Залуусын орон зай

Эрх мэдлийн гурван салаа мөчир үгүй бол “дээл” л үлдэнэ 

Б.Намуун2025.03.145 минут унших
Эрх мэдлийн гурван салаа мөчир үгүй бол “дээл” л үлдэнэ  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Соён гэгээрлийн үеийн Францын улс төрийн философич Монтескье эрх мэдэл хуваарилах онолд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн гурван салаа мөчир бий хэмээсэн байдаг. Харин бид аль нэг эрх мэдэл давхцахыг “давхар дээл” гэцгээдэг. Нэг хэсэг энэ асуудал ч их яригддаг байж. Одоо бол хуучирсан, ярьсаар байгаад залхсан, “дасан зохицсон” сэдэв болсон гэхэд дэгсдүүлсэн болохгүй байх. Тэгвэл энэ үнсэнд хаясан шалз шиг сэдвийг эргэн сөхөцгөөе.  

УИХ бүтэн цагийн ажил уу, эсвэл уян хатан ажил уу? 

Эрх мэдлийн гурван салаа мөчир үгүй бол “дээл” л үлдэнэ  нийтлэлийн зураг

Парламентын гишүүн хуулиар тогтоосон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй зарчим нь төрийн эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлэх, төрийн засаглалын хууль ёсны зөвшөөрөгдсөн гэдгийг баталгаажуулах, парламентын гишүүний эрх зүйн байдал, алив нэг хүн эсвэл бусад хөндлөнгийн сонирхлын эрх ашиг буюу нөлөөллийг үл харгалзах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.  

“Хавсарч үл болох” албан тушаал гэсэн ойлголт парламентад сонгогдсон гишүүн өмнөх ба шинэ албан тушаал хоёрын аль нэгийг нь сонгоно гэсэн утгатай. Зарим улс оронд парламентын гишүүн улс төрийн нам болон ТББ-д сонгуульт ажил, албан тушаал эрхлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажил хийхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болдоггүй. Мөн бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болохгүй бөгөөд өмнө нь хуулийн этгээдийн эрх бүхий аж ахуйн нэгж, тэдгээрийн нэгтгэлийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол уг ажлаа өөрийн итгэмжилсэн хүнд шилжүүлэн хөтлүүлнэ гэсэн байдаг (Л.Өлзийсайхан. Парламент. УБ.,2001. 83-р тал). 

Энэ тухайд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлд Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалд: 

  • Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
  • Улс төрийн намын сонгуульт албан тушаал;
  • Багшлах болон эрдэм шинжилгээний ажил.
  • Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал.
  • Гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 43.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.
  • Гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол түүний чуулганы ажиллагаанд оролцох журмыг Ерөнхий сайдын саналыг харгалзан Ёс зүй, дэгийн байнгын хорооны тогтоолоор батална гэж заасан байдаг. 

Сайд, парламентын гишүүн нэг хүн байж болохгүй орнууд 

  • Нидерланд: Сайд нар парламентын гишүүн байх ёсгүй. Хэрэв парламентын гишүүнийг Засгийн газрын бүрэлдэхүүнд томилсон бол парламентын гишүүнээс татгалзана /Нидерландын Үндсэн хууль, 43 дугаар зүйл/.  
  • Португал: Засгийн газрын гишүүд парламентын гишүүн байх ёсгүй. Гэхдээ парламентын үйл ажиллагаанд оролцож болно /Португалын Үндсэн хууль, 117 дугаар зүйл/.  
  • Энэтхэг: Сайдаар томилогдохоосоо өмнө парламентын гишүүн байж болох ч Лок Сабха (Ард түмний танхим) эсвэл Ражя Сабха (Муж улсын зөвлөл)-ийн гишүүнээр нэгэн зэрэг ажиллах боломжгүй гэж заасан байдаг. /Энэтхэгийн Үндсэн хууль - 75 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/
  • Франц: Сайд болж гүйцэтгэх засаглалд томилогдсон тохиолдолд Үндэсний ассамблейн суудлаасаа огцрох ёстой гэж заасан байдаг. /Францын Үндсэн хууль - 23 дугаар зүйл/ 

Тэгэхээр манай улсын хувьд УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн, сайд байж болно гэж үзсэн  бол дээрх бусад улсад сайд болон ЗГ-ын гишүүд парламентын гишүүн байх ёсгүй гэж заасан байна. Эндээс харахад Монголд УИХ-ын гишүүн байх нь бүтэн цагийн биш маш таатай “уян хатан ажил” байх нь. Бүгдийг нэг дор нэг хүн хийж чадаж байхад өөр хүнээр яах ч билээ? Циркийн тавцан дахь алиалагч шиг хоёуланг нь жонглёрдож байхад яагаад УИХ-ын гишүүн байх, Засгийн газрын гишүүн байх хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй гэж, тийм биш гэж үү? Гэвч бодит байдалд энэ нь улс төрийн эрх чөлөөг алдуулж буй юм.  

