“Update 2024” ба 1% илүү хариуцлагатай байх нь


Энэ сарын 21-нд буюу өнгөрсөн Бямба гарагт энэ намрын хамгийн “хариуцлагатай” арга хэмжээ болох “UPDATE 2024”-т хамтын хариуцлагыг дэмжин, илүү сайхан нийгмийг цогцлоох хүсэлтэй 600 залуу үеийн төлөөлөл цугларч, нэг өдрийг өнгөрүүллээ. Хамгийн хариуцлагатай арга хэмжээ гэж буйн шалтгаан нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “UPDATE” арга хэмжээ энэ удаа “Shared Responsibilities” буюу “Хамтын хариуцлага” сэдвийн хүрээнд өрнөсөн юм.
Хамтын хариуцлага хаанаас эхэлсэн бэ?
Эртний нийгэмд хамтын үүрэг хариуцлага ихэвчлэн гэр бүл, овог аймаг, хамт олны дунд байгалийн жамаар бий болдог байв. Жишээлбэл, хоол хүнс цуглуулж, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, хамгаалах зэрэг үүрэг хариуцлага нь тухайн омгийн нийтийн үүрэг байсан билээ. Эртний Грекийн гүн ухаанд ч Платон, Аристотель зэрэг сэтгэгчид төрийн сайн сайхны төлөө иргэдийн хамтын үүргийг чухалчилдаг байсан. Аристотелийн “Улс төр” бүтээлд иргэд нийгмийн сайн сайхны төлөө үүрэг хариуцлагаа хуваалцах талаар ч дурдсан байдаг. Тэгэхээр хамтын хариуцлага гэх зүйл хүмүүс хамтдаа амьдарч, нийгэм үүсгэж эхэлсэн тэр үеэс л улбаатай ойлголт байх нь.
Харин 19, 20 дугаар зуунаас үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрт хамтын үүрэг хариуцлагыг албан ёсоор тусгаж эхэлсэн билээ. Тухайлбал, хөдөлмөрийн хуулиудад шударга цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг бий болгохын тулд ажилчдадаа хамтын хариуцлагын чухлыг анхааруулдаг болсон юм. Өдгөө хүний эрх, байгаль орчны асуудал, нийгэм эдийн засгийн амьдралтай холбоотой олон асуудлыг улс орнууд нэгдэн, нэг уриалга дор ажиллаж, дуу хоолойгоо хүргэн, хамтдаа хариуцлагатай байх болжээ.

600 залуу үеийн төлөөлөл хамтдаа хариуцлагатай байхын төлөө нэгдсэн нь
Энэ сарын 21-нд нийгмийн анхдагч нэгж болох гэр бүл үүссэн цагаас бий болсон хамтын хариуцлага гэх сэдвийн талаар ярилцаж, нэг өдрийг өнгөрүүлэхээр 600 залуу үеийн төлөөлөл нэг дор цугласан юм. “UPDATE 2024” арга хэмжээнд НҮБ-ын суурин зохицуулагчийн илтгэлээс эхлээд төрийн болон төрийн бус байгууллагуудын илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, бүтээлч санал санаачилгуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг залуучууд мэдэж авлаа.

Мөн өнөөгийн нийгэмд бидэнд хамгийн их нөлөө үзүүлж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох “Unnu News”, “HumanZ.mn”, “Ноорог”, “Unread Today” гэсэн байгууллагын залуу төлөөллүүд дотоодын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хамтдаа хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Түүнчлэн оролцогчид “Joy in Responsibilities” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Уг арга хэмжээнд 15 орчим төрийн болон төрийн бус байгууллага ирж, залуучуудын оролцоог дэмжин ажиллав.

Арга хэмжээний хөтлөгч, комедиан Д.Амартүвшин “Гаднын улс л сайхан гэсэн ойлголт буруу юм. Хүн байгаа л бол тэнд асуудал бий. Тиймээс хариуцлагаа нэгтгээд, асуудлаа шийдэх гэж оролдвол бидний ирээдүй илүү гэрэл гэгээтэй байна” гэсэн үгээр арга хэмжээг нээлээ. Ийнхүү цаашид Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишрагийн илтгэлээр арга хэмжээ үргэлжлэн, дөрвөн цагийн турш уйдах завгүй өргөн хүрээний олон сэдвийг хөндсөн үйл ажиллагаа болов.

