“Би өндөр болъё гэж боддоггүй, дахиад 2, 3 жил морио унаад уралдмаар байна”


Сумын төвийн буйдхан гудамжаар машин зам дээгүүр багачуул зайдан морьтой холхилдох нь энд бол энгийн гэлтэй. Уяачид морьдоо жилийн дөрвөн улиралд тойглон тэжээж, уяа сойлгыг нь тааруулан уралддаг байна. Ховд аймгийн Алтай сумын төвд хорь гаруй уяач намар орой аравдугаар сараас хойш дөрвөн сар хүртэл уралдааны морьдоо уяж байгаа гэнэ. Уяачдын туслах унаач хүүхдүүд худгаас морио усалчхаад буцаж буй нь энэ аж.
Тэдэн дундаас араасаа таван морь дагуулан явах хэрсүү хүү эрхгүй анхаарал татав. Гүйцэж очоод мэнд мэдвэл надаас ч том эр санж. Хэвлүүхэн яриатай тэрбээр хэзээний том хүний алба хашдаг гэнэ. Тэр аав, ахыгаа эзгүйд зун уралдахаар сойж буй хурдан морьдын уяа сойлгыг бэлдэж байгаа ажээ. Ингээд Ховд аймгийн Алтай сумын ЕБС-ийн зургаадугаар ангийн сурагч, унаач хүү Э.Төлөвтогтуунтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.
“Бяцхан хүүгийн цээжинд унаач хүүхдийн мэргэн ухаан, уяачийн эрдэмтэйгээ цуг багтаж байна”

Манайх өнгөрсөн намар арваннэгдүгээр сараас эхэлж сумын төв дээр морьдоо авч ирж тэжээж эхэлсэн” гэв.
Түүний өглөөний ажил зургаан цагаас эхэлдэг байна. “Чи энэ бүх морийг ганцаараа тэжээдэг гэж үү?” гэх энгийн асуултаар бид яриагаа эхэлсэн юм. “Үгүй дээ. Ах маань тэжээдэг. Би түүнд тусалдаг байсан юм. Харин мал төллөж эхлээд ах мал руугаа явж тэр хойгуур нь би хичээлдээ явангаа морьд тэжээх томилолт авсан. Уг нь эгч маань байгаа л даа. Гэхдээ морьддоо хошуувч зүүж, ойртож чадахгүй учир миний туслахаар ажиллаж байгаа. Хичээл ороод эхлэхээр худаг руу морьдоо авч явж чадахгүй болсон учир эгч маань машинаар ус зөөж, морьд услах ажлыг хийхээр болсон. Харин би өглөө зургаан цагт босоод хичээлд явахаасаа өмнө энэ хэдийнхээ тэжээлийг нь өгч, хошуувчийг нь авчхаад явж байгаа” хэмээгээд морьдынхоо хашааг цэвэрлэж байснаа “Салхи гарах нь уу дээ. Би яваад морьдынхоо нэмнээг аваад ирье” хэмээн гэрийн зүг яарав.
“Яагаад салхи гарахаар морио нэмнэнэ гэж?” гэхэд “Нарийн учрыг нь би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ аав, ах хоёр нэмнэчихдэг юм. Тэгэхээр нэмнэх ёстой л юм байлгүй” хэмээн шаламгай гэгч нь хөдлөх энэ хүү учир шалтгааныг нь сайн мэдэхгүй ч уяач болох эрдэмд бага багаар суралцаж буй аж.
“Бүхий л уралдаан дээр унаач хүүхдүүдэд зориулалтын хамгаалалтын хувцас өмсүүлэх хэрэгтэй”

