Залуусын орон зай

“Судалгаа бол бидний дуу хоолойгоо өргөж буй, өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр”

Г.Цэнд-Аюуш2025.09.105 минут унших
“Судалгаа бол бидний дуу хоолойгоо өргөж буй, өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр”  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Сүүлийн үеийн залуучууд бид өөртөө илүү анхаарч, өөрийгөө ойлгох, эдгээх, дэмжих, хайрлах тухайд өмнөх үеэ бодвол илүү мэдрэмжтэй ханддаг болсон. Энэ бол бидний үеийнхний онцлог. Хувь хүний түвшинд ийм өөрчлөлт гарч буйтай адил нийгмийн түвшинд ч бид бүгдээрээ юу хүсэж, хаашаа чиглэж, дэлхий дахинд болон өөрийн хөрсөн дээр ямар байр суурьтай яваагаа эргэцүүлдэг байх нь чухал. Ийм эргэцүүллийг бодитой харуулах хамгийн чухал хэрэгслүүдийн нэг бол судалгаа. 

Ирээдүйд итгэх итгэл, улс төр, боловсрол, шударга ёсны талаарх үнэлэмж, өдөр тутмын мэдээлэлтэй харьцах хэв маяг гээд нийгмийн бүхий л талын үзэл бодол, хандлага цаг үеэ дагаад үе бүрд өөрөөр илрэх нь ойлгомжтой. Үүнийг хэмжиж тодорхойлох нь нэг талаар статистикч, судлаач нарын хийдэг л ажил мэт боловч үнэн хэрэгтээ гэр бүл, боловсрол, ажил, төрийн бодлого зэрэг нийгмийн бүх харилцааг чиглүүлдэг зааг болж өгдөг байна. Жишээ нь, эцэг эх хүүхдийн хоорондын ойлголцол, багш сурагчийн харилцаа, ажилтан удирдлагын уялдаа зэрэгт тухайн үеийн онцлогийг ойлгосноор илүү нээлттэй, эерэг уур амьсгал бүрдүүлж чадна гэж үзээд байгаа хэрэг. Энэ утгаараа үе хоорондын ялгааг тогтмол судалж, өөрчлөлтийг хэмжих нь нийгмийн цаашдын хөгжлийг чиглүүлэх чухал хэрэгсэл болж байдаг байна.  

Тэгвэл бид сүүлийн таван жилд хэрхэн өөрчлөгдөв? 

SICA судалгааны байгууллага 2025 онд хийсэн “Монголын нийгмийн үеийн судалгаа”-ныхаа үр дүнг танилцуулжээ. Энэхүү судалгаа нь 2020 онд хийгдсэн үе хоорондын ялгааг судалсан судалгаатай ижил арга зүйгээр хийгдсэн бөгөөд хоёр судалгааны үр дүнг харьцуулж, бид хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан зураглалыг гарган авсан байна. 

Социалист үеийнхэн манай улсын өнөөгийн боловсролын чанарыг хангалттай гэж үзэж байна 

“Судалгаа бол бидний дуу хоолойгоо өргөж буй, өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр”  нийтлэлийн зураг

Судалгааг үзвэл маш сонирхолтой үр дүнгүүд гарчээ. Тухайлбал, Монгол Улсын боловсролын системийг муу гэж үнэлсэн иргэдийн тоо сүүлийн 5 жилд 4.7 хувиар өссөн байна.  

Харин нийгмийн үеийн судалгаа гэдэг утгаар нь нарийвчлан харах юм бол социалист үеийнхэн манай улсын өнөөгийн боловсролын чанарыг хангалттай сайн байгаа гэж үзэх хандлага ажиглагдсан бол бусад үеийнхэн муудсан гэж үзэх хандлагатай байж. 

Бидний ихэнх нь эх орон маань өндөр хөгжилтэй болно гэдэгт итгэхгүй байна 

Эх орондоо аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах нь хувь хүний байгалийн ч, нийгмийн ч хуулиар зааж өгсөн заяагдмал эрх шүү дээ. Түүнчлэн улс орны оршин тогтнох үндэс суурь нь газар нутгаас гадна ард түмэн байдаг. 

