

Францын нийслэл Парис хотын Луврын музейд хадгалагдах сэргэн мандалтын үеийн их мастер Леонардо Да Винчигийн алдарт Мона Лиза хөрөг зургийг зорин ирэх жуулчдын цуваа хэдэн зуунд тасрахгүй хөвөрсөөр. Дэлхийд “данстай” ховор, үнэт бүтээлийн өлгий болсон тэрхүү музейд ихэнх хүмүүс Мона Лизаг л үзэхээр зорин ирэх нь сонин. “Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт олон зуун жилийн турш таамаглал, маргаан дагуулан ирсэн Мона Лизагийн нууцлаг ертөнцөөр хамтдаа аялцгаая.
500 жил инээмсэглэсэн эмэгтэй
Зураач бүхэн өөрийн төсөөлөл дэх төгс гоо үзэсгэлэнг цааснаа амилуулан, урын сандаа мөнхөлдөг биз. Тэдэн дундаас хатагтай Лиза дель Жоконда шиг энэ олон зуун жилийн түүхэнд хүн төрөлхтний сонгодог урлагийн хэмжүүр болон ой тоонд нь дурайтал хоногшин үлдсэн нь хэд сэн билээ.
1503 оны үед Леонардо да Винчи зургийн жижиг модон хавтан дээрээ тосон будгаар нэгэн эмэгтэйн хөрөг зурж эхэлжээ. Тэр зургийг бид өнөөдөр Мона Лиза гэж нэрлэдэг. 500 гаруй жилийн турш энэ эмэгтэйн эгэл оршихуй дэлхий дахиныг гайхшруулж, эргэлзүүлж, татсаар ирсэн түүхтэй.

Мона Лиза анх музейн бүтээл биш хааны цуглуулгын нэг хэсэг байсан аж. Тухайлбал, 1516 онд Леонардо да Винчи Франц руу нүүж, Францис I хааны урилгаар ордонд ажиллаж эхлэв. Тэр үедээ хамгийн эрхэм бүтээлүүдээ өөртөө авч явсан бөгөөд түүний нэг нь хожим дүрслэх урлагийн тайзнаа од болон гялалзах Мона Лиза байлаа.
1519 онд Леонардо нас барсны дараа Францис I хаан уг зургийг өөрийн цуглуулгад авсан гэж тэмдэглэсэн байдаг. Ингэснээр Мона Лиза Францын хааны өмч болж хоёр зуу гаруй жилийн туршид Фонтенбло, Версал зэрэг ордонд хүний нүднээс далд, хаад ихэсийн хүрээлэлд амьдарсаар Францын хувьсгалын дараа олны хүртээл болжээ.
1793 онд Луврын музей албан ёсоор нээгдэж, Францын хаадын цуглуулга анх удаа олон нийтэд нээлттэй болсон байна. Үүний хамт Мона Лиза ч музейн хананд байрлан, “хааны нууц” байхаа больж, олон нийтийн өмч болж хувирсан аж. Сонирхолтой нь тэр үед музейд Мона Лиза биш илүү том, сүрлэг шашны болон түүхэн зургууд хүмүүсийн анхаарлыг татаж байв.
Дэлхийг шуугиулсан уран зургийн хулгай
Мона Лиза музейн жинхэнэ “од” болсон нь түүний хулгайлагдсан түүхээс эхтэй. 1911 оны наймдугаар сарын 21-ний өглөө Луврын музейд нэг үзмэр дутуу байжээ. Эхэндээ үүнийг хэн ч анзаараагүй аж. Учир нь ажилтнууд зургийг цэвэрлэгээ, зураг авалтын зорилгоор авч явсан гэж бодсон байна. Харин хэдэн цагийн дараа хулгайлагдсан болох нь Франц төдийгүй дэлхий даяар шуугиан тарив. Зургийг хулгайлан одсон Винченцо Перуджа гэх итали эр өмнө нь Луврт ажиллаж байсан бөгөөд музейн дотоод зохион байгуулалтыг сайн мэддэг байж. Тэр даваа гарагт ажилчны хувцас өмсөн дотогш ороод зургийг хананаас салгаж, хамгаалалтын хүрээг нь тайлан, модон хавтанг хувцсан доороо нуугаад гарсан байна. Тэр үед камерын хяналт байхгүйн дээр харуул хамгаалалт сул байснаас үүдэн хэн ч түүнийг шалгасангүй. Перуджа зургийг Парист байрлах жижиг өрөөндөө хоёр жил гаруй хадгалжээ. Хожим түүний ярьснаар тэр зургийг эх орон руу нь буюу Итали руу буцаах ёстой гэж үзэж байсан гэдэг.

