"Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч болон технологийн шийдлийг ашиглах боломжтой"


Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал олон жил яригдсаар ирсэн ч бүрэн шийдэлд бид одоог хүртэл хүрээгүй байгаа. Өвлийн саруудад хоёр зуу мянга гаруй өрх нүүрс болон шахмал түлш түлж, гадаа төдийгүй айлуудын доторх орчны агаар ч бохирдолтой, амьсгалын замын өвчлөл, угаартах эрсдэл эрс нэмэгддэг. Энэ асуудал дан ганц агаарын бохирдлын тухай гэхээс илүү эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн тэгш боломж зэрэг олон талын асуудал болж хувирсан байгааг бид бүгд мэднэ.
Монгол Улс жилд дунджаар 250 нарлаг өдөртэй. Энэ нь нарны эрчим хүчийг ашиглах асар их боломжийг харуулна. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэр рүү шилжих болж, зарим улс орон нүүрсний хэрэглээг үе шаттайгаар халж эхэлжээ. Тухайлбал, Герман улс 2038 он гэхэд бүх нүүрсний станцаа хаах, Франц улс 2027 он гэхэд нүүрсний станцуудыг хаах зорилт тавьснаа зарлаад буй.
Тэгвэл Монголд энэ шилжилтийг гэр хорооллын нэг өрхөөс эхлүүлж болох уу? Хэрэв хэдэн арван мянган айл зуух, яндангаа халж, сэргээгдэх эх үүсвэр рүү шилжвэл утаа багасахаас гадна эрчим хүчний найдвартай байдалд чухал хувь нэмэр оруулах боломжтой юу? Мөн энэ чиглэлээр бид ямар ямар шинэ түвшний технологийг ашиглах боломжтой юм бэ? Энэ талаар бид Techweek 2025 болж байгаатай холбогдуулан URECA компанийн “Coal-To-Solar” төсөл хариуцсан захирал Г.Төвшинтэй ярилцсан юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 80 айлд нарны эх үүсвэрт дулаан цахилгааны системийг суурилуулж, амжилттай болоод байгаа аж.
“Монгол гэрт амьдардаг өрх жилдээ дунджаар 13–15 тонн хүлэмжийн хий ялгаруулдаг”
Төсөл маань гэр хороололд нүүрс түлдэг айлуудыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх энгийн зорилготой. Ер нь сэргээгдэх эрчим хүч өөрөө нэг их шинэ сэдэв биш. Бараг малчин айл болгон л гадаанаа нарны тольтой. Гэхдээ яг дулаан болон халаалтаа сэргээгдэх эрчим хүчээр шийдэх нь, тэр дундаа Улаанбаатарын нөхцөлд асуудал хэвээр байна.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бид “Coal-to-Solar” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслөө бид сүүлийн гурван жил туршаад, амжилттай болчихлоо. Одоо бол түгээж, олон нийтэд хүртээмжтэй болгоё гэдэг байр суурьтай байна.
Өнөөдөр хоёр зуу гаруй мянган өрх Улаанбаатар хотод нүүрс болон шахмал түлш түлж байна. Хүйтний улирал бүр л агаарын чанарын тухай асуудал яригддаг. Гэтэл агаарын чанарын асуудлыг шийдэх гээд үзэхээр нийгэм, эдийн засаг, уур амьсгал, шилжилт хөдөлгөөн гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тэгэхээр бид энэ асуудлыг хамгийн түрүүнд дулаан халаалтын өнцгөөс харж, шийдэх гарцыг эрж байна л даа.

Одоогоор 80 айлтай амжилттай хамтарч, зуухыг нь сэргээгдэх эрчим хүчний системээр сольсон. Үүнд дотор дулаан нөөцлүүртэй халаагуур, нарны толь гэх мэт энгийн шийдлүүд байгаагаас гадна төхөөрөмжүүдийг хэрхэн ухаалаг болгох, хооронд нь хэрхэн уялдаа холбоотой ажиллуулдаг болгох вэ гэдэг дээр төвлөрч байна. Жишээ нь, бүх үйл ажиллагааг нь зайнаас хянадаг болгож, яаж энэ системийг илүү найдвартай, ухаалаг болгох вэ гэдэг дээр анхаарч байна.
Түүний үргэлжлүүлэн ярьснаар монгол гэрт амьдардаг нэг өрх жилдээ дунджаар 13–15 тонн хүлэмжийн хий ялгаруулдаг байна. Тэгэхээр тэр айлууд нүүрс, шахмал түлш түлэхээ больчихвол энэ хэмжээний хүлэмжийн хийн ялгарал шууд буурч байгаа гэсэн үг шүү дээ.
