Залуусын орон зай

Бидний уламжлалт тавгийн идээ: Хэвийн боов, гүрмэл, хавсай

Б.Отгонзаяа2025.02.265 минут унших
Бидний уламжлалт тавгийн идээ: Хэвийн боов, гүрмэл, хавсай - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгож, нэгэн жилийг үдэж, дараагийн жилээ угтан авдаг монгол түмний уламжлалт баяр Цагаан сар айлчлан ирж буй. Энэхүү уламжлалт баярыг эртний монголчууд Хүннү гүрний үед идээ ундаа элбэг намрын сарыг “Сүүн сар” хэмээн нэрлэж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан тухай мэдээ бий. Харин “Монголын нууц товчоон”, “Хуа-и и-юй”, “Цагаан түүх”, “Судрын чуулган” зэрэг түүхэн сурвалжид дурдсанаар XIII зуунаас эхлэн “Хувь сар” буюу “Цагаан сар” гэж нэрлэж заншсан байна. 

Энэхүү уламжлалт баяртай холбоотой хүндэтгэлийн идээ зоог бэлтгэх, битүүлэг хагалах ёс, золгох ёс, сар шинийн тоглоом наадгай, тавгийн идээ засах уламжлал зэрэг олон ёс заншил, зан үйл бий. Эдгээр өв уламжлалуудын дотроос монголчууд эрт үеэс өнөөг хүртэл Цагаан сарын тавгийн идээгээ хэрхэн, засдаг байсан тухай судалж, сонирхолтой мэдээллүүдийг сорчлон хүргэж байна.

Монголчууд нутаг нутгийн онцлогоос хамаараад хэвийн боов, хавсай, мушгимал, гүрмэл зэргийн аль нэгийг сондгой тоогоор давхарлан өрж, голын зайг цагаан идээгээр дүүргэн өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэглэж, тавгийн идээгээ бэлтгэдэг байжээ. 

Нэмэлт: Зассан тавган дотроо цэвэр ариуныг бэлгэдэж дан цагаан идээ хийх ба харин дотор нь гурил, будаа хийхийг цээрлэдэг байна. 

Нэгдмэл санааны илэрхийлэл хэвийн боовны тухай

Бидний уламжлалт тавгийн идээ: Хэвийн боов, гүрмэл, хавсай нийтлэлийн зураг

Ул боовны бэлгэдлийн утга төгөлдөр хээ сийлсэн дугуй, зууван, гонзгой, дөрвөлжин хэлбэртэй, янз бүрийн хэмжээтэй модон хэвээр дарж хэвлээд шар тосонд чанаж болгосон шаргал өнгөтэй өвөрмөц сайхан амт, үнэртэй, төрт ёсны баяр цэнгэл, хурим найр, овоо тахилга, цагаан сарын идээнд хэрэглэх хүндэтгэлийн амттаныг хэвийн боов буюу ул боов гэнэ. Монголд буддын шашин дэлгэрсэнтэй зэрэгцэн олон соёл нэвтэрсний нэг нь хэвийн боов юм. Цаг хугацааны уртад монголчууд хэвийн боовыг өөрийн онцлогт тохируулан нутагшуулж чаджээ. Давхарлан өрсөн олон хэвийн боовыг нэгдмэл нэг санааны илэрхийлэл, тавгийн оройд залдаг боргоцойг зэндмэнэ эрдэнэ хэмээн тус тус бэлгэдсээр иржээ. /Г.Ариунтуяа нар., Монголчуудын уламжлалт цагаан сар. УБ., 2025/.

Хэвийн боов хэрхэн хийх вэ?

Хэвийн боовны зуурмагт гурил, элсэн чихэр, сода, ус,  цөцгийн тос, масло, шар тос зэрэг орно. Зуурмагаа бэлдээд 25-30 минут амрааж, хэвийнхээ хэмжээнд тохируулан жигд тастаж, сайтар нухаж, ямар ч ан цавгүй болтол бөөрөнхийлнө. Үүнийг бэмбий гэдэг. Бэмбийгээ хэвлэх хэвийнхээ урт богинод тохируулан гонзгойлон бөмбийлгөөд гадна талаар нь цөцгийн тос, шар тос, сүүлний тос аль байгаагаараа тослоод 10 минут амраана. Хэвийнхээ хээтэй талыг мөн тосолж бэмбийг хэвд тэнцүүлэн тавьж дундаас нь хонхойлон сайн дараад зах руу хөөж, хүрээг жигд бөөрөнхий гаргахаар тал тал тийш сунган дарж улыг нимгэлэн хээг тод гаргаж хэвлээд тосонд чанаж болгоно. Тосонд шаралгүйгээр шарах шүүгээнд 30-40 минутын хугацаанд болгож ч болно. 

