Судалгаа: Монголчуудын хоорондын итгэлцлийн түвшин сүүлийн жилүүдэд буурчээ


Та өдөр тутмынхаа амьдралд олон олон итгэлцэл дээр суурилсан сонголттой нүүр тулж байдгаа анзаарч байв уу? Өглөө гэрээсээ гараад, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ, өдрийн цайны цагаараа ажлын хажуугийн зоогийн газар хооллохдоо, шинэ байр худалдаж авахдаа, нийгмийн янз бүрийн үйл ажиллагаануудад оролцохдоо, сонгуульд санал өгөхдөө, өдөр болсон сонин сайхнаасаа сайн найздаа хуваалцахдаа гээд л…
Нийгмийн аливаа түвшний үйл ажиллагаанд иргэд зөв харилцаж, хамтран ажиллахад хоорондын итгэлцэл бий эсэх нь тун чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хамтдаа нэгэн зорилгод хүрэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, өдөр тутмын амьдралын бяцхан асуудлыг зохицуулах үед ч итгэлцэл үл үзэгдэх чухал эд анги болох бөгөөд хэрэв энэ эд анги сулрах юм бол нийгмийн болоод хувийн бүхий л харилцаанд ан цав үүсэж, хөгжил удааширдаг ажээ. Энэ тухай улс төр судлаач Фрэнсис Фукуяама “Итгэлцэл багатай нийгэмд бүхий л үйл ажиллагаа илүү зардалтай, удаан, хүнд байдаг” хэмээн судалгаандаа дурдаж байж. Тэгэхээр итгэл гэдэг бол зөвхөн урам зориг, энгийн нэг бий болдог, үгүй болдог сэтгэл хөдлөл, урсаад өнгөрдөг бодол биш. Итгэл гэдэг бол бүхэл бүтэн амьдралыг, нийгмийг хөдөлгөгч хүч байж таарах нь.
Нийгэм нийцтэй, хөгжил цэцэглэлт хурдацтай байхын гол тулгуур нь нэгдмэл зорилго, түүнд хүрэхийн төлөөх хүмүүсийн харилцан туслалцаа, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлд оршдог бол энэхүү нийцэл нь “итгэлцэл” ба “хамтын ажиллагаа” гэсэн хоёр гол ойлголтоос бүрэлдэн тогтдог байна.

Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 2022 онд хийгдсэн Нийгмийн сайн сайхан байдлын судалгаанд дараах байдлаар томьёолжээ:
Нийгмийн гишүүд бие биедээ болон тодорхой институциудад (орон нутгийн засаг захиргаа, судалгааны байгууллагууд гэх мэт) итгэдэг байх, мөн харилцан тусалдаг, хамтарч ажилладаг байх нь тухайн нийгмийн нийцэл нягт байгааг харуулна.
(Independent Research Institute of Mongolia, 2022)
Монгол Улс дахь итгэлцлийн өнөөгийн түвшин ямар байна вэ?
Хэдийгээр итгэлцэл нь нийгмийн тогтвортой байдал, хамтын шийдвэр гаргалт, сайн засаглалын тулгуур нөхцөл болохыг судалгаануудад дүгнэдэг боловч монголчуудын хоорондын болон институциудад итгэх итгэлцэл харьцангуй сул түвшинд байгаа нь олон улсын болон дотоодын судалгааны дүнгээс тод харагдах аж.
Олон улсын түвшний судалгаанд:
2022 оны World Values Survey-ийн тайланд иргэдийн итгэлцлийн түвшин Монгол Улсад 26 хувьтай гарсан бол бусад улсын дүнг тухайлан авч үзвэл Дани 74 хувь, БНХАУ 63 хувь, АНУ 40 хувь, Монгол Улс 26 хувь, ОХУ 23 хувь байжээ. Энэхүү дүнгээс харахад монголчуудын итгэлцэл бүс нутгийн түвшинд ч доогуур байгааг илтгэнэ.