“2024 онд Азийн сангаас сэргээгдэх эх үүсвэрт шилжсэн айлууд болон шилжээгүй айлуудын дотор орчны агаарыг харьцуулан судалсан”
Судалгаагаар зуухтай, нүүрс болон шахмал түлш түлдэг айл болон “Coal-to-Solar”-т шилжсэн буюу сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж буй айлын ялгаа маш тодорхой гарсан. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж эхэлсэн айлын доторх агаарын чанар нь гурав дахин илүү цэвэр байсан. Нэг гудамжинд, бүр хөрш зэргэлдээ шахуу айлууд, нөгөө талаас гадаад орчны PM2.5-ын хэмжээ 100-аас давчихсан нөхцөлд доторх орчны агаарын чанар нь эрс ялгаатай байсан гэсэн үг.

Үүний үр дүнд хэд хэдэн чухал ач холбогдол харагдаж байгаа юм. Нэгдүгээрт, угаартах эрсдэл багасч байгаа юм. Хоёрдугаарт, харьцангуй цэвэр агаартай орчинд байснаараа амьсгалын замын өвчлөл мэдэгдэхүйц буурна гэж ажиглагдаж байгаа.
Азийн сангийн санхүүжилтээр “Breathe Mongolia” ТББ-ын хийсэн судалгааны үр дүнд доторх орчны агаарын чанар ингэж том ялгаатай гарсан нь бидний хувьд ч бас урамшмаар зүйл байсан. Мэдээж, зуух ашиглахгүй болохоор тоосжилт буурна гэдэг нь ойлгомжтой ч бидний төсөөлж байснаас ч илүү эерэг нөлөөтэй юм байна гэдэг нь судалгаанаас харагдсан.
Судалгаагаар хангалттай сайн үр дүнтэй гэдэг нь ийнхүү харагдаж байгаа юм байна. Гэхдээ уншигч танд хамгийн сонирхолтой асуулт энд урган гарна гэж бодлоо. Тиймээс энэ технологи, энэ систем бодит байдал дээр яг хэрхэн ажилладаг талаар тодруулан асуусан юм.
“Айлууд сэргээгдэх эх үүсвэрээр хуримтлуулсан илүүдэл цахилгаанаа төвийн шугамд нийлүүлэх боломж хүртэл байна”
Ерөнхийдөө гадаанаа нарны панельтай, түүгээрээ хуримтлуулсан эрчим хүчээ гэртээ ашигладаг гэсэн үг. Айл өрхүүд төвийн шугамаас цахилгаан авдаг хэвээр, гэхдээ бид нарнаас авч буйг нь, төвийн шугамаас авч буйг нь ялгаж тодорхойлдог. Өвөл бол нарнаас гаргаж авсан эрчим хүчээ дулаан хураагууртай халаагууртаа хураана. Ингэснээр нартай үед дулаанаа нөөцлөөд, нар буусан цахилгааны оргил ачааллын үед нөөцөлсөн дулаанаа ашиглана. Харин зуны улиралд халаалт хэрэггүй тул зөвхөн нарнаасаа цахилгаанаа бүрэн шийдэж, зарим айл илүүдэл эрчим хүчээ төвийн шугам руу нийлүүлэх хүртэл боломжтой болоод байгаа.
Ер нь манай хэрэглээ улирлын шинжтэй. Ихэнх эрчим хүч, эрчим хүчний хэрэгцээ халаалтдаа явдаг учраас халаах шаардлагагүй зуны улиралд айлууд 100 хувь нарнаасаа цахилгаанаа гаргаж аваад, илүүдлээ төвийн шугамд нийлүүлэх боломжтой байгаа юм. Энэ чиглэлийн журам ч саяхнаас хэрэгжиж эхэлж байна.
Манай эрчим хүчний тогтолцооны онцлог нь өөрөө шөнөдөө хэрэглээ бага, харин өдрийн цагаар ачаалал ихтэй байдаг. Тиймээс айлууд батарей, дулаан хураагууртай болсноор оргил ачааллын үед тог тасарлаа гэхэд гэрэлтэй, дулаантайгаа байж чадна. Мөн шөнийн цагаар тогны тариф тэглэсэн үед батарейгаа төвийн шугамаас цэнэглээд, өглөө нар мандахаар панелиасаа эрчим хүчээ шууд аван цэнэглэнэ.