Ийнхүү зургийг чемодан дотроо 2 жил гаруй хадгалсны дараа тэрээр Флоренц хотод очиж, урлагийн наймаачинд зургийг санал болгожээ. Наймаачин зөвшөөрч, худалдан авах гэж байгаа дүр эсгэн уг зургийн хулгайг илрүүлсэн байна. Хулгайн үеэр сонин хэвлэл өдөр бүр энэ тухай бичиж, хүмүүс Луврт ирж хоосон ханыг харах болж. Тухайн үед Пабло Пикассо, Гийом Аполлинер нарыг хүртэл сэжиглэн шалгаж байв. Хэдийгээр тэд буруугүй ч энэ явдал урлагийн ертөнцөд ямар том шуугиан тарьсныг үүнээс харж болно. Перуджа шүүх дээр өөрийгөө буруутай гэж хүлээн зөвшөөрсөн ч тэр зургийг эх орондоо авчрах хүсэлтэйгээр уг хэргийг үйлдсэн тул өөрийгөө хулгайч биш гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Италичуудын зарим хэсэг нь түүнийг эх оронч гэж харж байсан ч хууль ёсоор тэр гэмт хэрэгтэн байв. Гэвч тэр ердөө хэдхэн сарын ял авсан аж.
Энэ хулгайн дараа бүрэн бүтэн олдсон Мона Лиза 2013 онд Луврын музейд эргэн ирээд хүмүүсийн зорин ирэх хөлд дарагдсан сод бүтээл болон хувирсан байна. Энэ цагаас л тус зургийн хийц болон түүхийн олон нууцууд тодрон, маргаан үүсгэх болжээ.
Тэр үнэхээр хэн юм бэ?
Мона Лизагийн эргэн тойронд, сонирхогчдын дунд нэгэн чухал асуулт зайлшгүй урган гарч ирдэг. Тэр нь “Бид хэнийг харж байна вэ?”. Харин энэ асуултад хариу хайх оролдлого олон зуун жил үргэлжилж байна.
Судлаачдын олонход нь хүлээн зөвшөөрөгдсөн тайлбар нь энэ эмэгтэй бол Лиза Герардини гэсэн таамаг. Тэр Флоренц хотын дунд давхаргын, язгууртан гаралтай боловч тийм ч тансаг биш амьдралтай эмэгтэй байжээ. Түүний нөхөр Франческо дель Жокондо даавуу, торгоны худалдаачин байсан бөгөөд Леонардо да Винчид эхнэрийнхээ хөргийг зуруулах захиалга өгч байсан аж. “Мона Лиза” гэдэг нэр нь “Madonna Lisa” буюу “Хатагтай Лиза” гэсэн утгатай юм байна. Харин “La Gioconda” гэдэг нэр нь нөхрийнх нь овгоос гаралтай төдийгүй итали хэлэнд “баяр хөөртэй эмэгтэй” гэсэн давхар утгыг илэрхийлнэ. Судлаачид энэ таамгийг батлахдаа нэгэн чухал эх сурвалжид тулгуурладаг байна. 16-р зууны урлагийн түүхч Жоржо Вазари өөрийн бичвэрт Леонардо “Франческо дель Жокондогийн эхнэрийн хөргийг зурсан” гэж тэмдэглэсэн байдаг аж.

Гэвч Мона Лиза үнэхээр Лиза Герардини байсан бол яагаад Леонардо да Винчи энэ зургийг захиалагчид нь хэзээ ч өгөөгүй вэ гэсэн асуулт гарч ирэн судлаачдыг өөр онолууд руу хөтлөх аж.
Зарим судлаачид Мона Лизаг бодит хүн биш, харин “идеал эмэгтэй” гэж үздэг. Учир нь түүний царай төгс биш, инээмсэглэл нь тодорхой биш, харц нь шууд үзэгч рүү чиглэсэн хурц биш бөгөөд яг энэ төгс бус байдал нь түүнийг бүх хүнд танил мэт, бүх хүнд хамаатай мэт болгодог. Тиймээс тэдний тайлбар нь “тэр нэг хүн биш,тэр бүх хүн” аж.
Мөн сонирхол татахуйц, бага зэрэг маргаантай бас нэгэн онол бол Мона Лизаг Леонардо да Винчигийн өөрийнх нь хөрөг байж магадгүй гэсэн үзэл юм. Орчин үеийн судалгаагаар Леонардогийн өөрийн зураг болон Мона Лизагийн хөргийг нарийн судлаад зарим пропорц, ясны бүтэц төстэй болохыг илрүүлсэн байна. Тиймээс Мона Лиза нь зураач өөрийгөө эмэгтэй хүнээр дүрсэлсэн бүтээл байх магадлалтай аж.
Сонирхуулахад, сайн анзаарч харвал Мона Лизад ил харагдах үнэт эдлэл, гоё зүүсгэл байдаггүй. Энэ нь түүнийг эгэл, “мөнхийн” дүр болгодог гэж үздэг.
Инээмсэглэлийн цаана…
Мона Лизагийн инээмсэглэл бол урлагийн түүхэнд хамгийн их маргаан, гайхшралыг төрүүлсэн гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь түүний мэдэгдэхгүй шахуу тэрхүү энгийн инээмсэглэл харах бүрд өөрчлөгдөж, тайлбарлах тусам улам холдох шиг болдог нь олны анхаарлыг татдаг аж. Түүний амыг ширтэхэд тэр бараг инээхгүй мэт боловч бага зэрэг холдоод, бүхэлд нь ажиглахад тэр зөөлөн инээмсэглэж байдаг гэдэг. Үүнийг судлаачид Леонардо да Винчи хүний харааны системд тохируулан, Sfumato техникийг ашиглан гэрэл ба сүүдрийг уусган зурснаас үүдэлтэй гэж тайлбарладаг.

