

Урин дулаан зуны улирал, намрын налгар өдрүүд бол Монгол орныг тойрон аялж, байгалийн сайхныг мэдрэх хамгийн тохиромжтой цаг билээ. Хөвсгөл, Тэрэлж, Хархорин зэрэг түгээмэл аяллын чиглэлээс гадна жуулчдын хөл төдийлөн хүрдэггүй ч байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын баялаг өвийг хадгалсан олон газар манай орны өнцөг булан бүрд бий. Энэ удаа бид олны тэр бүр зорьдоггүй, гэхдээ нэгэнт очсон хүн дахин дахин очихыг хүсдэг 7 гайхамшигт газрыг онцолж байна.
Хөгнө хан уул, Хөгнө тарнын байгалийн цогцолборт газар

Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дамнасан 84,390 га талбай бүхий энэхүү цогцолбор газар нь байгалийн олон бүсийг нэг дор агуулдгаараа онцлог. Булган аймгийн Гурванбулан, Рашаант сумын заагт орших Хөгнө хаан уул нь далайн түвшнээс 1,962 метрийн өндөрт өргөгдсөн бөгөөд ой тайга, уулын хээр болон говийн шилжилтийн бүсийг хамруулан цогцлоожээ.
Энэ нутаг нь байгалийн үзэсгэлэнгээс гадна түүх, соёлын арвин өвийг хадгалдаг. Тухайлбал, Өвгөн болон Залуу хийдийн туурь, Мойлтын ам орчмын хүрэл зэвсгийн үеийн янгир, чоно, буга дүрсэлсэн эртний хадны зураг, Элсэн тасархайн дэргэдэх боржин чулуун хөшөө, Аман хадны маань үсэг зэрэг олон үнэт дурсгал бий. Эдгээр нь Хөгнө хаан уулыг зөвхөн аяллын төдийгүй түүх, археологийн чухал бүс нутаг болохыг илтгэдэг аж.
Уулын баруун талаар Тарнын голыг даган зүүн урагш 80 орчим километр үргэлжлэх элсэн манхны бүс бий. Улаанбаатар хотоос 270км-ийн зайд байрлах "Их Монголын элс" хэмээн алдаршсан энэ газрыг нутгийнхан "Элсэн тасархай" гэж нэрлэдэг бөгөөд Хангайн ногоон уулс, говийн шаргал элс зэрэгцэн орших өвөрмөц тогтцоороо аялагчдын анхаарлыг татдаг байна.
Хөгнө хаан уултай холбоотой олон домог бий. Тэдгээрийн нэг нь Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Өвгөн хийдийн тухай бөгөөд Галдан бошигтын цэргийн довтолгооны үеийн эмгэнэлт түүхтэй холбогдон "Хөгнө хаан" гэх нэр үүссэн хэмээн нутгийнхан хуучилдаг байна. Иймээс энэ хайрхан нь байгалийн үзэсгэлэн төдийгүй Монголын түүх, домгийн гэрч болсон газар юм.
Тэнгис-Шишгэдийн ай сав: Монголын хамгийн онгон тайга

Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутагт орших Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газар нь манай орны хамгийн онгон дагшин бүсүүдийн нэг юм. Тэнгис, Шишгэд, Шарга голын сав газрыг хамарсан энэхүү бүс нутаг нь баруун болон хойд талаараа ОХУ-тай хиллэдэг онцлогтой.
Энд сүрлэг өндөр уулс, мөстлөгийн гаралтай нуурууд, түргэн урсгалт гол мөрөн, гүн хавцал, өтгөн тайга, уулын тундр зэрэг байгалийн олон төрлийн тогтоц нэг дор бүрджээ. Ийм өвөрмөц хослол нь Хөвсгөлийн бусад бүсээс ялгаруулдаг төдийгүй хүрэн баавгай, цаа буга, аргаль, олон төрлийн ховор шувуудын амьдрах орчин болдог байна.
Улаанбаатар хотоос авто замаар ойролцоогоор 1,000 - 1,100 км зайд орших бөгөөд зам харилцаа хүндрэлтэй, онгон зэрлэг учраас аялагчид харьцангуй цөөн аж. Харин байгалийн жинхэнэ онгон төрхийг мэдэрч, зэрлэг амьтантай таарахыг хүсдэг аялагчдын хувьд Монголын хамгийн үнэ цэнтэй маршрутуудын нэг гэж тооцогддог байна.
Ачит нуур: Алтай Таван Богдын сүүдэрт үлдсэн байгалийн сувд

