Шинэ цагийн эсэргүүцэл: Уур хилэнгээ урлаг болгох нь


Талбайд хөгжим эгшиглэж, шүлгийн үгс агаарт цуурайтна. Үе үе тэнд “Огцрох амархан” хэмээн иргэдийн хоолой нийлүүлэн орилох сонстоно. Энэ бол уламжлалт жагсаал биш. Энэ бол уур хилэнгээ “урлаг” болтол нь боловсруулсан иргэдийн ухаалаг тэмцэл. Тэгвэл яагаад бид жагсах хэрэгтэй болдог вэ? Бас энэ удаагийн жагсаалын онцлог юу байна вэ?
Жагсаал гэж юу вэ?
Жагсаал гэдэг нь ихэвчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар хамтын санал бодлоо илэрхийлэх зорилгоор зохион байгуулдаг олон нийтийн цуглаан юм. Улс төрийн социологич Чарльз Тиллигийн тодорхойлсончлон жагсаал цуглаан нь ихэвчлэн эрх баригчдад шаардлага тавих эсвэл нийгмийн мэдлэгийг дээшлүүлэхэд хэрэглэдэг “нийгмийн хөдөлгөөнүүдийн харагдахуйц хэлбэр” аж.

Бид яагаад жагсдаг вэ?
“Эсэргүүцлийн ард хэн нэгэн биш, хэрэгцээ байдаг”
“Жагсаал цуглаан нь жам ёсны, заавал байнга болох ёстой зүйл гэхээс илүү яалт ч үгүй хэрэгцээ шаардлагаар аяндаа болдог зүйл. Төрийн үйл ажиллагаанд асуудал үүсэж, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөхөд л тэд эсэргүүцлээ илэрхийлж жагсдаг. Түүнээс биш асуудалгүй байхад хэн ч жагсаал хийгээд байдаггүй” гэж улс төр судлалын доктор, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Д.Уртнасан онцолж байна. Энэ бол нийгмийн сэтгэлзүйд “эсэргүүцэл” гэх нэрээр илэрч буй дохио юм. Гэхдээ эсэргүүцлийг зөвхөн сөрөг үзэгдэл мэт ойлгож болохгүй. Харин ч ардчиллын чимээгүй индикатор байж болно гэдгийг тэр тайлбарлалаа.

“Ардчиллын суурь ойлголт бол иргэн төртэй харилцахдаа эрх чөлөөтэй байх явдал. Төр, иргэн хоёр бие биеэ ойлгохоо больж эхэлсэн үед эсэргүүцэл үүсдэг. Хэрвээ төр иргэдтэйгээ харилцаж чадахгүй, тэдний амьдралд нөлөөлөхүйц шийдвэрүүдийг нэг талыг барьсан байдлаар гаргаад байвал иргэдийн зүгээс түүнийг эсэргүүцэх нь хэвийн, ойлгомжтой зүйл юм” ~Улс төр судлаач, доктор Д.Уртнасан~
“Эдийн засаг + Улс төр + Авлига = Эсэргүүцэл”
Доктор Д.Уртнасангийн өгүүлсэнчлэн эсэргүүцлийн хөдөлгөөн үүсэхэд эдийн засгийн шалтгаан зонхилдог. Дараа нь улс төрийн бодлого, улмаар авлигын асуудлууд жагсдаг аж. Харин эдгээр асуудалд шийдэл олохгүй удвал тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлага тавьж эхэлдэг байх нь.
“Ардчиллыг дэмжихэд хамгийн чухал хүчин зүйл бол эдийн засаг. Амьдралын чанар доройтвол ардчиллыг дэмжих хүн ч ховордоно. Эдийн засгийн шударга хуваарилалт, хууль зүйн тогтвортой байдал байхгүй бол ардчилал ганхдаг. Харин авлига гэдэг эзэн боолын систем шиг бүтэцтэй, улс төр, эдийн засгийн боломжийг цөөн хэсэг нь шударга бусаар ашиглаж буй явдал. Хэрэв засгийн газар, хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагууд шударга бус ажиллаж эхэлбэл энэ нь нийтийн эрх ашгийг шууд зөрчиж буй хэрэг.” ~Улс төр судлаач, доктор Д.Уртнасан~