Өөрөөр хэлбэл, айл өрх бүр өөрийн нөхцөлдөө таарсан шийдэлтэй болсон гэсэн үг. Энэ бүхнийг гурван жил туршиж үзсэн. Одоогоор 5-6 айл гурван өвлийг амжилттай давчихсан байна. Үлдсэн 70 гаруй айл нь эхний өвлөө давчихсан. Энэ намартаа бид дахин 80 айлд эрчим хүчний шилжилт хийхээр төлөвлөж байна.
Туршилтын төслийг ерөнхийдөө Азийн сан Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр санхүүжүүлж байсан. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Францын Засгийн газрын санхүүжилтээр жараад айлыг шилжүүлсэн. Эхний шатанд бид туршилтын журмаар ажиллаад, боломжийн юм байна, бүтэх юм байна гэдгийг харуулчихлаа. Одоо аль болох богино хугацаанд олон айлд нэвтрүүлэх ажил бидний өмнө байна, учир нь айл өрхүүд зуух, яндангаа халснаар Улаанбаатарын агаар төдий чинээгээр сайжирна.
-Сэргээгдэх эрчим хүчийг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд санхүүжилтээс гадна технологийн шийдэл, хүний нөөцийн чадавх чухал байж таарна. Энэ тал дээр манай улсын хувьд ямар түвшинд байдаг юм бол?
Технологийн компани гэдэг утгаараа хиймэл оюун ухаан, ухаалаг IoT sensor, блокчэйн зэрэг бол бидний хувьд хийсвэр нэр томьёо биш, өдөр тутмын ажилдаа уялдуулж хэрэглэдэг бодит хэрэгсэл. Тухайлбал, бид бүх мэдээллээ блокчэйн дээр хадгалж байна. Ингэснээр тухайн айл нүүрс түлсэн эсэхийг хэн ч орж ирээд өөрчлөх боломжгүй, ил тод, шилэн данс хэлбэрээр баталгаажуулж байгаа гэсэн үг. Үүнээс гадна, бид бүх үйл ажиллагаагаа зайнаас хянах боломжтой. Жишээ нь, айл өрхийн доторх болон гадаах температур, чийгшил болон бусад үзүүлэлтүүдийг хэмждэг мэдрэгчүүдийн тусламжтайгаар ашиглалт, хэрэглээг хянана.
Манай инженерүүд “machine learning” ашиглаж, эвдрэл гэмтэл гарахаас нь өмнө урьдчилан тооцоолж, шаардлагатай бол очиж шалгана. Ингэснээр алдаа мадаг улам багасаж, системийн найдвартай байдал нэмэгдэж байна. Ихэвчлэн гарсан асуудлын 80-85 хувийг бид технологийн тусламжтайгаар зайнаас шийддэг. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд технологийн шийдэл бидэнд хамгийн том тулгуур болж байгаа гэсэн үг.
Харин хиймэл оюун ухааныг бид 100 хувь ашиглаж байгаа гэж хэлэхгүй ч, өмнө нь маш их гар ажиллагаа шаарддаг байсан ажлуудыг эрс хөнгөвчилж байна. Жишээ нь, айл өрхүүдийг сонгон шалгаруулахдаа газрын зураг дээрээс тухайн айлын орчны сүүдэрлэлт, зуны болон өвлийн нарны тусгал, хашааны хэмжээ, хоорондын зайг тооцоолж, систем суурилуулж болох эсэхийг хиймэл оюун ухаанаар богино хугацаанд шийддэг.
“Сэргээгдэх эрчим хүч Монголд харьцангуй шинэлэг учраас хүний нөөцийн хомсдол их мэдрэгддэг”
Хүний нөөцийн хувьд манай байгууллага гэхэд л олон төсөлд оролцоод явж байгаа ч ердөө 20 хүрэхтэй үгүйтэй хүнтэй. Тэгсэн хэр нь хүн бүр бараг хоёр, гурван хүний ажлыг хийдэг гэж хэлж болохоор. Манай нэг цахилгааны инженер код биччихдэг, лабораторийн ажил дээр ч өөрөө оролцож ажиллаж байна. Мөн суурилуулалт, ашиглалт дээр бараг техникийн ажилтны ажлыг ч давхар хийгээд явж байна. Нөгөө талаас зарим тохиолдолд хиймэл оюун ухааны ачаар цөөн хүнтэйгээр их ажлыг хийж чаддаг гэж ч хэлж болно.
