Хэрхэн олны өмнө илтгэл тавьж сурах вэ?


Уншигч залуустаа учирч байгаа саад бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нь тус хүргэхээр Posted.mn-ээс “How To” булангаа эхлүүлсэн билээ. Уншигчид маань олон сонирхолтой асуудлуудыг идэвхтэй дэвшүүлж байгаа бөгөөд энэ удаагийн дугаарт хэрхэн олны өмнө илтгэл тавин, сайн ярьж сурах талаар асуусан уншигчийнхаа захидалд хариу болгон энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Нийтлэлийг унших гээд эхлүүлж байгаа танд шийдэхэд төвөгтэй асуудал тулгарсан, хэн нэгний туслалцаа зөвлөгөө хэрэгтэй байвал бидний мэйл хаягт /hello@tsoilogsoz.com/ хандаарай.
Нэрт философич, сэтгэгч Аристотель 2300 жилийн өмнө олны өмнө уран яруу илтгэж, хүмүүсийг өөрийн ярьсанд итгэн үнэмшүүлэх аргыг бичиж үлдээсэн байдаг. Бидний амьдарч буй эрин зуунд илтгэх урлаг нь нэн тэргүүнд суралцах чадваруудын нэг болсон билээ.
Олон хүний сүр барааг хармагцаа айж ширвээтэн, гар хөл салгалж, гуйвж дайвах нь холгүй эгээ л хөх тэнгэр хөмөрч, ертөнц дайвалзах шиг санагдах нь тун нийтлэг тохиодог зүйл. Философич, гүн ухаантан, сургагч багш Дейл Карнеги бүх л хүн олны өмнө үг хэлэхдээ тодорхой хэмжээнд сандардаг болохыг хүүрнэхдээ олон сонирхолтой жишээ авсан байдаг. Зохиолч Марк Твен анх удаа үг хэлэхдээ амандаа эсгий чихчихсэн юм шиг болж, сандарч тэвдэн, судас нь лугшиж байхыг мэдэрсэн гэдэг. Мөн АНУ-ын иргэний дайны үеэр Англид юниончууд болон боол эзэмшлийг халахыг дэмждэг байсан алдарт Жон Брайт сургуулийн байшинд, тариачдын өмнө үг хэлэх шаардлагатай болсон юм. Сургууль руу явах замд сэтгэл нь ихэд түгшин тэвдэж, “азгүй явдал учрах болов уу” гэж айсандаа их сандарч байгаа нь мэдэгдвэл түүнийг дэмжиж, алга ташихыг цуг явж байсан хүнээсээ гуйсан гэнэ.

Ирландын улс төрч Чарльз Парнелл анх удаа үг хэлэхээр гарсан үедээ догдлон тэвдсэнээсээ болоод хумс нь алгандаа шигдэж, цус гартал нь нударгаа чанга атгасан байна. Түүнчлэн олон алдартай илтгэгчийн Английн парламент дахь анхны илтгэл нь амжилтгүй өнгөрсөн болохоор одоо тэнд залуу илтгэгчийн гараа амжилттай болбол муу ёр гэж үзэх болжээ. Тиймээс санаа зовох хэрэггүй байх нь. Илтгэл тавихын өмнөх сандрал, илтгэх үеийн айдас, түгшүүр, ярьж байгаад үгээ мартах, гацаж түгдчих зэрэг нь ихэнх хүнд тохиолддог л зүйл аж. Тэр ч байтугай Диана гүнжийг “Ичимхий Ди” гэж хочилдог байсан бөгөөд тэрээр олны өмнө илтгэл тавихыг үзэн яддаг байсан ч өөрийгөө зөв илэрхийлэх чадварыг эзэмшиж чадсанаар сайн илтгэгч болсон аж.
Тэгвэл олны өмнө хэрхэн цэгцтэй ярьж, хүмүүсийн анхаарлыг татан, нэгийг ойлгуулж, хоёрыг тунгаахад хүргэх вэ? Бидний дотор бүрэлдэн үүсдэг айдас болоод бусад мэдрэмжийг үлдэн хөөх боломжтой юу? Эдгээр асуултад хариулт авахаар бид MCL Business School-ын гүйцэтгэх захирал, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх А. Нарантай холбогдож, зөвлөгөө авсан юм.

