Чадвар нь дэлхийн тавцанд гарлаа, харин спортын бодлого нь...


Netflix-ийн “Physical Asia” шоунд Монголын баг маш амжилттай оролцлоо. Тамирчид маань олон улсын шүтэн бишрэгчидтэй болж, энэ шоуны ачаар маш олон хүн Монгол Улсыг сонирхож, мэдэж авцгаалаа. Зөвхөн “Physical Asia” гэлтгүй монгол тамирчид олон улсад тогтмол өндөр амжилт гаргаж байна. Гэхдээ энэ нь улс оронд спортын бодлого сайн байна гэсэн үг биш. Харин хувь хүний хичээл зүтгэл л тэднийг дэлхийд гаргаж буй.
Зөөлөн хүчний бодлого ба “Physical Asia”
Зөөлөн хүч гэдэг нь бусдад хүч хэрэглэн шахахгүйгээр сонирхлыг нь татах, үнэ цэнийг хуваалцах замаар нөлөөлөх чадвар юм. Энэ ойлголтыг улс төрийн шинжлэх ухаанд хамгийн анх Жозеф Най улс орны соёл, үнэт зүйл, институц нь зөөлөн хүчний гол эх үүсвэр гэж тайлбарлаж байв.

Соёл ба медиа: Кино, телевиз, урлаг зэргээр хүмүүсийн сонирхлыг татах
Үнэт зүйл, институц: Боловсрол, хүний эрхийн хэм хэмжээ гэх мэтээр загвар болох
Дипломат харилцаа: Соёлын солилцоо, хамтын ажиллагаагаар итгэлцэл бий болгох
Харин өнөө үед цахим стрийминг платформууд (жишээ нь Netflix, YouTube) “streaming diplomacy” буюу соёлын нийлүүлэлтийг дэлхий даяар шууд дамжуулах шинэ хэрэгсэл болж байна. Алгоритм, олон хэлний хадмал орчуулга, тухайн улс орны контент нь уг орны соёлыг гадаад зах зээлд хялбархан хүргэх боломжийг нэмж буй.
Netflix-ийн “Physical: Asia” шоу нь “Physical: 100”-гийн Азийн хувилбар. Тус шоунд 8 орны баг, 48 тамирчин оролцож, багийн форматтай өрсөлдсөн юм. “Physical: Asia”-гийн зохион байгуулагчид орон орны үндэсний спортын төлөөллийг оролцуулж, Азийн соёлыг дэлхийд түгээхийг хүссэнээ ярилцлагадаа дурдсан байдаг.
Улс төр болон соёлын ач холбогдол
Имиджийн өсөлт ба аялал жуулчлал
Монгол тамирчдын Physical: Asia дээрх амжилт “Монгол” гэх брэндийг дэлхий даяар танилцуулах хүчтэй зөөлөн хүчний хэрэгсэл болж чадлаа. Одоо л манайд жинхэнээсээ сая жуулчин ирэх нь гэсэн хүмүүс ч олон байна. Үнэн ч байж болох юм.Уулзалтууд ба дипломат холбоо
Тус шоу нь спортын тэмцээн гэх ойлголтоос хальж, соёлын хамтрал, хэлэлцээр хийх талбар болж байна. Улс орнуудын багийн тэмцээн, улсуудын хоорондын хамтын ажиллагаа нь улс төрийн харилцаанд шинэ соёлын дипломат боломж ч нээж өгч болзошгүй.Залуу үе ба соёлын үнэлэмжийн өөрчлөлт
Монгол залуус дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох замаар өөрсдийгөө илэрхийлж, ард түмний алдарсан байсан итгэл сэтгэлийг сэргээж өгч байна. Энэ нь улс төрчдөд спорт, биеийн тамирын салбарт илүү их дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг сануулсан дохио юм.
Ноорхой спортын бодлоготой ч шаргуу хөдөлмөрөөр амжилт гаргагчид