Гэхдээ сэргээгдэх эрчим хүч гэдэг өөрөө Монголд харьцангуй шинэлэг ойлголт учраас хүний нөөцийн хомсдол их мэдрэгддэг. Өнгөрсөн жил бид инженер ажилд авах талаар ярилцахад, МУИС-иас тухайн мэргэжлээр дөнгөж дөрөвхөн оюутан төгссөн байсан. Тэгэхээр Монголд сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн, ер нь инженерийн чиглэлийн мэргэжилтнүүд улам цөөрч байгаа нь ажиглагддаг.
Бидний хувьд электроникийн инженер ч бай, эрчим хүчний инженер ч бай бүгд хэрэгтэй. Харин тухайн хүний өөрийнх нь сонирхол хаашаа байна, юунд илүү дуртай байна гэдгээс нь хамаарч бид тэр чиглэл рүү нь түлхүү дэмжиж, хөгжих боломжийг нь олгоод явахыг хичээдэг.
Эрчим хүчний салбарт технологийн болон түүнийг дагасан хүний нөөцийн нөхцөл байдал ийм байгаа ажээ. Г.Төвшин түрүүхэн технологийн компани гэж байгууллагаа тодорхойлсон тул ерөнхийдөө бидний дижитал шилжилт, энэ талын хөгжлийн талаар сонирхон асуулаа.
“Технологи бүхий л салбарт бидний ажлыг хөнгөвчлөх боломжтой”

Хиймэл оюун ухаан ч бай, блокчэйн ч бай, бусад бидний өдөр тутамдаа хэрэглэдэг системүүд ч бай зөвхөн эрчим хүчний салбарт биш, бусад бүх салбарт ажлыг хөнгөвчлөх боломжтой гэж бид хардаг. Гаднын улс орнуудад пицца хүртэл дроноор хүргээд эхэлчихсэн байхад, манайд одоо болтол бичиг цаастайгаа, заавал гарын үсэг зурдаг хуучин хэв маягаараа л яваад байгаа юм шиг харагддаг. Том дүр зургаар харвал, айл өрх, ААН-үүдээс эхлээд шийдвэр гаргагч нар хүртэл бүгд шинэ технологийг зөв ашигласнаар өртгөө багасгаад зогсохгүй, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөгөө улам нэмэгдүүлэх боломжтой.
Тэгэхээр салбарууд “технологийг манай салбарт яаж ашиглах вэ?” гэхээс илүү нийтээрээ, өдөр тутмын амьдралдаа, ажлынхаа явцад яаж зөв, үр дүнтэй хэрэглэх вэ гэдгээс эхлэх нь зөв юм шиг. Өөрөөр хэлбэл, технологи бидний амьдралд аль хэдийнээ ороод ирчихсэн, одоо зөвхөн түүнийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг дээр төвлөрөх хэрэгтэй гэж бодож байна.
Улаанбаатарт 200,000 гаруй айл нүүрс болон шахмал түлш түлж байна. Хагасыг нь сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж яагаад болохгүй гэж?
Ярилцлагын төгсгөлд сэргээгдэх эх үүсвэрийн ашиглалтын ирээдүйн талаар ямар бодолтой байгааг нь түүнээс асуулаа.
Уншигчид маань энэ бодлыг минь сонсоод “мөрөөдөл шиг юм биш үү?” гэж бодож болох юм. Гэхдээ Улаанбаатарт 200 гаруй мянган айл байна, тал нь сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж яагаад болохгүй гэж? Тэгвэл агаарын бохирдлын тал үгүй болно л гэсэн үг.
Нэгдүгээрт, утааны асуудал эрс буурна. Хоёрдугаарт, өнөөдөр бид эрчим хүчний хүрэлцээг мөн адил ахиулна л гэсэн үг.
Айл өрх бүр батарей, нарны эх үүсвэртэйгээс гадна төвийн шугамд холбогдсон хэвээрээ үлдэх ч оргил ачаалалтай үед ирэх дарамтыг тодорхой хэмжээнд бууруулна. Зуны улиралд бараг төвийн шугамд ачаалал өгөхгүй, өвөлд ч ачааллыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна. Тиймээс 100 мянган айл ийм системд шилжсэн байлаа гэж төсөөлөхөд, агаарын чанар эрс сайжирч, тог тасраад байх эрсдэл ч багасна. Гэхдээ бидний харж байгаагаар бол бодитоор хэрэгжүүлэх бүрэн боломжтой зорилт.