Шинжлэх ухааны тайлбар
Сүүлийн үеийн судалгаанууд энэ нууцыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг оролдох болжээ. Жишээлбэл, Харвардын их сургуулийн судалгаа Мона Лизагийн инээмсэглэл нь хүний захын хараанд илүү тод мэдрэгддэг болохыг тогтоожээ. Бид нүднийхээ төвийн хараагаар нарийн деталийг хардаг бол захын хараагаар ерөнхий хэлбэр, сүүдрийг илүү мэдэрдэг байна. Мона Лизагийн ам орчмын сүүдэр нь хүний нүдний захын хараанд “инээмсэглэл” мэт тодорч харагддаг аж.
Сэтгэл хөдлөлийн хоёрдмол байдал
Мона Лизагийн инээмсэглэл хүмүүсийг тэгтэл татдаг шалтгаан нь тодорхой бус байдал нь байж болох юм. Учир нь түүний инээмсэглэлээс зарим хүмүүс баяр баясгалан, зарим нь уйтгар гуниг, цаашлаад хүйтэн хөндий байдлыг мэдэрдэг гэх нь бий. Энэ нь сэтгэл судлалын ухаанд “хоёрдмол байдал” (ambiguous emotion) гэж нэрлэгддэг. Учир нь хүн тодорхой бус сэтгэл хөдлөлийг харахдаа өөрийн дотоод мэдрэмжийг тусгаж ойлгодог ажээ. Мона Лиза танд ямар сэтгэл хөдлөлийг төрүүлж буй нь таны дотоод сэтгэлийн тусгалыг харуулж байх магадлалтай гэсэн үг юм.
Нууцлаг оршихуйн үнэ цэн

Мона Лизагийн гар тавиу, мөр нь сул байх бөгөөд энэ нь түүний дотоод амар амгалан байдлыг илэрхийлдэг байна. Зарим судлаачид түүний дулаан төрх, зөөлөн инээмсэглэлийг ажиглаваас жирэмсэн, эсвэл шинэхэн ээж байж магадгүй гэсэн санааг дэвшүүлдэг. Мөн Мона Лизагийн хөмсөг маш бүдэг бөгөөд энэ нь тухайн үеийн гоо сайхны хэмжүүр үү, улиран одсон он цагийн элэгдэл үү гэдэг нь тодорхойгүй. Гэвч энэ дутуу байдал нь түүнийг илүү нууцлаг, тайлбарлахад хэцүү болгодог юм байна. Эндээс л төгс бус байдал нь урлагийг илүү үнэ цэнтэй болгодог ч байж магадгүй гэдэг санаа төрөн гарч байгаа юм.
Мона Лизагийн тухай “үнэн” байж болох олон хариу бий. Тэр Лиза Герардини, төсөөллийн эмэгтэй, Леонардо да Винчигийн эмэгтэй хувилбар гээд аль нь ч байж магадгүй. Хэн болох нь тодорхойгүй ч тэр одоо хамгийн их үнэ цэн, алдар цуутай бүтээлийн нэгд зүй ёсоор ордог. Бидний “хэн бэ?” гэсэн асуултад тэр хариулахгүй ч даруухан инээмсэглэлээрээ хүн төрөлхтний анхаарлыг татсаар цаг хугацааны уртыг элээн байна. Зарим нууц тайлагдах гэж биш ер бусын мэдрэмжийг төрүүлэн, таамаглал дагуулахаар оршин байдаг нь энэ болов уу.
Эх сурвалж: Mona Lisa | Painting, Painter, History, Meaning, & Facts | Britannica
Сэтгүүлч: Б.Нарангэрэл
Сэтгэгдэл