Эрх мэдлээр “жонглёрдогчид” 

Эрх мэдлийн гурван салаа мөчир үгүй бол “дээл” л үлдэнэ  нийтлэлийн зураг

УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн аль алинд нь багтдаг хүмүүс парламентын хэд хэдэн хуралдаанд оролцож, дараа нь бүхэл бүтэн яамыг удирдахын тулд “гүйдэг” гэсэн үг. Маш их хүч хөдөлмөр юм шүү. Чуулганы ирцийн мэдээлэлд тасалсан гэх тодотголтой гишүүд бишгүй байдаг нь ийм их ажлыг зэрэг хийж буйгаас ядарч буйн шинж ч юм уу даа. Улс орны хууль тогтоомжийг батлахын зэрэгцээ өөрийнхөө баталсныг өөрөө гүйцэтгэж, өөрөө хянах амаргүй байх нь дамжиггүй.  

Монтескьегийн улс төрийн эрх чөлөөний ойлголт 

Эрх мэдэл хуваарилалтын загалмайлсан эцэг гэж болох Монтескье “Хуулийн амин сүнс” бүтээлдээ хяналт, тэнцвэрт байдлын зарчмыг баримтлан, эрх мэдлийн төвлөрлийг хязгаарлаж, хувь хүний эрхийг хамгаалдаг үндсэн хууль нь улс төрийн эрх чөлөөнд нэн чухлыг онцолсон. Мөн эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлж, эрх баригчдын дунд хариуцлага тооцох институтийн механизм хэрэгтэй гэжээ. 

Эрх мэдлийн гурван салаа мөчир үгүй бол “дээл” л үлдэнэ  нийтлэлийн зураг
Төрийн байгуулалд холбогдох улс төрийн эрх чөлөө нь эрх мэдэл хуваарилалтаар илэрнэ. Аль ч улсад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван төрлийн засаглал бий. Тухайн улсын иргэний хувьд улс төрийн эрх чөлөө гэдэг нь хүн бүр аюулгүй амьдрах, мөн ийнхүү амьдарч байгаа гэдэг итгэл, амар тайван байдал юм. Үүний тулд нэг иргэн нөгөөгөөсөө айж эмээхгүйг хангах засаглал шаардлагатай. Харин хангахын тулд эрх мэдлийн зөв хуваарилалт хэрэгтэй. 

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёулаа нэг хүн эсвэл байгууллагын гарт орвол эрх чөлөө гэж байхгүй (харин манайд энэ нь нэг хүний гарт төвлөрөх нь энгийн үзэгдэл болсон). Уг хүн, байгууллага өөрт ашигтай хууль тогтоож, дарангуйллын зарчмаар хэрэгжүүлэх болно. Хууль тогтоох нь шүүх эрх мэдлээс тусдаа байхгүй бол шүүгчид хууль тогтоогч болж мөн л эрх чөлөө гэж үгүй. Шүүх нь гүйцэтгэхтэй нэгдсэн ч шүүгчид дарангуйлагч болж хувирна. Бүгд нэг хүний гарт төвлөрвөл тэнд эрх чөлөө гэдэг ойлголтыг яриад ч хэрэггүй, ойлгох хүн ч байхгүй гэж болно. Энэ талаар Монтескье өгүүлэхдээ түүхэн улсын жишээнүүдийг дурдсан. Европын ихэнх вант улсад засаглал нь харьцангуй тайван байсны гол шалтгаан нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг ван хариуцаж, шүүх эрх мэдлийг харьяат албатууддаа өгдөг байж. Харин эсрэгээрээ гурван засаглалыг нэг султанд атгуулсан Туркт аймшигтай эзэрхэг засаг ноёрхдог байв. Венецэд Их зөвлөл хууль тогтоох, прегади нь гүйцэтгэх, каранти нь шүүх засаглалаа барьж гурав хуваагдсан мэт боловч үнэн хэрэгтээ нэг л язгуур угсааны албан тушаалтнууд байсан нь нэг л засаг гэсэн үг. Эрх мэдэл бүрийн хариуцагчдыг өөр өөрөөр нэрлэснээс биш дунд нь нэг хүмүүс гүйж байгаа юм. Бидний хэлдгээр “давхар дээл”. 

Ийнхүү манайд “давхар дээл” ганцхан хувцасны тухай ойлголт байхаа больж, олон ажлыг зэрэг хийх урлаг болон хувирчээ. Эрх мэдлийн гурван салаа мөчир үгүй учраас бидэнд давхар дээл л үлдэх нь. Өглөө нь хууль баталж, үдээс хойш нь өөрөө хэрэгжүүлэх тушаал гаргадаг, орой нь хяналт тавих ёстойгоо санахаа ч больдог энэ тогтолцоонд гайхах юм алга. Жонглёрын бөмбөг унахгүй л бол, тоглоом үргэлжилсээр... Харин тэр бөмбөг хэний толгой дээр унахыг цаг хугацаа л харуулна. Харуулсаар ч байгаа. Үүнийг та мэднэ. Бид бүгд мэднэ. 

Холбоотой нийтлэлүүд