“Судалгаа бол бидний дуу хоолойгоо өргөж буй, өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр”  нийтлэлийн зураг

Тэр утгаараа улсын хөгжлийн ирээдүйг иргэд хэрхэн харж, төсөөлж буй нь чухлаас чухал асуудал бөгөөд энэ асуудлыг итгэлтэй харах хандлага харамсалтай нь сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, Монгол Улс 2050 онд Дэлхийн өндөр хөгжилтэй орон болж, монголчууд сайхан амьдарна гэдэгт 2020 онд 2 хүн тутмын 1 нь итгэдэг байсан бол 2025 онд буурч, 3 хүн тутмын 1 нь итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл, улс орны ирээдүй сайхан болно гэдэгт итгэлгүй байгаа иргэдийн тоо сүүлийн 5 жилд 11.7 хувиар өсжээ. 

Бид ер нь ингэж өөрчлөгдөж, ингэж үе үеэрээ ялгаатай байдаг байх нь. Судалгаанаас ердөө хоёр хэсгийн үр дүнг л энэ нийтлэлд орууллаа. Бусад үр дүнг илүү дэлгэрүүлэн харахыг хүсвэл энэ холбоосоор зочлоорой. Ер нь ийм талын хандлагыг судалгаанаас тод томруун харж, бид хоорондоо зөвөөр ойлголцох боломж гэж харвал судалгаа хийх, судалгаанд оролцох нь маш чухал ач холбогдолтой байгааг уншигч та ухаж байгаа байх. Энэ талаар бид SICA судалгааны байгууллагын захирал Ж.Эрдэнэбилэгтэй товчхон яриа өрнүүлснийг доор хуваалцаж байна. 

-Та бүхэн шинэхэн судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцуулж байгаа. Энэ судалгааныхаа талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу. 

-Бид 2020-2030 оны хооронд “Mongolian Identity” цуврал судалгаануудыг хийх зорилт тавиад, ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, “Монгол хүн гэж хэн бэ?” гэдэг асуултад шат дараатайгаар хариу хайж байгаа гэсэн үг. Харин 2020 онд бид анх монголчуудын үеийг тодорхойлох судалгааг Монголын санхүүгийн зах зээлийн холбоотой хамтран арга зүйгээ хөгжүүлээд, хийж байсан юм. Тухайн үед монголчууд бид барууны орныхны тодорхойлоод байгаа X, Y, Z гэх тодорхойлолтоос өөр юм гэдгийг батлаад, үеүдээ социалист, завсрын, шилжилтийн болон шинэ үеийнхэн, орчин үеийнхэн гэж хувааж авч үзсэн. Жишээлбэл, 1964 оноос өмнө төрсөн бол социалист үеийнхэнд хамаарч байна. 

“Судалгаа бол бидний дуу хоолойгоо өргөж буй, өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр”  нийтлэлийн зураг

Үеүдийг ингэж ангилахын зэрэгцээгээр бид монголчууд нийгэм, эдийн засаг болоод итгэл үнэмшил, ёс суртахууны хувьд ямар үзэл бодолтой байгаа, үе хоорондоо ямар ялгаатай байгааг тодорхойлсон. Харин 2025 онд ижил арга зүйгээр давтан судалж, бид ер нь хэрхэн өөрчлөгдөж байгааг харьцуулж харах боломжтой болоод байна. Арга зүйг илүү тодруулбал, ижилхэн асуулгаар, ижил түүврээр, Улаанбаатар хот болон Монгол Улсын дөрвөн бүсийн аймгуудын нийт 1,200 иргэнийг хамруулж хийсэн байгаа. Нөгөө талаас үеийн судалгаа хийж байгаа учраас насны тархалтыг мөн ижил, цэгцтэй авч үзсэн.  

-“Mongolian Identity” цуврал судалгаа хийж байгаа гэлээ. Үүнийг илүү тодруулж тайлбарлавал? 