Хэвлэлийн эрх чөлөөний индекс бол та биднийг эрх чөлөөтэй байгаа эсэхийг хэмжих бодит хэмжүүрийн нэг
Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал илтгэлдээ “Хүмүүс төрийн оролцоо, зохион байгуулалт шаардлагагүйгээр хоорондоо эвлэлдэн нэгдэж чадаж байвал тухайн улсад иргэний нийгэм байна гэж үздэг. Иргэний нийгэм хүчтэй газар дарангуйлал тогтох боломжгүй юм” хэмээсэн нь бүх нийтийн оролцоо хийгээд хамтдаа хариуцлагатай байх агуулгыг товч бөгөөд тодорхой илэрхийлсэн юм.

Түүнчлэн тэрбээр цааш нь:
“Хэвлэлийн эрх чөлөө нь хэн нэгэн юм бичих эсэх тухай л асуудал биш, харин бид аливаа мэдээллийг олон эх сурвалжаас авах боломжтой юу, үүнийг даган гарах шийдвэр нь эрх чөлөөтэй хүний шийдвэр шиг байж чадах уу гэдгийг харуулдаг. Энэ үзүүлэлтээр манай улс 180 улсаас 109-д жагсаж байна. Хэвлэл мэдээлэл хүмүүсийн юу бодохыг шийдэж чаддаг учраас хамгийн хүчтэй гэж үздэг. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний индекс бол та биднийг эрх чөлөөтэй байгаа эсэхийг хэмжих бодит хэмжүүрийн нэг юм. 1914 онд Нийслэл хүрээнд МУ-ын Ерөнхий сайд асан Т.Намнансүрэн зарлиг болгож, Жамсрангийн Цэвээн боловсруулсан “Улсын эрх” бүтээлд хувь хүний эрхүүдийг тунхаглаж бичсэн байдаг. Тэгэхээр монголчууд бид эрх чөлөөний тухай яриад гучхан жил болж байгаа хүмүүс биш юм. Ерөнхий сайд асан Т.Намнансүрэн энэ бүтээлийг зарлиг болгон бичүүлснээс таван жилийн дараа хорлогдож амиа алдсан. Харин Ж.Цэвээн гуай 1937 онд хилс хэргээр баривчлагдаад, 1942 онд ЗХУ-ын шоронд амиа алдсан юм. Тэгэхээр эрх чөлөө үнэгүй биш. Хэрвээ та сайхан нийгэмд амьдармаар байгаа л бол оролц, асуудалд анхаар, хувь нэмрээ оруул” хэмээв.
“Бид байж болох хамгийн эрх чөлөөтэй, сайхан үед амьдарч байна...”

Зочин илтгэгч М.Энхбадрал арга хэмжээний тухай сэтгэглдлээ хуваалцахдаа “Хамтын хариуцлага бол ярих цаг нь болчихсон сэдэв. Хариуцлагын тухай ярихаас гадна өөрсдөө хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэж байгаа нь энэ арга хэмжээний хамгийн үр дүнтэй хэсэг гэж бодож байна. Нийгмээ сайхан болгохын тулд зугтах биш оролцох хэрэгтэй. Залуучууд нийгмээс ихэвчлэн авдаг, тодорхой насанд хүрээд өгдөг болох хэрэгтэй. Залуудаа өгч сураагүй хүн хөгшрөөд ч өгч сурдаггүй. Та сайхан амьдармаар байгаа бол өөрөө оролцох хэрэгтэй. Гэхдээ та бүгдийг ойлгож, чаддаг байх албагүй. Түүнийг таны өмнөөс хийдэг байгууллагууд байгаа учраас тэднийг үйл ажиллагаагаа амжилттай явуулахад сайн дурын ажил, хандив зэргээр тусалж болно. Бид байж болох хамгийн эрх чөлөөтэй, сайхан үедээ амьдарч байгаа учраас үүнийгээ үр дүнтэй ашиглаж, нийгэмдээ хувь нэмэр оруулаарай” гэсэн юм.
Үнэхээр л бид өнгөрсөн цаг үетэй харьцуулахад хамгийн эрх чөлөөтэй үед амьдарч байгаа мэт. Иймээс хэн нэгэн ирж аврахыг хүлээх биш, өөрөө өөрийнхөө аврагч байж хөдөлж эхлэх хэрэгтэйг тус арга хэмжээ ой тойнд шингэтэл ойлгууллаа.
Шинэ гэр бүл хайж буй “азтай саврууд”