Баруун Монгол, Алтай Таван Богдыг зорих аялагчдын ихэнх нь Ачит нуурыг анзааралгүй өнгөрөх нь бий. Гэвч цаст уулсын тусгал тольдон харагдах энэхүү нуур нь нүүдлийн шувуудын чухал амрах цэг бөгөөд өглөө, оройн гэрэлд гайхалтай үзэмж бүрдүүлдэг аж. Нам гүм орчинд майхан барьж хоноглох дуртай хүмүүст илүү тохиромжтой газар юм.
Нүүдлийн шувууд олноор цуглардаг тул шувуу ажиглах, гэрэл зураг авах дуртай хүмүүст тохиромжтой. Хотын дуу чимээнээс холдож, Баруун Монголын уудам орон зайг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсвэл энэ газар аяллын жагсаалтад зайлшгүй багтах ёстой.
Увс аймгийн Бөхмөрөн болон Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдын нутагт орших Ачит нуур хүртэл Улаанбаатар хотоос авто замаар нийт 1,550 - 1,600 орчим км туулж хүрдэг аж. Нуур хүрэх замын дийлэнх нь баруун бүсийн төв хатуу хучилттай замаар явж, Улаанбаатараас Увс аймаг хүртэл эсвэл Баян-Өлгий аймгийн төвөөс салбарлан шороон замаар үргэлжилнэ. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, эсвэл Увс аймгийн Бөхмөрөн сумын чиглэлээс салбарлан очих боломжтой.
Хомын тал: Элс, нуур, голын гайхамшигт хослол

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын байгалийн цогцолборт газар нь Монголд ховорхон байгалийн тогтоцтой газар юм. Элсэн манхан, Завхан голын хөндий, Хар болон Дөргөн нуурын экосистем нэг дор оршдог нь энэ нутгийн хамгийн том онцлог аж. Завхан голыг дагасан чацарганын шугуй, өргөн тал хээр бүхий Хомын тал нь Монголын ховор, нэн ховор амьтдын амьдрах чухал нутаг болоод байна. Тухайлбал, энд нутагшуулсан 26 тахь өдгөө 150-иулаа болжээ.
Энд явган, морин, тэмээн аялал хийх боломжтойгоос гадна шувуу ажиглах, зэрлэг амьтдыг байгалийнх нь орчинд харах боломжтой аж. Байгалийн энэхүү өвөрмөц тогтоц, биологийн олон янз байдлыг нь үнэлэн 2025 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газар хэмээн албан ёсоор бүртгэсэн байна.
Улаанбаатар хотоос баруун тийш 1,000 орчим км зайд орших энэ нутаг нь алс бөглүү мэт боловч нэгэнт зорьж очсон хүнд зэрлэг байгалийн жинхэнэ нууцыг дэлгэн үзүүлдэг байна.
Авто замаар: Улаанбаатар хотоос баруун аймгуудын чиглэлийн засмал замаар явж, Завхан аймгийн төв Улиастай хот эсвэл Говь-Алтай аймгийн төв Алтай хотод хүрнэ. Тэндээсээ Завхан аймгийн Дөрвөлжин сум руу шороон замаар салж явсаар Хомын талын Байгалийн цогцолборт газарт хүрнэ.
Анхааруулга: Энэ нутаг нь элсэн манхан, гол нууруудаар хүрээлэгдсэн байгалийн тусгай бүс, бартаа саад ихтэй тул туулах чадвар сайтай авто машин болон орон нутгийн зам сайн мэддэг хөтөчтэй явахыг зөвлөж байна.
Алтан элс: Элсэн манхны дундах баян бүрд

Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт орших Алтан элс нь 177 мянга гаруй га талбайг хамарсан Монголын хамгийн том элсэн манхны нэг юм. Элсэн манхны захад нарс, шинэс, чацаргана ургасан байдаг нь говь, ой хоёр зэрэгцэн орших өвөрмөц дүр төрхийг бий болгодог. Өглөө, оройн нарны гэрэлд алтран харагдах манхан нь энэ газрын Алтан элс хэмээх нэрийн утгыг бүрэн илэрхийлдэг байна. Элсний оройгоос наран жаргахыг харах, салхины аясаар өөрчлөгдөх элсэн манхны хээ зэрэг нь аяллын мартагдашгүй мөчүүдийн нэг болох нь дамжиггүй.
Очих зам: Улаанбаатар хотоос Завхан аймгийн төвөөр дамжин (Сонгино, Тэс сум) Увс аймаг хүрэх хатуу хучилттай болон сайжруулсан шороон замаар явж хүрдэг байна. Замын нийт урт 1,100-1,300 км бөгөөд автомашинаар 2-3 хоног зарцуулдаг аж. Орон нутгийн нисэх онгоцоор Увс аймгийн төв Улаангом эсвэл Завхан аймгийн төв Улиастай хүрээд тэндээсээ автомашинаар туулах боломжтой юм.
Бух чулуу, Гурван голын бэлчир

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутагт орших Бух чулуу нь байгалийн өвөрмөц тогтоц төдийгүй нутгийнхны дунд үе дамжин яригдсан домгоороо алдартай. Домогт өгүүлснээр, эрт цагт энэ нутагт жаран бух сүрэглэн бэлчиж байжээ. Нэгэн өдөр аюулт аварга могой гарч ирэн хүн, малд гай учруулах болсон тул бухууд нутаг орноо хамгаалан тэмцсэн гэдэг. Тэмцлийн эцэст хамгийн сүүлчийн бух могойг дарж унагасан ч өөрөө чулуу болон хувирч, өнөөг хүртэл эх нутгаа манан хэвтэж үлдсэн хэмээн нутгийнхан хуучилдаг байна.
Энэ домгийн улмаас нутгийн иргэд уг чулуун тогтцыг "Бух хайрхан" хэмээн хүндэтгэн тахиж иржээ. Чулуу нь хойд зүг рүү харан хэвтсэн бухыг санагдуулам хэлбэртэй байдаг бөгөөд үүнийг Архангай, Хөвсгөл нутгийн үхэр сүрэг өсөн үржихийн бэлгэдэл гэж үздэг байна. Харин Бух хайрхнаас хойш орших Чулуут, Идэр, Дэлгэр мөрний бэлчир нь гурван гол нийлэн урсдаг байгалийн ховор тогтоцтой газар бөгөөд загасчид, аялагчид, гэрэл зураг сонирхогчдын зорих дуртай цэгүүдийн нэг болоод байна.
Сонирхуулахад, Архангай аймгийн Цэцэрлэг сумын түүхт 100 жилийн ойн баяр энэ жил тохиож, долоодугаар сарын 18, 19-ний өдрүүдэд тэмдэглэх аж. Бух чулуу болон Гурван голын бэлчир хүртэл Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэцэрлэг сум руу нийт 530 км орчим явах бөгөөд Цэцэрлэг сумаас хойд зүгт Чулуутын гол чиглэлд шороон замаар аялах шаардлагатай аж.
Хөдөө арал: Их Монголын түүх амилсан нутаг