“Илтгэл тавина гэхээр хүмүүс шууд ярих тухай бодоод байдаг. Сайн ярихын тулд логиктой сэтгэх, түүнийгээ цаасан дээр буулгаж бичих нь үндсэн чадвар юм. Сайн илтгэл тавихын тулд хаана, хэдэн настай, ямар чиглэлийн хүмүүст ямар зорилгоор ярих вэ гэдгээ судална. Танхимын хэмжээ, индрийн байршил, гэрэлтүүлэг гээд бүгдийг мэдэх хэрэгтэй. Үүний дараа сэдвээ гарган, агуулгаа баталгаа нотолгоотой болгох, жишээгээр амилуулах гэхчлэн бүтцээ зөв тодорхойлох нь чухал.
Илтгэлээ өөрийн болгохуйц ярьж дадлага хийх, толинд харах болон камераар бичих зэрэг практик арга нь үр дүнд хүргэнэ. Уг ур чадвар нь хөгждөг чадвар тул тууштай байснаар та логиктой сэтгэж, бусдад нөлөөлөхүйц илтгэлийг тавьж сурна. Хүн бүр илтгэлийн өмнө сандарч тэвддэг. Энэ нь хэвийн үзэгдэл. Сандралыг даван туулахын тулд 3-5 секундын урт амьсгаа аваад, гаргаарай. Зарим хүний гарын алга хөлөрдөг. Энэ нь сандрал гэхээсээ илүү догдлол тул “Би догдолж байна” гэж бодон түүндээ урамшиж, эерэгээр бодох нь сандрал, айдсыг даван туулах нэг алхам билээ.”

“Илтгэх чадвар бол дэлхий дээрх бие даасан хүч мөн” хэмээн Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиль хэлсэн байдаг. Илтгэх урлагийн гайхамшгийг өнгөрсөн зууны шилдэг илтгэгчид өөрсдөө батлан харуулсан билээ. Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” хэмээх илтгэл хүн төрөлхтний түүхийн нэгэн өөрчлөлтийн давалгааг эхлүүлж байсан шүү дээ. Илтгэх урлагийг дорвитой эзэмшиж чадсанаар хаана ч газардахгүй. Сайн илтгэл боловсруулахын тулд төлөвлөгөө хэрэгтэй. Илтгэлийн санаа, бүтэц, агуулгыг сайн гаргаагүй бол сонсогчдын урам хугарах нь мэдээж. Тэгвэл илтгэлд гол санаа маш чухал бөгөөд илтгэлийн үндсэн санааг олохдоо дараах жагсаалтыг гаргавал өгөөжтэй хэмээн ТЕD Talks-н илтгэгчид зөвлөдөг байна.
- Миний хүсэл эрмэлзэлд тохирох сэдэв мөн үү?
- Бусдын сонирхлыг татах уу?
- Үүнийг мэдсэнээр үзэгчдэд ямар өөрчлөлт авчрах вэ?
- Өгөх гэж буй мэдээлэл маань шинэ үү? Эсвэл аль хэдийн яригдчихсан уу?
- Өгөгдсөн цагтаа сонгосон сэдвээ бүрэн ярьж, жишээнүүдээ дурдаж чадах уу?
- Энэ сэдвийг хөндөж ярих хүн би мөн үү?
- Илтгэлийн гол санааг 15 үгээр тодорхойлбол
- Энэ 15 үг илтгэлийг минь сонссон хүмүүст сэтгэгдэл төрүүлэх үү?
Гол санаагаа олоод, төлөвлөгөөгөө гаргачихлаа. Одоо түүнийгээ давтан, байнга бэлтгэл хийж гэмээнэ нижигнэсэн алга ташилт дунд хөөр баяртайгаар индрээс буух боломж бүрдэнэ ээ гэсэн үг.

Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Мэри Коуч хэлэхдээ “Би илтгэлээ цээжлэх гэж үг бүрчлэн бичээгүй л дээ. Гэхдээ маш сайн давтсан. Хугацаа хэмжигч, тэмдэглэл бичсэн цааснууд ашиглан хамгийн багадаа 25 удаа давтсан байх” гэсэн юм. Бэлтгэлээ базаасны дараа уншигч танд дахин нэг асуулт үлдэж магадгүй. Ямар материал хүмүүст харуулах билээ, эсвэл үзүүлэнгүй шууд ярьж эхлэх үү гэж бодож байна уу? Үүнд “TED Talks”-г үүсгэн байгуулагч Крис Андерсон дараах хариултыг өгчээ.
- Танилцуулга бэлдэхдээ ямар ч үед сумаар тэмдэглэхээс зайлсхий. Сум чинь загалмайлсан эцэг дээр л гардаг юм.
- Зураасан тэмдэглэгээ бүү ашигла. Олимпт л гүйлтийн зураас гэж байдаг юм.
- Үгний доогуур нь зурах, налуу хэлбэртэй болгохгүй байхыг хичээ. Уншихад хэцүү байдаг.
- Сүүдэртүүлж харагдуулснаар уншихад илүү гаргацтай байдаг тул хааяа ашиглаж болно. Ялангуяа зураг дээр. Гэхдээ цөөн ашиглаарай.
- Нэг мөрөнд олон үсгийн хэв бүү ашигла. Их муухай харагддаг гэж дурдсан байна.
Тэгвэл өнөө цагийн шилдэг илтгэгчдийн гол нууц юундаа оршоод байна вэ? Хариулт нь тун энгийн бөгөөд “Илтгэх урлагт хөтлөх TED-ийн албан ёсны гарын авлага”-д бичсэнээр ихэнх илтгэгчдийн ашигладаг ТАВАН арга байдаг байна. Үүнд:
Үзэгчидтэй холбогдох
Чадварлаг илтгэгчид үзэгчидтэйгээ анхнаасаа яаж холбогдох учраа олсон байдаг. Тэд тайзан дээр өөртөө итгэлтэй алхах, ийш тийш харах, хоёр гурван хүнтэй нүдээрээ харилцах, инээх гэх мэт маш энгийн арга ашигладаг.
Сул талаа харуулах
Хэрвээ та сандарч тэвдсэнээ шаардлагатай бол хүлээн зөвшөөрөн, үзэгчдэд илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь, амьсгаа чинь давхцаад байвал түрхэн зуур завсарлаад, ус балгачих. “Түр хүлээж байгаарай. Би жаахан сандраад байгааг та нар анзаарч байгаа байх. Удахгүй зүгээр болно оо” гэж үнэнээ хэлэх нь уур амьсгалыг өөрчилж, хүмүүсийн дэмжлэгийг авдаг байна.
Хошигно, гэхдээ бүү эгдүүцүүл
TED-ийн илтгэгч Моника Левински илтгэлийн үеэр үзэгчид хөхөрч эхлэхээр сандрахаа больдог гэж хэлсэн удаатай. Сонсож буй хүмүүсээ инээлгэхдээ ямар хошигнол ашиглах вэ гэдгээ сайтар бодож, тунг нь тааруулах учиртай ажээ.
Би төвт үзлээ хая
“Khan” академийг үүсгэн байгуулагч Салман Хан хэлэхдээ “Өөрийнхөөрөө бай. Өөрөөрөө биш, хэн нэгэн байх гэж хичээсэн илтгэлүүд хамгийн муу болж таардаг. Хэрвээ та тэнэг бол тэнэгээрээ л бай. Хэрэв та сэтгэл хөдлөл ихтэй бол тиймээрээ л бай. Харин та ихэрхүү, зөвхөн би гэдэг хүн бол өөр хүн болж жүжиглэсэн нь дээр” гэжээ. Хүмүүс гайхуулах зорилготой, ямар сайн хүн болохоо дөвийлгөсөн ярианаас илүү үр өгөөжтэй, санаа бэлэглэх илтгэл хүлээдэг байх нь.

Эртний хүн судлаач Полли Вейснер эртний хүмүүсийн өдрийн болон оройны цугларалт ихээхэн ялгаатай байсныг дурддаг. Өдрийн цагаар хүмүүс илүү цуглардаг байсан бөгөөд аж ахуйн талаар хэлэлцэж, ойр зуурын зүйлс ярьдаг байсан байна. Харин орой дуулж, бүжиглэж, зан үйлээ үйлддэг байсан бөгөөд ихэнх цагийг түүх ярихад зориулдаг байсан байна. Тиймээс үлгэр, домог, түүх нь хүмүүсийн төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлж, биенээ ойлгодог болоход чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Иймд илтгэлдээ өөрийн түүхийг сонирхолтойгоор ярих нь хүмүүсийн анхаарлыг татах нь дамжиггүй.
Дээр дурдсан аргуудаас өөртөө тохирохыг нь сонгон хэрэгжүүлэх нь үр дүнтэй бөгөөд хүн бүр өөрийн онцлогтой тул арга барилаа олох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд сайн илтгэлийн амин сүнс нь ямагт цоо шинэ байдагт оршдог гэж үздэг. Хэн нэгний ярьсан хэв маягийг дуурайх, улиг болсон зүйлс давтах нь бусдад сэтгэгдэл төрүүлэхгүй учраас өөрийнхөөрөө л ярих чухал аж. Илтгэлээ тавихад бэлэн болсон бол өөрт таалагддаг, өмсөхөд эвтэйхэн хувцсаа өмсөн, тухтай байдлаар ярьж эхлэх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх юм.