Халхууд ихэвчлэн ул боовоор тавгийн идээгээ засдаг бол торгууд, урианхай, захчингууд гүрмэл буюу мушгимал гэх нарийн цувимал боовыг ёслол хүндэтгэлийн тавгийн идээ болгодог. Бид гүрмэл боорцгийг хэрхэн хийдэг талаар, түүх домгийнх нь тухай мэдээлэл авахаар Ховд аймгийн Булган сумын иргэн С.Отгонбаатартай холбогдож дараах мэдээллийг авлаа. Түүний хувьд гэр бүлийн хүнтэйгээ хамтран гүрмэл хийж зардаг байна. 

Зуун хүн амсдаг, нэг хүн идээд цаддаг боов: Гүрмэл 

Бидний уламжлалт тавгийн идээ: Хэвийн боов, гүрмэл, хавсай нийтлэлийн зураг

“Эрт цагт торгуудын нутагт нэгэн ноён, нэлээн хүндэвтэр ялтай хүнд “Зуун хүн амсаж хүртэхээр, нэг хүн идээд цадах боорцог хий, тэгвэл чиний ялыг хөнгөлье” гэж хэлсэн байдаг. Ингээд тухайн хүн ялаасаа мултрахын тулд  олон өдөр бодож, тунгаасны эцэст гүрмэл буюу мушгимал гэх боорцгийн санаа олж, ялаа хөнгөлүүлсэн түүхтэй. Тэр цагаас хойш торгууд ард түмэн энэхүү боорцгийг хийж, баяр ёслолын өдрүүдээр тавгаа зассаар ирсэн. Гүрмэл нь нарийхан олон судастай учир голдоо түүхийрнэ гэж байдаггүй. Удаан хугацаанд хадгалах боломжтой бөгөөд муудаж, хөгцөрдөггүй гэдгээрээ онцлогтой.” 

Гүрмэл хэрхэн хийх вэ?

Гүрмэлний зуурмагт гурил, элсэн чихэр, ус, цөцгийн тос, шар тос зэрэг орно. Нэмэлтээр бага зэргийн сода, хөөлгөгч хийж болно. Зуурмагаа бэлдээд 25-30 минут амрааж, жигд тастаж, сайтар нухаж, элдээд голоор нь нүхэлж, хоёр алганыхаа завсар жигд алигдаж, нарийсгаад дээс эвхдэг шиг эвхэнэ. Дараагаар нь  сайтар халаасан тосонд шарж, болгоно. 

Дуудах нэр олонтой “Хавсай” боов

Бидний уламжлалт тавгийн идээ: Хэвийн боов, гүрмэл, хавсай нийтлэлийн зураг

Гүрмэл боорцог нь нь торгууд ард түмнээс үүсэлтэй бөгөөд өдгөө баруун аймгийн ард иргэд тус боовыг хийж хүндэтгэлийн тавгаа засдаг бол зарим нутагт хавсай, самнаа гэх зузаан, гонзгой дөрвөлжин хэлбэртэй голоороо тууш 3-5 салаа зүсмэл боовоор Цагаан сарын тавгаа засдаг байна. Шар тос, давс, хужир холин усаар зуурч, тосонд чанасан урт, дөрвөлжиндүү хэлбэртэй гурилан боовыг хавсай гэнэ. Бид хавсай боовыг хэрхэн хийдэг талаар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн Ц.Хүрэлбаатартай холбогдон дараах мэдээллийг авлаа. Түүний хувьд гэрийнхээ төдийгүй хөрш айлуудынхаа Цагаан сарын тавгийн идээ болох хавсай боовыг хийж өгдөг туршлагатай нэгэн. 

“Хавсай боов нь эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн бөгөөд нутаг нутгийн онцлогоосоо хамаараад ард иргэд өөр өөр нэршлээр нэрлэдэг. Зарим нутагт “самнаа” гэдэг бол манай нутагт “хавсай” гэж нэрлэнэ. Дээр үед айлд зочлохоор ирсэн хүнд хавсай боовыг бэлгэнд өгч, гарыг нь цайлгадаг байсан түүх ч бий. Өдгөө хүмүүс ихэвчлэн хэвийн боов, ааруул, цагаан идээгээр тавгаа засдаг болсон байна. Урьдаар хэвийн боов нэвтрэхээс өмнө ихэнх нутгийн ард иргэд энэхүү боовоор тавгаа засдаг байсан.”

Хавсайг хэрхэн хийх вэ?

“Хавсай боовны зуурмагт гурил, элсэн чихэр, шар тос, давс, ус орно.  Сода, исгэгч хийж болохгүй. Учир нь хавсай хөөх ёсгүй. Зуурмагаа аль болох хатуу зуурвал сайн. Зуурмагаа бэлдээд 90 минут орчим хугацаанд амрааж, сайтар нухаж байгаад элдэнэ. Гурилын нимгэн зузааны хувьд 5-7 сантиметр, урт нь 10-20 сантиметрийн хооронд байдаг. Гурилаа элдчихээд, шугамаар хэмжин, ижил хэмжээгээр хэрчээд, голоор нь хоёр зүсэн тосондоо 60 минут орчим шарна. Дээр үед сүү, цагаан идээ элбэг байх үед шар тосонд шардаг байсан. Харин манайхан бол одоо малын өөхөн тосонд болгодог.”

 

 

Холбоотой нийтлэлүүд