энэхүү бүтээлд нэвт шингэсэн буй. Ер нь аливаа уран бүтээлийг тогтож харна, үзнэ гэдэг маш чухал. Тэр ч утгаараа та уг бүтээлийг анхааралтай ажиглаж чадвал сайн, муу хэрээг ялган таньж ч болох юм.

“Хязгааргүй өдрүүд”

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
Монгол зураг нийгэмлэгийн үүсгэн байгуулагчдын нэг, МУЭ-ийн гишүүн зураач О.Үржинханд

- Та "BEST OF MONGOL ZURAG" үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээ хуваалцаач. Залуу уран бүтээлчдийн бүтээлийг хараад танд ямар санагдаж байна?

Монгол зураг нийгэмлэгийн анхны гишүүний хувьд энэхүү үзэсгэлэнд оролцох бүрдээ сэтгэл хангалуун байдаг. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж олон хүн, тэр тусмаа залуучуудад хүрч чадаж байгаа нь сайшаалтай. Бидэнд үзэсгэлэнгийн танхимаа дүүргэхэд бүтээл нь хүрэлцэхгүй явсан үе бий. Гэтэл энэ жил зааландаа багтахгүй их бүтээл ирсэн нь Монгол зургийн хөгжил шинэ түвшинд гарч байгаагийн тод жишээ болох болов уу.

- Та бүтээлдээ хэр удаан хугацаа зарцуулсан бэ?

Би Монгол зургийн грунтаа хоёр талаас нь боловсруулж зурсан “Хязгааргүй өдрүүд” бүтээлээрээ оролцож байна. Энэхүү бүтээл бий болох явц нь 2021 оноос хойш үргэлжилсэн. Зарим хэсгийг нь уламжлалт шохойгоор татдаг грунт бэлдэх аргаас өөрөөр буюу будааны шүүсээр сууриа бэлдсэнээрээ онцлогтой. Хоёр талд нь зурсан зураг учраас бэлтгэл ажлаас эхлээд чамгүй хугацаа зарцуулсан. 

“Хязгааргүй өдрүүд” учраас өдөр хоногийг цэнхэр өнгөөр илэрхийлэхээр шийдсэн юм. Орчин үеийн техник технологи, дижитал ертөнц зэргийг уг бүтээлдээ тусгаж, Монгол зургийн аргыг орчин үетэй хослуулж зурсан байгаа.

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
"Хязгааргүй өдрүүд" даавуу темпера

Үзэсгэлэнгийн дэглэлтийн шийдэлд сандал нэмж өгсөн нь тун сонирхолтой. Модон сандал ч биш улаан сандал байсан нь цэнхэр өдрүүдтэй уусаад тун тансаг харагдаж байв. Энэ талаар зураач О.Үржинханд хэлэхдээ “Хоёр талаас нь зурсан зураг учраас хүмүүс зөвхөн нэг талыг нь хараад өнгөрөх бус дотор талыг нь ч гэсэн харж үзээд, ажиглаад суугаасай гэж бодсоны үндсэн дээр сандал тавихаар шийдсэн” хэмээн үзэсгэлэнгийн дэглэлтийнхээ шийдлээс бидэнтэй хуваалцсан юм.

“Уран бүтээлч хүний санаа байнгын эрэл хайгуул, амьдралын олон агшин, мэдээлэл, мэдрэмжийн огтлолцлоос төрдөг…”

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
МУЭ-ийн гишүүн зураач Ж.Мөнхжаргал

- Сайн байна уу, Та үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаж, энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй бүтээлийнхээ талаар уншигчдад маань сонирхуулаач?

“Өнгөрсөн болон одоо цагийн уран бүтээлчид нэг дор нэгдэж, өөр өөр цаг үеийн өнгө аяс, сэтгэлгээ хэрхэн огтлолцож байгааг харуулсан нь энэхүү үзэсгэлэнгийн нэг онцлог байх. Цаашид илүү системтэйгээр, Монгол зураг анх үүсэж хөгжсөн цаг үеэс эхлээд бүх цаг үеийн хувьслыг хамарсан цогц үзэсгэлэн гаргавал үзэгчдэд илүү гүн ойлголт өгч чадах байх.

Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа “Долоо” хэмээх бүтээлээрээ өнөөдөр дэлхий даяар анхаарлаа хандуулж буй нэгэн эмзэг сэдэв болох дайны тухай өгүүлэхийг зорьсон. Хүүхэд байхдаа дайныг зөвхөн киноноос хардаг байсан бол өнөөдөр бидний амьдарч буй цаг үед бодитоор өрнөж буй нь өөрөө эмгэнэлтэй атлаа уран бүтээлч хүний хувьд бодол, эргэцүүлэл төрүүлэх хүчтэй сэдэв болж байна. 

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
"Долоо" даавуу, усан будаг

Тиймээс Европт өрнөж буй дайныг христийн шашны долоон нүгэлийн ойлголттой холбон, хүний шунал, уур хилэн, хүсэл тачаал зэрэг ёс суртахууны доройтол хэрхэн дайн руу хөтөлж байгааг илэрхийлэхийг зорьсон юм. Дайны хүнд уур амьсгалыг илтгэхэд хар, цагаан өнгөний шийдэл тохирох байх гэж бодсон. Ер нь уран бүтээлч хүний санаа байнгын эрэл хайгуул, амьдралын янз бүрийн агшин, мэдээлэл, мэдрэмжийн огтлолцлоос төрдөг учраас энэ бүтээл ч мөн адил нэгэн бодит дүрслэлээс улбаалан бий болсон.”

Сонирхуулахад, та уг үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр дэлхийн дүрслэх урлагийн олимп гэгдэх Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн 61 дэх удаагийн биенналь”-д оролцож буй Монгол зургийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг бодитоор үзэх боломжтой юм. Үзэсгэлэн гуравдугаар сарын 31-ны өдөр хүртэл Монголын Урчуудын Эвлэлийн Арт Галерейд дэлгэгдэнэ.

Орчин цагийн Монгол зураг

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг

Монгол зураг сэдэв агуулгын хувьд ардын аман зохиол, түүх соёл, бурхан шашны сэдэвтэй байх нь элбэг бөгөөд хаад ноёдоос эхлээд эгэл жирийн хүмүүсийн аж байдал, нүүдэлчдийн монгол ахуй, нэвт шингэсэн байдгаараа эргэлзээгүй бидний үндэсний урлаг болох юм.

Энэ удаагийн "BEST OF MONGOL ZURAG" үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн дүрслэл нь бодит дүрслэлээс хол, түлхүү хийсвэрлэсэн дүрүүд байхаас гадна уран бүтээлч тухайн дүрээр хэн нэгний дотоод мөн чанарыг илэрхийлэхээр зорьсон нь илэрхий байлаа. 

Бурхан шашны сэдэвт Цагаан, Ногоон дарь эхээс эхлүүлээд эмэгтэй хүний төрх байдлыг шидэт дагина, бүр ад чөтгөрөөр ч дүрслэн буулгасан нь онцгой анхаарал татна. Уран бүтээлчид өнгө, хэмжээ, өгүүлэмжийн хувьд уламжлалт Монгол зургийн хүрээнд хязгаарлагдахгүй эрх чөлөөтэй зуржээ. Ер нь урлаг хэнээс ч, юунаас ч үл хамааран эрх чөлөөтэй байж гэмээ нь урлаг болдог шүү дээ…

Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг
Үзэсгэлэнгийн танхимаас: Монгол зураг, дэлхийн зураг нийтлэлийн зураг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд