Тийм ээ. Бид том ахад хайртай. Үзэгчид “1984” жүжиг дээр энэ үгийг хэдэн арван удаа давтан хэлэхийг сонссон. Энэ өгүүлбэр бол зүгээр нэг зохиолын хэсэг биш энэ бол айдаст дасахын, хяналтад дурлахын, эрх чөлөөнөөс залхахын дүр зураг. Энэ бол бидний толь байсан юм.
“1984” жүжиг жилийн өмнө олны хүртээл болж, бид Жорж Оруэллийн эл зохиолыг тайзны бүтээл хэлбэрээр үзэцгээсэн. Уг жүжиг өдгөө дахин тайзнаа амилах ахуйд үзэж сонирхлоо. Уг нийтлэлд сэтгүүлч би жүжгийг ярих гэсэнгүй. Учир нь урлагийн талаар А ч үгүй гэж өөрийгөө тодорхойлов. Иймд зохиолыг задалцгаая.
Яагаад “1984” гэж?
1984 романыг Жорж Оруэлл 1947–1948 оны хооронд бичиж, 1949 оны зургаадугаар сард хэвлүүлжээ. Энэ нь Дэлхийн II дайны дараах үе бөгөөд фашизм, сталинизм зэрэг дарангуйллын дэглэмүүдийн хор уршгийг гүнзгий мэдэрсэн цаг үе байв. Жорж Оруэлл энэ романаа 1948 онд бичсэн учраас “1948” гэсэн тооны хоёр оронг сольж “1984” болгосон гэх яриа өргөн тархсан. Иймд Оруэлл өөрийн зохиолоор дамжуулан ийм төрлийн дэглэмүүдийн аюулыг анхааруулсан гэж үзэх нь бий. 1984 он гэхэд түүний зохиолын дүрслэл бодит амьдралд бүрэн биелээгүй ч, зарим улс орны улс төр, нийгмийн байдал уг зохиолын анхааруулж байсан зүйлстэй төстэй байсан юм. Тухайлбал, ЗХУ-д иргэдийг КГБ (улс төрийн тагнуул) ширүүн хянаж, эрх баригчдыг шүүмжилсэн хүнийг шоронд хорьж, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх явдал түгээмэл байв. Яг л “бодлын цагдаа” нар шиг. Зохиолд бүх бодит үнэнийг мэдээллийн системээс устгаж, том ах л бүхнийг хийсэн мэтээр шинэ мэдээг түгээдэг. Үүний адил аливаа мэдээллийг “залруулж”, Сталины тухай шүүмжүүдийг хязгаарласаар байв. ЗХУ-ын сонин, мэдээг цензурдэж, барууны мэдээлэлд хүрэх эрхийг ч хаасан. Энэ байдал манай улсад ч ижил байлаа. Бид мэдээллийн эрх чөлөөгүй амьдарч, зөвхөн төрийн мэдээллийн хэрэгслээс аливаа мэдээг уншиж, сонсож байсан үе саяхан. Гэхдээ энэ бүхэн одоо бүрэн устсан уу гэвэл үгүй.
“Үнэний яам” = Худал мэдээлэлтэй тэмцэх төв
Саяхнаас бид “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болно гэх яриа чих дэлсэх болсон. Кибер аюулгүй байдлыг хангаж, гүтгэлэг, доромжлолоос сэргийлэх зорилготой хэмээв. Үнэн гэдэг үгийг худлаар сольсон л болохоос чухамдаа “1984” зохиолын “Үнэний яам” гэлтэй. Мэдээлэл яг хэний шүүлтүүрээр орж үнэн, худал нь тогтоогдох вэ? Хэрэв тухайн "үнэн" нь төрийн нэг талын байр суурийг л илэрхийлдэг бол, "Үнэний яам" нэртэй худал мэдээллийн үйлдвэрийн эхлэл ч болох эрсдэлтэй. Хүмүүс өөрсдийн толгойгоор сэтгэх, шүүн тунгаах чадвараа төрийн шүүлтүүрт найдаж орхивол “2+2=5” гэдэгтэй эвлэрэхээс өөр сонголтгүй болох нь 1984-ийн хамгийн эмгэнэлтэй дүр зураг билээ. Өнөө цагт мэдээллийн үнэн бодит байдлыг хамгаалах нэрийн дор үг хэлэх эрх, үзэл бодлын олон талт байдлыг үгүйсгэх нь хамгийн аюултай тоталитар алхам юм. Жинхэнэ ардчилалд “Үнэний яам” хэрэггүй. Харин мэдээллийн эрх чөлөө, олон ургалч хэлэлцүүлэг, шүүхийн хараат бус тогтолцоо л үнэнд ойртуулдаг.
