Наурызын баяр: Нарны тэнцлийн өдөр буюу эв нэгдлийн баяр


Хаврын урь орж, өдөр шөнө тэнцэх үеэр казах түмэн Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ бол зөвхөн нэг ард түмний баяр биш бөгөөд харин байгаль дэлхий, хүн төрөлхтөнтэйгөө зохицон оршихуйн бэлгэдэл болсон, шинэ амьдрал эхэлж буйг илтгэх онцгой өдөр юм.
Наурызын баярыг дэлхий дахинд Ойрх Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Урлагийн байгууллага) Наурызын баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм.
Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг.
Наурызын баярын утга учир…
Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул иргэн Х.Далайхан

“Наурызын баяр маань нарны баяр гэсэн утгатай. Нарны баярыг “ислам” шашинтнууд эрт үеэс тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдөр “өдөр шөнө” тэнцдэг учир он жилээ шинээр тоолж эхэлдэг учиртай. Нэг ёсны шинэ жил гэсэн үг.
Наурызын баяр нь амьтай бүхэн хөдөлж, аяны шувууд эргэн ирсний бэлгэдэлт өдөр. Нарны баярыг казах ард түмэн монголчууд Цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэдгийн адилаар энэхүү өдрийг ч бас өргөн дэлгэр тэмдэглэдэг. Өдөр, шөнө тэнцдэг энэ өдөр хуучин бүхнээ цэгцэлж, шинэ эхлэлийг угтах нь казах ард түмний зан үйлд гүн гүнзгий шингэсэн байдаг.
Энэ баяр бол эв нэгдлийн бэлгэдэл
Наурызын баяр нь тэмдэглэлт өдөр төдийгүй ахан дүүс, найз нөхөд, хөршүүдийнхээ дотно харилцааг сэргээх, эв найрамдал, хүндэтгэлийг эрхэмлэх баяр юм. Энэ өдөр настан буурлынхаа гэрт айл саахалтаараа цуглаж нэгэн жилийг өнтэй давж, урин хавартай золголоо хэмээн уулзацгаадаг. Энэ өдөр хүн бүр цэвэр цэмцгэр хувцаслаж, бие биетэйгээ найрсаг дотно байдлаар уулзацгаадаг. Ам мурийхыг цээрлэдэг бөгөөд хэрэв өмнө нь гомдсон сэтгэл байгаа бол түүнийгээ хэлж, бие биетэйгээ эв зүйгээ олдог.
Баярын өдөр хүмүүс бие биетэйгээ тэврэлдэн мэндчилдэг бөгөөд баярын гол утга санаа нь хүн бүр бие биедээ элэгсэг, уужуу сэтгэлээр хандах юм.”
Наурызын баярын ёс заншил
“Ардын аман зохиолын домгуудад өгүүлснээр гуравдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө зөн билигт, азын тэнгэр Хызыр өвөө /зарим домогт "Хыдыр өвөө"/ үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэсэж, айл өрхүүдээр зочилдог аж. Тухайн шөнийг "Өлзийтэй шөнө" /Қыдыр түні/, "Наурызын шөнө" гэж нэрлэдэг. "Өлзийтэй шөнө"-ийг угтан айл өрх бүр урьдчилан бүх бэлтгэлээ ханган усанд орж, хувцас хунараа угааж, гэр, хашаа хороо, эргэн тойрноо цэвэрлэн хир буртгаас салдаг. Хүн бүр залбиран шившиж, Хызыр өвөө байж юун магад хэмээн гэртээ ирсэн хүн бүрийг хаан шиг дайлж хүндэтгэдэг байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн С.Абей

“Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хүндэтгэх ялдамд үр хүүхэд, залуустаа эрхэм сургаалаа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг.
Баярын эхний гурван өдөр бие биеийнхээ гэрт зочилж өнгөрөөдөг. Багачууд эхэлж ахмад айлдаа очдог бол дараа нь ахмад буурлаа гэртээ урин залдаг. Ингэснээр үр хойчийн харилцаа, хүндэтгэл улам гүнзгийрдэг гэж үздэг.
Наурызын баярын идээ ундаа
Наурызын баярын хамгийн чухал зоог бол Наурыз көже буюу баярын шөл юм. Энэхүү уламжлалт шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, аарц зэрэг долоогоос доошгүй орцоор бэлтгэх ёстой гэж үздэг. Энэ нь элбэг дэлбэг, эрүүл саруул, аз хийморьтой байхыг бэлгэддэг.
Наурыз көжег том тогоонд чанаж, олон хүнтэй хамт хүртэх нь энэхүү баярын гол заншлын нэг. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эв эетэй, нөхөрсөг байхыг бэлгэддэг. Баярын өдрүүдэд айл бүрийг зорин зочилж, идээ будаа, шөлнөөс амсан, баярын мэндчилгээ дэвшүүлэх тусам илүү өлзийтэй, ерөөлтэй хэмээн үздэг.
Мөн өвлийг өнтэй давсны бэлгэдэл бөгөөд биед шим тэжээл өгч, хаврын улиралд илүү эрч хүчтэй байхыг илтгэдэг” хэмээв.

Наурызын баярын тухай сонирхолтой баримтууд
- Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг аж.
- Наурызын баяраар архи хэрэглэдэггүй ёстой. Учир нь Исламын шашинд архи дарсыг цээрлэдэг бөгөөд бусад идээ будааны дэргэд байж болдоггүй гэж үздэг юм.
- Наурызын баяр тэмдэглэхийг Монголд 1926 оноос хориглож байжээ. Гэхдээ Казах түмэн 1940 он хүртэл тэмдэглэж байсан аж. Хожим нийгэм чөлөөтэй болж уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм.
- Казах хэлэнд гуравдугаар сарыг мөн Наурыз гэж нэрлэдэг байна
- Гуравдугаар сарын 21-ний шөнийг казахууд “Кызырын шөнө” гэдэг. Учир нь өндөр настан Кызыр өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар хэсэж, аз жаргал, буян хишгээ хайрладаг гэж үздэг аж.
- Наурызын шөнө Хызыр өвөөгийн нүдэнд сүү, цагаан идээ, хоол хүнс дүүргэсэн сав өртвөл тухайн онд тус айлын төл мал эсэн мэнд бойжиж, тарьсан тариа нь сайн ургаж ургац арвин байна хэмээн итгэдэг. Тийм учраас иргэд Наурызын шөнө гэртээ байгаа савнуудаа боломжоороо цагаан идээ, булаг, рашааны цэвэр усаар дүүрэн байлгахыг эрмэлздэг.
- Тухайн өдөр долоон бэрийнхээ духан дээр үнссэн эцэг энэ насны жаргалыг эдлэн, диваажинд төрөх гэнэ.
- Наурызын өдөр шинэ ургасан өвс ногоог зулгаах, дэвсэх, мод огтлох, аливаа зүйлийг зүй зохисгүй ашиглах, ан агнах, бүргэдээр ан хийхийг хориглодог.

Энэ баяр нь зөвхөн казах түмний баяр төдийгүй дэлхийн гучаад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн НҮБ-ын тогтоолоор батлагдсан Олон улсын албан ёсны баярын өдөр юм. Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэе! Нарны баяраа сайхан угтаарай.