Шүлэг, DJ, Комедитэй жагсаал

“Уурлаж байна, би уурлаж байна.
Унаган насаа ахих бүр
Улсын мунхгийг ажих бүр
Уур минь аяндаа асаж байна” хэмээн яруу найрагч Р.Чойном хэзээний бичиж үлдээсэн нь өнөөдөр ч цуурайтна. Түүний үгс залуусын уур бухимдлын шүлэг болж, "Огцрох амархан" жагсаалын индэр дээр эсэргүүцлийн найраг хэлбэрээр илэрхийлэгдэх болжээ. DJ ая тавьж, зарим хүн дуулж, комедианууд асуудлыг хошин бас хатуугаар илэрхийлнэ. Эсэргүүцэл ганцхан лоозон барьж, уухай хашхирах хэлбэрт баригдахаа больж, өөр өөрийн ур чадвар, дуу хоолойгоор дүүрэн үзэл бодлоо илэрхийлэх орон зай болж хувирчээ. Энэ талаар улс төр судлаач, доктор Д.Уртнасан “Хүчирхийлэл бол жагсаалын зорилго биш. Жагсаал нь иргэн үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан хэлбэр. Өмнөд Солонгосын иргэд Ерөнхийлөгчөө огцруулах шаардлага тавьсан ч маш тайван, зохион байгуулалттай жагсаал хийдэг. Манай залуус ч энэ хандлагыг харуулж байна. Энэ бол нийгмийн ухамсар өсөж байгаагийн илэрхийлэл” хэмээсэн юм.
Жагсаалд соёлыг тусгах нь
Жагсаалд соёлын элементүүдийг шингээх нь нийгмийн өөрчлөлтөд чиглэсэн үйлдлийг илүү хүртээмжтэй, анхаарал татам, олон нийтийг хамруулахуйц болгож хувиргадаг. Энэхүү үзэгдлийг академик түвшинд cultural protest буюу "соёлын эсэргүүцэл" хэмээн нэрлэдэг билээ. Энэ талаар Оксфордын “Нийгмийн хөдөлгөөний гарын авлага”-д “Соёл бол зүгээр чимэглэл биш, харин нийгмийн хөдөлгөөний ухамсар, нийгмийн бүтцийг өөрчлөх хүчирхэг арга хэрэгсэл” гэж тэмдэглэсэн байдаг.

Олон улсын жишээнүүд
- Хонконгийн “Umbrella Movement” (2014): Жагсаалын үеэр залуус шүхэр барьж, уран зураг, постер, граффити хийж, гудамжийг “эсэргүүцлийн музей” болгож байв. Энэ нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж, олон нийтийг хамруулж чадсан юм.
- Black Lives Matter хөдөлгөөн (АНУ, 2020): Жагсаалын үеэр гудамжинд DJ хөгжим тавьж, шүлэг уншиж, театрчилсан үзүүлбэр хийсэн нь мэдээллийг улам гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм хүргэх боломжийг олгосон.
Германы Fridays for Future хөдөлгөөн: Хөгжим, уран зураг, театрын хэлбэрийг ашиглан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолойг бүтээлч хэлбэрт оруулсан.
Ийнхүү урлаг соёлтой хослуулсан жагсаал нь эсэргүүцлийг ойлгомжтой болгож, сэтгэлд шууд нөлөөлдөг тул олон хүнийг татан оролцуулах боломж бүрддэг аж. Шүлэг, хөгжим зэрэг уран сайхны хэлбэрүүд нь мессежийг хурц, ой тойнд үлдэхүйц болгохын зэрэгцээ сэтгэл хөдлөлд тулгуурласан улс төрийн оролцоог бий болгодог гэж судлаач Брайан Массум тэмдэглэсэн байдаг. Ийм зөөлөн хүчний хэлбэрүүд нь хүчирхийлэл үүсэх магадлалыг бууруулж, тайван жагсаалын нөхцөлийг бүрдүүлдэг ажээ.

Мэдрэмж, ухаан хоёрыг зэрэгцүүлсэн эсэргүүцэл бол шинэ цагийн иргэдийн хариу үйлдэл юм. Энэ бол зөвхөн уур хилэнгээр тэмцэх бус, ухаан санаагаа төвлөрүүлж, үгээ цэгцтэй хэлж, бүтээлээрээ дамжуулан өөрчлөлт нэхэж буй хэлбэр. Жагсаалын индэрт шүлэг уншиж, хөгжим эгшиглүүлэн, хошигнож буй залуус бол зүгээр нэг эсэргүүцэгчид бус, энэ нийгмийг илүү шударга, илүү хүнлэг болгохыг хүссэн өөрчлөлтийн архитекторууд юм. Тэдний зөөлөн боловч зоримог дуу хоолой сонсогдох нь ардчиллын амьсгал хэвээр байгаагийн нотолгоо төдийгүй хүн төвтэй, ухаалаг, уран тансаг эсэргүүцэл бол энэ цагийн улс төрийн соёлын шинэ нүүр царай гэдгийг нотлох ажээ. Таны дуу хоолой үнэ цэнтэй. Хэрвээ та шударга бус байдлыг мэдэрч байвал үүнийгээ ухаалгаар илэрхийлж эхлээрэй. Өөрчлөлт таны үгээс, үйлдлээс эхэлж мэднэ!
Гэрэл зургийг: Д.Занданбат