Морьдынхоо хошуувчийг дааж ядан өргөх түүний хувьд ам чөлөөгүй хуучилна. Зээрд азарга нь өнгөрсөн жил төвийн бүсэд сонгомол дээд насанд түрүүлж, өнгөрсөн хавар, хаврын бооцоотой уралдаанд бас түрүүлж байсан тухай бидэнд ярих үед нь “Хаврын бооцоо гэснээс өвөл хаврын бооцооны баярыг зохион байгуулах тал дээр хүмүүс зөв, буруу зэргээр хоёр талцаад байгаа. Энэ тал дээр чи юу гэж бодож байна?” гэж асуухад ийн хариулна. “Хавар, зундаа аль алинд нь уралдвал гоё шүү дээ. Айраг түрүү аваад л. Гэхдээ хаврын уралдаан зуныг бодвол жаахан хэцүү. Өглөөд яаж ч дулаан хувцасласан даараад байдаг юм” гэв. “Бэртэж гэмтэх эрсдэлтэй шүү дээ. Тэгсэн ч зүгээр гэж үү?” гэж лавшруулан асуухад Төлөвтогтуун хүү “Хамгаалалтынхаа хувцсыг өмсөөд уралдвал гайгүй гэж бодож байна” хэмээв. “Чи уралдааны үеэр мориноосоо унаж байсан уу?” гэхэд “Нэг л удаа унаж байсан. Ноднин жил баруун бүсийн уралдаанд хүргэн ахынхаа хүрэн үрээнээс унасан. Гараанаасаа гараад холгүйхэн морьтойгоо цуг бүдрээд ойчсон. Азаар хамгаалалтын хувцастай байсан болохоор бэртэл гэмтэл аваагүй. Хамгаалалтын хувцасгүй байсан бол балрахгүй юу. Хавар, зун, том, жижиг гэлтгүй бүхий л баяр наадам, уралдаан дээр унаач хүүхдүүдэд зориулалтын хамгаалалтын хувцас өмсөхийг шаардаж, шалгаж байж уралдуулах хэрэгтэй” гэж хариуллаа.
Төмөр сараалжилсан шүүрээр морьдынхоо хомоолыг сурамгай гэгч нь түүх хэвлүүхэн хүү энэ ажлыг сүүлийн гурван жил гардан хийж байгаа. Хичээлээ тарж ирэн, цайгаа уучхаад мориныхоо хашааг өдөр бүр цэвэрлэдэг гэнэ. Биднийг ийн ярилцаж байх зуур морины хашаа ч цэвэрхэн болов. Энэ үед “Танайх морьдоо тэжээхэд хэчнээн тооны овьёос, хэдэн машин өвс орсон бэ. Чи мэдэх үү” гэж асуухад “Аав маань өнгөрсөн намар 150 гаруй уут тэжээл Увс аймгаас захиж авсан. 100 гаруй уут тэжээлээр морьдоо тэжээж байгаа. Үлдсэнээр нь бог малаа тэжээж онд оруулсан. Хэчнээн мөнгө зарцуулсныг нь би мэдэхгүй. Харин долоон машин өвсөөр энэ зургаан морийг тэжээж байна. Хааяа тамирын шар хүртэл өгдөг. Тэр нь бас “хөөрхөн” үнэтэй” гэв.
Түүний аав, ээж хоёр малчин учир сумын төвд том ахындаа байдаг байна. Ахынх нь эхнэр математикийн багш учир хичээлээ заалгадаг. Чөлөөт цагаараа шатар, даам тоглох дуртай гэнэ.
“Айрагдах нь гоё учраас өлсөж, цангахыг тоодоггүй”
Бидний яриа “Чи ангийнхан дундаа өндрөөрөө хэдэд жагсдаг вэ. Хурдан өндөр болох юм сан гэж боддог уу?” гэх асуултаар үргэлжиллээ. “Би одоо зургаадугаар анги. Надаас намхан ганц хоёр хүү манай ангид бий. Гэхдээ өндөр болъё гэж боддоггүй ээ. Яагаад гэвэл дахиад 2, 3 жил морио унаад уралдмаар байна. Тэртээ тэргүй морь унахаа болихоор өндөр болчихдог юм. Манай ах бас 15 нас хүртлээ морь унасан. Морь унахаа болиод л хурдан өсчихсөн. Хүмүүс морины хөлсөнд хатахаар өсдөггүй гээд байдаг нь худлаа юм шиг санагдсан” гээд миний асуух гэж байсан асуултын хариуг урьдчилаад барив.
Тэднийх өвлийн улиралд долоо хоногийн гурван өдөр нь мориндоо тар хийдэг байна. “Яагаад тар хийдэг юм бол чи мэдэх үү” гэхэд “муу хөлсийг нь гаргаж морьдоо тэжээл авхуулахын тулд хийдэг” гэж хэзээний алдарч уяач шиг хариулав.
Тэрбээр дөрвөн настайгаасаа хойш уралдааны морь унасан гэнэ. Түүний хувьд аймаг бүсийн уралдаанаас 30 орчим айраг түрүү авчээ. “Ах нар маань морь унадаг байсан болохоор би ч бас хурдан том болоод айраг түрүү авах сан гэж боддог байсан” хэмээх зуур нь “Уралдааны морь унахад хэцүү зүйл байдаг уу. Нэг баяр дээр олон насны морь унахаар унаач хүүхэд цай, хоол ч идэх завгүй дараагийн гараа руу явдаг шүү дээ?” гэж асуухад “Дуртай болохоор хэцүү зүйл бараг байдаггүй. Морь унаж айрагдвал гоё шүү дээ. Айрагдах нь гоё учраас өлсөж, цангахыг тоодоггүй юм аа” гэлээ.
“Эмчийн мэргэжил хэцүү. Гэхдээ морь уях ч бас амаргүй”

“Энэ олон айраг түрүүнээс чамайг хамгийн их баярлуулж байсан уралдаан нь ямар баяр вэ?” хэмээн хүүгээс асуувал “Ноднин жил төвийн бүсэд азарга түрүүлгэсэн мөч хамгийн гоё байсан. Аавынхаа захисан “гараан дээрээ сайн цохиж, замын голоос амыг нь татасхийгээд яваарай” гэх зааврыг маш сайн дагаж аймгийнхаа баяр дээр бүтэн жил уяж сойсон азаргаа түрүүлгэсэн. Мөн би өмнөх орой нь сэтгэл зүйгээ бэлдэж, гараагаа алдахгүй шүү гэж өөртөө захисан. Уралдаанд гараа маш чухал. Бас амыг нь сайн татахгүй бол өөрийнхөө зөнгөөр явж байгаад суучихдаг юм” хэмээн хэрсүү унаач маань эрдмээсээ хуваалцлаа.
Есөн жилийн туршлагатай унаач хүү Э.Төлөвтогтуун том болоод эмч эсвэл уяач болно гэв. “Яагаад хоёр мэргэжил сонгосон юм бэ. Эмч болчхоод хоббигоороо морь уяж болохгүй гэж үү?” гэхэд “Эмчийн мэргэжил хэцүү. Гэхдээ морины уяа сойлгыг олох ч бас амаргүй. Хэр баргийн хүн хийж чадахгүй. Тиймээс л уяач болж чадахгүй бол хичээлдээ илүү сайн шамдаад эмч болно” хэмээх хүүгийн цээжинд уяач хэмээх мэргэжлийн үнэ цэн, утга учир бүхнээс эрхэмд тооцогддог аж. Тийм ээ, жаал аа, энэ хорвоод үнэ цэн багатай, амар мэргэжил гэж нэг ч үгүй…