“Азтай савар” ТББ энэ удаагийн арга хэмжээнд хамтран оролцсон бөгөөд шинэ гэр бүлээ хайж буй Чарли, Үүлэн хэмээх хоёр азтай савар (муур, нохой) мөн зочноор ирсэн юм. Хариуцлага гэх зүйл зөвхөн нийгмийн томоохон асуудалд биш өдөр тутмын энгийн үйл ажиллагаанд ч байх л ёстой. Амьтан асарч, тэжээх гэж буй эздэд ч хариуцлага бий. Хариуцлагагүй хүмүүсээс болж олон амьтан тэдний тоглоом болон гудамжинд хаягдаж байгаа шүү дээ.
Азтай савар ТББ-ын сайн дурын ажилтан М.Цагаандолгор
“Залуучууд маань амьтанд их хайртай байж, хариуцлагатай ханддаг болсон нь асууж байгаа асуултаас нь л мэдэгдэж байна. Юу юугүй шууд сэтгэлийн хөөрлөөр амьтан тэжээх нь багасжээ. Амьтан тэжээнэ гэдэг тэр чигтээ хариуцлага шүү дээ. Энгийн зүйлд ч хүн бүр хариуцлагатай байвал нийгэм илүү гэгээтэй болно гэж боддог. Манай Азтай савар ТББ 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Худалдаж авах биш үрчилж авъя” уриаг дэвшүүлдэг юм. 2023 оны арванхоёрдугаар сард Гэрийн тэжээмэл амьтны тухай хуультай боллоо. Уг хууль нь бүх хүмүүсийг хариуцлагатай болгож чадвал энэ олон эзэнгүй, гудамжид өвдөж, гэмтэж байгаа амьтдыг хамгаална гэсэн санаанаас үүдэлтэй. Хариуцлагатай байхын тулд тэжээхээр шийдсэн амьтныхаа насан туршийн гэр бүлийн гишүүн байх хэрэгтэй.

Үрчлүүлэхээр авч ирсэн муур маань ч бас л нэг хариуцлагагүй хүнээс болж хаягдсан. Манай зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр хэргээр орхиод явчихсан байсан л даа. Нэг хүний үйлдэл маш олон хүнд нөлөөлдөг. Иймээс таны үйлдэл бүр хариуцлагатай байх хэрэгтэй юм шүү.”
Арга хэмжээний тухай тэд юу хэлэв?
Хөтлөгч, комедиан Д.Амартүвшин

Энэ арга хэмжээнд залуучууд маш идэвхтэй оролцдог юм байна. Ийм олон залуусыг нэгтгэнэ гэдэг өөрөө том ажил шүү дээ. Үүнийг зохион байгуулж байгаа, мөн ирсэн залуучууд маш их эрч хүчтэй, ихийг хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүлэлтэй харагдлаа. Миний хувьд хамтын хариуцлага гэхээр тусдаа бие хүмүүсийн олон хариуцлага нийлж, нэг том хариуцлагыг бий болгоно гэж ойлгодог. Хариуцлага эрх чөлөөнөөс эхэлнэ. Хэрвээ бид энэ хоёр ойлголтыг тусад нь салгавал хариуцлагыг дарангуйлал, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэх дарангуйллын үеийн ойлголтоор тайлбарлаж эхлэх учраас хэзээ ч энэ хоёрыг салгаж болохгүй. Сонголтоо өөрөө хийж чадаж байгаа үед эрх чөлөө оршино. Эрх чөлөө оршсон бол хариуцлага дагаад л ирнэ. Маш олон тохиолдолд бид хариуцлагыг төр, багш, аав ээж, найз нөхөд гэх мэт бусад хүмүүст өгчихсөн байдаг. Үүнийгээ буцааж аваарай. Хариуцлагаа буцааж авна гэдэг эрх чөлөөгөө буцааж авахын нэр юм шүү.
Оролцогч Ц.Оюунбилэг

Би шүдний эмч мэргэжилтэй. Олон нийтэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй хүний хувьд нийгэмтэйгээ, залуучуудтай ойрхон байх хэрэгтэй учраас ийм үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог. Бас багын нийгмийн идэвхтэй байсан болохоор ийм арга хэмжээнээс хойш сууж чаддаггүй л дээ. Энэ арга хэмжээнд ирээд, нийгэм, эдийн засаг, хэвлэл мэдээллийн талаар сүүлийн үеийн мэдээллүүдтэй танилцсандаа баяртай байна. Өмнөх “UPDATE” арга хэмжээнүүдэд ирэхийг хүсдэг байсан ч чаддаггүй байлаа. Харин энэ зун л Монголд байсан учраас зорин зорин ирсэн юм. Үйл ажиллагаагаа танилцуулж буй байгууллагууд зүгээр л танилцуулаад өнгөрөх биш оролцогчдыг оролцоотой байхад анхаарсан нь онцлогтой байлаа. Арга хэмжээний завсарлагаагаар үзэж харах, хийх юм ихтэй байна. Би хариуцлагыг өөрийгөө хариуцахаас эхэлнэ гэж боддог. Хичээл дээр баг болохдоо өөрийн хариуцсан ажлыг хийж байна гэдэг л хариуцлага шүү дээ. Чи өөрийн дааж авсан ажлын ард гарна гэдэг нэр төр талаасаа ч сайхан зүйл гэж сая Ч.Ганхуяг илтгэгч илтгэл дээрээ хэлсэн. Мөн ах эгч, аав ээж нар маань бидэнд эрх чөлөөг авч ирсэн учраас цаашид үүнийг хадгалж, үр хүүхдэдээ өвлүүлэх үүрэг бидэнд үлджээ гэдгийг ойлголоо.
Зочин илтгэгч, “Unnu.news” хэвлэл мэдээллийн хэрэгслийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Х.Цогтбилгүүндарь