-Энэ судалгааны гол зорилго нь монгол хүний зан төлөв, хандлагыг илүү тодорхой таньж мэдэх юм л даа. Яагаад гэвэл улс төр, эдийн засаг гээд системүүд өөрчлөгдөж болох ч тэдгээрийн үр дүнд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл бол хүн өөрөө, хүний зан төлөв. Тухайн системийг ажиллуулж байгаа хүмүүс ямар зан төлөвтэй байхаас бүх зүйл хамаардаг. Монгол хүний авууштай зан чанар, биднийг урагш нь түлхэж байгаа дадал хэвшил, эсрэгээрээ хойш татаж байгаа сөрөг хандлагыг судалгаагаар тодорхойлж, зөв таньж мэдсэнээр “одоо байгаа монгол хүн гэж хэн бэ, цаашид ямар байх нь улс орны хөгжилд илүү хувь нэмэртэй вэ” гэдэгт хариулт өгч чадна. 

“Судалгаа бол бидний дуу хоолойгоо өргөж буй, өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр”  нийтлэлийн зураг

Өнөөдөр улс төрийн намууд солигдож, олон өөрчлөлтүүд хийгдэж байна. Гэтэл нэг л зүйл дутуу мэт санагддаг шүү дээ. Энэ нь хэн нэгнээс биш, бидний нийтлэг зан төлөвөөс шалтгаалж байна гэж бид харж байгаа. Бид юуг хүлээн зөвшөөрдөг, юуг хүлээн зөвшөөрдөггүйгээс хамаараад, гаргаж буй шийдвэрүүд зөв ч байж болно, буруу ч байж болно. Ямар зан төлөв биднийг урагш түлхэж, ямар нь хойш татаж байна вэ гэдгийг тодорхойлж чадвал олон салбарт бодлогын зөв шийдвэр гаргахад ашиглаж болно. 

-Судалгаагаар салбар салбарын хүрээнд харж болохуйц маш сонирхолтой үр дүнгүүд гарсан байсан шүү дээ. Ийм төрлийн судалгааны үр дүнг ер нь хэрхэн бодитой ашиглах боломжтой вэ?  

-Ямар ч байгууллага, олонлог хамтдаа нэг зүйлийг бүтээхээр ажиллаж байгаа учраас үе хоорондын ялгаа, зан төлөвийн өөрчлөлтийг зөв ойлгох нь маш чухал. Үүнийг мэдэж чадвал хамтын ажиллагаа, ойлголцол эрс сайжирна. Жишээ нь, гэр бүлд аав ээж, хүүхдүүдийн хоорондын ялгаа амьдралын туршлага, өссөн орчноос нь хамаардаг. Тэр ялгаагаа зөв ойлгочихвол харилцаа илүү уян хатан болдог. 

Бизнесийн байгууллагын хувьд хэрэглэгчдээ үеэр нь ангилж, зан төлөвийг нь судалснаар бүтээгдэхүүн хөгжүүлэх, хүний нөөцийн бодлогоо оновчтой болгох боломжтой. Харин улсын түвшинд бол иргэдийг зөв сегментэлж ойлгох замаар бодлого, хөтөлбөрөө илүү оновчтой боловсруулах боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн судалгаа нь гэр бүлээс эхлээд төрийн бодлого хүртэл бүх түвшинд хамтын ажиллагаа, шийдвэр гаргалтыг илүү оновчтой болгох практик ач холбогдолтой байдаг. 

-Тэгэхээр иргэд ийм судалгаанд идэвхтэй оролцох хэрэгтэй байх. Энэ тал дээр манай уншигч залуучуудад цаад утга учрыг нь тайлбарлаж өгөхгүй юу. 

-Судалгаа гэдэг бол нэг төрлийн мэдлэг үйлдвэрлэж байгаа явдал. Тухайн судалгааг хийхийн тулд арга зүйгээ боловсруулах, түүвэрлэлт хийх гээд маш их ажил болдог. Ихэнхдээ хүмүүс “судалгаа бол статистикчдын л хийх ажил” гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Ямар нэгэн тодорхойгүй зүйл байна уу, эргэлзээтэй асуудал байна уу, тэр болгоныг судлах хэрэгтэй. Ингэснээр шинэ мэдлэг бий болдог. Өөрөөр хэлбэл, мэдэхгүй байсан зүйлээ мэдэх, эргэлзээтэй байсан зүйлээ тодруулах. Тиймээс бид аливаа асуудлаа судалдаг, нээлттэй, оролдлоготой байх хэрэгтэй. 