Спортын бодлогын сул талууд
Мөрийн хөтөлбөр, санхүүжилтийн хязгаарлагдмал байдал
Монголын Биеийн тамир, спортын цогц хөтөлбөр 2011 онд хэрэгжиж эхэлсэн ч 2019 онд хүчингүй болж байв. Дараа нь Засгийн газрын 2019 оны 153 дугаар тогтоолоор “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг баталж байлаа. Гэвч энэ нь ч бас хүчингүй болсон юм. Ийнхүү алдаг оног явсаар 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар эцэслэн баталсан бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.
Тус хуулийн 23–26 дугаар зүйлээс харахад Монголд:
Шигшээ багийг байгуулдаг
Санхүүжилт өгдөг
Сургалт, дэд бүтэц, эрүүл мэндийн хяналттай
Мэргэжлийн спортын орчныг гэрээгээр зохицуулдаг гэсэн маш зөв, системтэй тогтолцоог цаасан дээр бичсэн байдаг. Гэвч амьдрал дээр хэрэгжих нь асуудалтай.
Хэрэгжилтийн “цоорхойнууд”
Шигшээ багийг холбоод бүрдүүлэх ёстой ч холбоодын чанар ялгаатай
Хуулиар бол спортын холбоод шигшээ багийг бүрдүүлж, үйл ажиллагааг хариуцна. Гэтэл бодит байдал өөр. Зууны мэдээ сонинд 2017 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын Спортын төв олимпын сургуулийн захирал, Монголын үндэсний Олимпын академийн ерөнхийлөгч, профессор, Монгол Улсын гавьяат багш Ч.Зоригтбаатар “Монголд 80 гаруй спортын холбоод үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс 4-5 нь мандаад нөгөө хэд нь нэр, хэлбэр төдий байвал энэ нь их спортын хөгжил биш” гэж нэгэнтээ ярилцлага өгч байлаа. Гэвч энэ дүр зураг өдгөө ч өөрчлөгдсөнгүй.
Улс төр, бодлогын ололт их, боловч практикт хэрэгжилт сул
Олон улс төрчид спортын дэд бүтцийг сайжруулж, тамирчдын бэлтгэлийг дэмжих, спортын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах амлалт тавьсан байдаг. Гэвч энэ чиглэлд хамрагдсан төсөл, санхүүжилтийн хэмжээ, үр дүн нь олон нийтэд хангалттай ил зарлагдаагүй юм.
Олон улсад спортыг хэрхэн дэмждэг вэ?

Энэтхэг улс залуу тамирчдыг олж илрүүлэх, бэлтгэх, спортын дэд бүтцийг хөгжүүлэхэд “Khelo India” хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 326 спортын төв байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн тамирчдыг тэтгэлгээр сургаж, олон улсын тэмцээнд оролцох боломжийг олгож буй.
Гана - Спортоор дамжуулж ажил эрхлэлтийг дэмжих
Гана улсад “Ministry of Sports and Recreation” буюу Спорт, Зугаа цэнгэлийн яам үйл ажиллагаагаа хариуцдаг. Энэ яам нь залуучуудын оролцоо, спортыг хөгжүүлэх, дэд бүтэц бий болгох стратеги боловсруулах үндсэн үүрэгтэй. Ингэхдээ залуу ажилгүй иргэдэд спортоор дамжуулан ажил эрхлэлтийн боломж олгодог аж. “Play Abroad” хөтөлбөр нь тус улсын залуучуудыг ажилд оруулах агентлаг (YEA) болон Спортын яам хамтран ажиллаж, залуу тамирчдыг спортоор дамжуулан ажил эрхлүүлэх, олон улсын боломж олгох зорилготой юм.
Монголд спортын салбарыг сайжруулах боломж
Энэ бүхнээс харахад бидэнд дутагдаж буй хэд хэдэн зүйл бий.
Залуучуудын спортын төвүүдийг бүсчлэн байгуулах. Хүүхэд, өсвөр үеийн тамирчдыг олж илрүүлэх төвүүдийг сум, дүүрэг бүрд байгуулж, спортын хичээл, тэмцээний боломж олгох.
Хувийн хэвшлийн оролцоо. Хувийн хөрөнгө оруулалттай бэлтгэлийн төвүүд, тэтгэлэгтэй сургалттай байх нь тамирчдын чадварыг нэмэгдүүлнэ.
Тогтвортой санхүүжилт. Төсөв, гадаадын санхүүжилт, төр хувийн хэвшлийн түншлэлээр спортын дэд бүтцийг хөгжүүлэх.
Менежмент, хяналт. Спортын холбоодын үйл ажиллагаанд ил тод хяналт тавьж, ёс зүй, шударга өрсөлдөөнийг баталгаажуулж, гол нь цаасан дээр бичсэн гоё зүйл биш амьдралд хэрэгждэг болох нь чухал юм.
Монголд боломж бий. Авьяастай тамирчдаа багаас нь илрүүлж, орон нутгийн төвүүдийг чанартай дэд бүтэцтэй болгож, хувийн хэвшил, олон улсын түншлэлийг татан оролцуулахад л Монголын спортын хөгжил шинэ шатанд гарна. Ингэснээр залуу үеийн бие бялдар, оюун ухаан хөгжихөөс гадна, Монголын нэр хүнд дэлхийд эергээр тусах юм. Өнөөгийн сорилт, төсөв, дэд бүтцийн дутагдлыг хязгаар гэдэг өнцгөөс биш олон улсын туршлагаас суралцаж, бодлогын шийдлийг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломж гэж харах хэрэгтэй.