Өнөөдрийн үйл ажиллагаанд НҮБ-ын суурин зохицуулагч иржээ. Дэлхийн улс орнуудын хамтын нийгэмлэг болох НҮБ нь хамтын хариуцлагыг бид нэг дэлхийд амьдарч байгаа учраас бидний бүх юм хоорондоо уялдаа, хамааралтай гэж харж байна. Энэ нь ч үнэн. Бид зөвхөн Монголдоо, хоёрхон хөршийн дунд байгаад байхаар бүх юмнаас хол юм шиг мэдрэмж авдаг. Яг үнэндээ дэлхийд болж буй бүх зүйл Монголд маш их нөлөө үзүүлдэг. Үүнтэй адил Монголын шийдвэр ч дэлхийд нөлөө үзүүлнэ гэдгийг бид санах хэрэгтэй. Би саяхан аав болсон. Монголчууд хүүхдэд их хайртай ард түмэн. Гэхдээ бодит байдал дээр бидний нийгэм, орчин хүүхдэд ээлтэй байна уу гэвэл үгүй. Бид энэ нийгмийг өөрчлөх боломж байгааг ойлгохгүй байна. Иймээс оролцдог байх хэрэгтэй. Бид хувь хүний хөгжлийн ном уншихаа багасгах хэрэгтэй байна. Би багадаа яг ийм төрлийн номд бүр донтчихсон байсан. Тийм төрлийн юм их сонсож, унших нь чи хэзээд дутуу муу, болоогүй гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Гэтэл яг үнэндээ бид өгөгдсөн өгөгдлийнхөө дагуу хийх боломжтой зүйл байхад анзаардаггүй. Иймээс өөрийгөө голоод л байх биш хөдөлж эхлэх хэрэгтэй.

Ийнхүү сэтгэл хангалуун, шинэ мэдлэг мэдээллээр цэнэглэгдсэн залуус арга хэмжээг эхнээс нь төгсгөл хүртэл хамт байлаа. Тэд энэ өдөр чухал зүйлүүдэд суралцаж, бие биетэйгээ танилцан, байгаа зүйлээ хуваалцаж, эерэг туршлага хуримтлуулсан юм. Та энэ удаагийн арга хэмжээнд ирж чадаагүй бол оролцогч Ц.Оюунбилэг шиг дараагийнхад ч ирж болно. “UPDATE” арга хэмжээ үргэлжилсээр, дуу хоолойгоо хүргэж, залуучуудын хамтдаа суралцаж, хөгжих орон зай байсан хэвээр байх болно. ЦойлогсоZ залуусын нэгдлийн хамтран үүсгэн байгуулагч Б.Батзориг нээлтийн илтгэлдээ “1995-2010 онд төрсөн залуучууд эдийн засгийн идэвхтэй хүн амын дөрөвний нэгийг эзэлж байгаа бөгөөд хоёр жилийн дараа гэхэд бид нийт хүн амын дийлэнх хувийг эзлэх учраас өөрсдийнхөө үүргийг гүйцэтгэж, олон улсын түвшинд өрсөлдөж чадах юм бол илүү сайхан ирээдүйг бүтээж чадна. Нэг хувиар илүү хариуцлагатай байцгаая” гэсэн юм. “Хүн өөрийгөө нэг хувь л өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн” гэдэг үг байдаг. Үнэхээр л бид аливаа зүйлийг өөртөө ял болгохгүйгээр, жаахан л хичээхэд үр дүн огт өөрөөр эргэдэг билээ. Иймээс нэг хувь илүү хариуцлагатай байцгаая!
Гэрэл зургийг: Л.Буд