“Харанхуй үгүй газарт уулзацгаая”
Энэ бол 1984 зохиолын турш Винстонд итгэл найдвар төрүүлдэг, гэхдээ эцэст нь маш хоёрдмол утгатай, хорсолтойгоор биелдэг өгүүлбэр юм. Зохиолд “Харанхуй үгүй газар” бол Винстоны сэтгэлийн гэрэл, эрх чөлөөнд хүрэх итгэл найдвар мэт санагддаг. Гэвч энэ мөрөөдөл эцэстээ Үнэний яамны байцаалтын өрөө болж хувирдаг билээ. Өдрийн гэрэл тасралтгүй ассан, нойргүй, хяналттай, асуулт хариулт бүхий “гэрэлтэй шорон”. Өнөөдөр бид ч бас “үнэн”, “гүтгэлэг, доромжлол”, “аюулгүй орчин” гэж ярих дуртай. Гэхдээ хэт их хяналт, мэдээллийн хязгаарлалт, үзэл бодлын нэг урсгалт байдал нь тэр гэрэлтэй өрөөг гэгээ биш, эрх чөлөөгүй байдал болгож мэднэ. Зохиолд харанхуй гэдгээр бодлыг хэлдэг. Бусдаас өөр бодолтой байгаа нь өөрөө харанхуй юм. Саяхандаа, бас нэг хүнийг цахим орчинд ёс бус үг хэллэг хэлж, олон нийтийг үл хүндэтгэсэн хэмээн 30 хоног хорихоор болсон. Гэвч олон нийт өөрсдийгөө үл хүндлүүлчихлээ гэж ганц үг ган хийгээгүй. Харин түүний төлөө дуугарч байсан юм. Тэгэхээр “олон нийт” гэж хэн бэ? Магадгүй том ах л байх. “Төгсгөл нь тодорхой тэмцлийг эхлүүлж яах юм бэ?”
Бүх зүйлтэй тэмцэхээр сэтгэл шулуудсан Винстонд дурлалт бүсгүй Жулия нь ийн хэлдэг. Энэ бол гагцхүү нэг дүрийн дотоод гутрал бус, харин нийт нийгмийн гүн гүнзгий сэтгэл зүйн дүр зураг байв. Энэ өгүүлбэр өнөө цагт бидний сэтгэл дотроос ч дуулдах нь бий. Орчин үеийн сэтгэл зүйд үүнийг “системчилсэн гутрал” (learned helplessness) хэмээн нэрлэдэг. Америкийн сэтгэл судлаач Мартин Селигман 1960-аад онд хийсэн туршилтаараа “Хүмүүс эсвэл амьтад давтамжтайгаар өөрийнх нь үйлдэл ямар ч үр дүнд хүрэхгүй, нөхцөл байдлаа өөрчилж чадахгүй гэдэгт итгэж эхэлбэл эцэстээ хэзээ ч тэмцэхээ больж, хүлцэнгүй болдог” гэж дүгнэсэн юм. Тэр ч бүү хэл, аврагдах боломж байсан ч авралд хүрэхийг оролдохоо больдог байна. 1984-ийн хамгийн аймшигтай зүйл нь хяналт биш, харин “ямар ч өөрчлөлт гарахгүй” гэж иргэд итгэсэн нь байлаа. Өөрчлөлт ирнэ. Тиймээс бид итгэлээ л алдаж болохгүй. “Би том ахад хайртай”
Жүжиг эхэлсэн шигээ “Би том ахад хайртай” гэх үгээр төгсөнө. Гэвч энэ удаа Винстон илүү итгэл үнэмшилтэй бас үзэн ядалтгүйгээр чангаар ийн орилох аж. Олон олон үзэгч, уншигч Винстон ялж өөрчлөлт ирж буйгаар төгсөхийг хүссэн байх. Гэвч ялалт үлгэрт гардаг шиг түргэн ирж, амар сайхандаа жаргадаггүй, хэд хэдэн удаагийн оролдлого хэрэгтэй гэдгийг бодит хатуу үнэнээр харуулсан юм. Бид том ахад хайртай. Өнөөдөр ч бид сонгуулийн үеэр хэдхэн төгрөг, хэдэн шуудай будаа, гурилаар итгэлээ бусдад шилжүүлдэг. “Угаасаа ялах нь тодорхой юм чинь яах ч аргагүй” гэх хүлцэнгүй сэтгэлгээтэй болсон. Бүр “хулгайлсан ч ядаж юм хийж байгаа хүн” хэмээн үндсэн үнэ цэнээ гуйвуулах нь бий. Энэ бол Винстоны “Том ахад хайртай” гэж итгэхтэй адил өөрийн эрх чөлөө, итгэл үнэмшлээ сайн дураараа бус, дасан зохицлын сэтгэл зүйгээр худалдаж байгаа хэрэг. Тэмцэх нь утгагүй, санал өгөх нь ашиггүй мэт санагдаж, оронд нь саналаа худалдах нь амьдралын жамаас өөрцгүй мэт болчихвол бид бүгдээрээ Винстон болчихлоо л гэсэн үг. Харин Та том ахад хайртай юу?Гэрэл зургийг: Д.Занданбат