“Судалгаа бол бидний дуу хоолойгоо өргөж буй, өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр”  нийтлэлийн зураг

Нөгөө талдаа иргэдийн идэвхтэй оролцоо мэдээж хамгийн чухал. Манайд энэ идэвх бага, харин олон улсын хэмжээнд иргэд их идэвхтэй судалгаанд оролцдог юм байна. Жишээ нь, Швейцарт гэхэд жижиг асуудлаас эхлээд олон судалгаанд хүмүүс уриалгахан оролцдог. Учир нь судалгаа бол хүний дуу хоолойгоо өргөж байгаа, сонсогдож байгаа, өөрийгөө илэрхийлж байгаа нэг хэлбэр. Бид өдөр тутамдаа орчин тойрон, нийгмийнхээ талаар боддог зүйлсээ тэр бүр албан ёсоор хэлэх боломжгүй байдаг. Харин судалгаанд оролцсоноор тэр бодол чинь олон нийтийн дуу хоолой болж сонсогддог. Тэгэхээр судалгааны цаана ганц тоо, статистик биш, чанартай үр дүн, цаашдын үйл ажиллагаа, бодлого, тодорхой хүчин зүйлийг хөгжүүлэх боломж бүрдэж байдаг. Тэр нь эргээд бидэнд сайн нөлөө үзүүлнэ. Тиймээс олон нийтийг судалгаанд идэвхтэй оролцож байгаарай гэж уриалмаар байна. 

-Монгол Улсын хэмжээнд судалгаа хэр хийгддэг болов, ер нь бид судалгаа хийхэд цаашид юун дээр анхаарах хэрэгтэй гэж та харж байна? 

-Сүүлийн 10–15 жилд манай улсын судалгааны практик мэдэгдэхүйц сайжирсан. Өмнө нь зөвхөн бизнесийн байгууллагууд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судалдаг байсан бол 2017, 2018 оноос төрийн байгууллагууд ч өөрийн салбарын асуудал дээр судалгаа хийж, үнэлгээ хийх дадал тогтож эхэлсэн. Энэ бол маш сайн ахиц.

“Судалгаа бол бидний дуу хоолойгоо өргөж буй, өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр”  нийтлэлийн зураг

Харин цаашид анхаарах зүйл бол судалгааг нэг удаа хийгээд орхих биш, тодорхой хугацаанд тогтмол давтаж хийх явдал. Ингэснээр цаг хугацааны явцад сайжирч байна уу, муудаж байна уу, бидний шийдэл байндаа тусаж байна уу гэдгийг бодитоор хэмжих боломжтой. Өөрөөр хэлбэл, “time series” буюу өөрчлөлтийн судалгаа хийх нь чухал байх нь. 

Мөн олон улсын түвшинд харьцуулах судалгаанд идэвхтэй оролцох хэрэгтэй. Жишээ нь, PISA манай хүүхдүүдийн ерөнхий шинжлэх ухааны мэдлэгийг дэлхийн түвшинд харьцуулж харуулсан шүү дээ. Тиймээс дотооддоо өөрсдийгөө тодорхойлох, олон улсын хэмжээнд өөрсдийнхөө түвшнийг тодорхойлох судалгааг хийж байх нь чухал гэж харж байна. 

-Танд баярлалаа. 

Бид хувь хүн талаасаа өөрсдийгөө сайн судалж, өөрсдийгөө ойлгох гэж хичээдэг шигээ, нийгмээ ч бас нэгэн бүхэл гэж үзээд бүхэлдээ бид ямар байгаа юм бол гэдгийг үргэлж судалж, юу хүсэж байгаагаа нийтээрээ тодорхойлдог, тодорхойлоход идэвхтэй оролцдог, түүнийхээ үр дүнд тулгуурлан ирээдүйдээ ямар алхмууд хийдэг байхаа бүх түвшиндээ эргэцүүлж, зөв шийдлүүдийг харж, хайж, хэрэгжүүлдэг байх нь чухал юм байна шүү. 

Холбоотой нийтлэлүүд