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хөдөө арал бол Монголын эзэнт гүрний түүхтэй салшгүй холбоотой дурсгалт газар юм. Судлаачдын үздэгээр энд Их хуралдай хуралдаж, Өгэдэй, Мөнх, Есөнтөмөр хаадыг хаан ширээнд өргөмжилж байсан түүхтэй аж. Хэрлэн голын тохой, Хэрлэнбаян-Улаан болон Хэрлэн Тооно уулсаар хүрээлэгдсэн энэ нутаг нь тухайн үедээ хамгаалалт бүхий стратегийн чухал бүс байжээ.
Хөдөө арал нь зөвхөн түүхэн үйл явдлаараа бус археологийн үнэт олдворуудаараа ч онцлог аж. Мөн 1990 онд "Монголын нууц товчоон" бичигдсэний 750 жилийн ойд зориулан босгосон Номын гэрэлт хөшөө нь энэ газрын хамгийн алдартай дурсгалуудын нэг юм. Түүх сонирхогч аялагчдын хувьд Хөдөө арал бол музейгээс ч илүү амьд түүхийг мэдрүүлэх газар билээ.
Хөдөө арал музей
Хөдөө арал дахь түүх, соёлын музей нь Монголын эзэнт гүрэн болон түүнээс өмнөх үеийн археологийн олдворуудыг нэг дор хадгалдаг цөөн музейн нэг байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулагдсан энэ музейд Түрэгийн хүн чулуун хөшөө, Хүннүгийн үеийн ваар, монгол эмээл, хүрэл толь, төмөр хайлуулж байсан ул мөр зэрэг олон ховор үзмэр дэлгэгддэг байна.
Хэрэв Хөдөө аралд очвол зөвхөн байгалийн үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй, Монголын түүхийн олон үеийг нэг дороос танин мэдэх боломжтой юм. Хөдөө арал нь Улаанбаатар хотоос зүүн тийш ойролцоогоор 270 км зайд байрлах бөгөөд бартаа саад багатай, хялбар хүрэх боломжтой газар юм.
Энэ зун аялалд гарахаас өмнө анхаарах зүйлс
Одоогийн байдлаар Монгол Улсын зарим аймагт малын шүлхий өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Энэ өвчин нь хүнд халдварладаггүй боловч мал, малын гаралтай бүтээгдэхүүн болон авто замын хөдөлгөөнд хязгаарлалт үүсгэж байгаа тул аялагчид замын нөхцөлөө урьдчилан шалгах шаардлагатай аж.
Хорио цээр тогтоосон болон онцгой анхаарах аймгууд:
- Баян-Өлгий аймаг: Шүлхийн дэгдэлттэй холбоотойгоор зарим сумдад хатуу хорио цээр тогтоож, гаднаас зорчих иргэд, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлж байна.
- Увс болон Ховд аймаг: Зарим суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, наадам, ойн баяр гэх мэт олон нийтийн арга хэмжээг наймдугаар сарын 1 хүртэл түр хязгаарласан байна.
- Дундговь аймаг: Зарим суманд шүлхийн тохиолдол бүртгэгдэж, хорио цээрийн бүс байгуулан халдвар хамгааллын арга хэмжээ авч байна.
- Дархан-Уул аймаг: Орхон суманд шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хорио цээр тогтоон вакцинжуулалт хийж байна.
- Сэлэнгэ аймаг: Хушаат суманд шүлхий өвчний тохиолдол илэрч, хорио цээр тогтоон вакцинжуулалт хийж байна.
Хэрэв дээрх аймгуудаар аялахаар төлөвлөж байгаа бол аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн газрын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг шалгаж, зам хаалт болон шалган нэвтрүүлэх цэгийн нөхцөлтэй урьдчилан танилцах нь зүйтэй.
Наадмын цаг агаарын төлөв
Ихэнх нутгаар үе үе бороо орж, зарим үед дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэх бөгөөд 9-нөөс баруун, 10-нд төв, 11-нд зүүн болон ихэнх нутгийг хамран бороо орж, агаарын температур сэрүүсэх төлөвтэй байна. Говийн өмнөд хэсгээр өдөртөө +34-өөс +39 хэм хүртэл халуун байх бол уулархаг нутгаар +20-оос +25 хэм, бусад нутгаар +24-өөс +29 хэм дулаан байна. 10-наас баруун, төвийн нутгаар, 11-нээс ихэнх нутгаар сэрүүснэ. Улаанбаатар хот орчимд 10, 11-нд дуу цахилгаантай бороо, 12-нд бага зэргийн бороо орох төлөвтэй байгаа бол 10-наас эхлэн сэрүүсэж, өдөртөө +18-аас +23 хэм дулаан байна.
Сэтгэгдэл