Дотоодын судалгааны үр дүнг харвал:
IRIM судалгааны хүрээлэнгийн 2017, 2022 онд явуулсан итгэлцлийн түвшнийг үнэлсэн судалгаагаар 2017 онд монголчууд “ихэнх хүмүүст итгэж болно гэж боддог уу, эсвэл хүмүүстэй харилцахдаа маш болгоомжтой байх шаардлагатай гэж боддог уу?” гэсэн асуултад дунджаар 4.7 оноо өгч байсан бол 2022 онд энэ дүн 4.2 болж буурсан нь итгэлцэл суларч байгааг харуулж байна.
Үр дүнг илүү нарийвчлан харвал, монголчуудын хоорондын итгэлцэл дотоод хүрээнд төвлөрсөн шинжтэй байгааг судалгаа мөн харуулжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс зөвхөн гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, хөрш зэрэг ойрын хүрээллийн хүмүүстээ харьцангуй өндөр итгэл үзүүлдэг боловч танихгүй хүн, улс төрч, өөр үндэстэн зэрэг өргөн хүрээний нийгмийн бүлгүүдэд итгэх итгэл сул байсан байна.
Тухайлбал, судалгаанд оролцогчдын дундаж үнэлгээгээр гэр бүлдээ 9.6, найз нөхөд, хамаатан садандаа 7.1–8.3, хөршүүддээ 6.4 оноо өгсөн бол танихгүй хүнд ердөө 2.8, улс төрчдөд 2.5, бусад үндэстэнд 2.0 оноо өгсөн нь бидний итгэлцлийн “тойрог” хэт давчуу, зөвхөн хувийн харилцаанд төвлөрсөн болохыг илтгэнэ.

Үүнтэй адил, төрийн болон олон нийтийн байгууллагуудын хувьд ч иргэдийн итгэлцэл мэдэгдэхүйц ялгаатай байгаа аж. 2022 оны IRIM-ийн судалгаагаар Цаг уур, орчны шинжилгээний газар хамгийн өндөр үнэлгээ авч, 7.67 оноо авсан бол Онцгой байдлын ерөнхий газарт ч мөн өндөр үнэлгээ (7.65) өгсөн байна. Харин сүм шашны байгууллага 3.73, төрийн яам, агентлагууд 4.6 оноо авчээ.
Бидний хоорондын итгэлцэл сул байх нь ямар нөлөөтэй вэ?
Итгэлцлийн түвшин буурах нь аливаа нийгмийн тогтвортой байдал, хөгжлийн хурд, иргэдийн оролцоонд шууд болон шууд бус олон сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хар ухаанаар бодож үзэхэд л итгэлцэл сул байх үед нийгэм нийтээрээ үл итгэлцлийн горимд шилжиж, өрсөлдөөн, хардлага ихсэж, хамтын шийдвэр, хамтын үнэ цэнийг бүтээх боломж хумигдах магадлалтай шүү дээ.
Тодруулбал, социологич Роберт Патнэмийн дурдсанаар итгэлцэл суларвал хамтын ажиллагаа саарч, шийдвэр гаргах, мэдээлэл солилцох урсгал ээдрээтэй болдог байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн капитал нь итгэлцэл, оролцоо, харилцаан дээр тогтдог бөгөөд эдгээрийн уялдаа багасахад оролцооны соёл сулардаг ажээ.
Үүний зэрэгцээ эдийн засгийн хувьд ч нөлөөтэй. Эдийн засагч Кеннет Ароу итгэлцлийг “нийгмийн системийг тосолдог тос” хэмээн зүйрлэсэн нь бүтээх, хэрэгжүүлэх үйл явцын зардал итгэлцлээс шалтгаалдагтай холбоотой бол нөгөө талаас төрд итгэх итгэл буурах нь хууль сахих байдал, оролцоо, иргэний үүрэг хариуцлагад сүүдэр унагаж болохыг судлаачид тэмдэглэсэн байна.
Тэгэхээр бид хоорондын итгэлцлээ хэрхэн сайжруулах вэ?

Итгэлцэл гэдэг бол гэнэт бий болдог эсвэл түр зуурын уриа лоозон биш. Энэ бол удаан хугацаанд бий болдог боловч хурдан алдагддаг, байнга арчилгаа шаарддаг нийгмийн үнэт зүйл. Тэгэхээр бидний өмнө “итгэлцлээ хэрхэн сэргээж, гүнзгийрүүлж, арчлах вэ?” хэмээх асуулт урган гарч байна. Үүний төлөө бид нийгмээрээ эргэн харж, эргэлзээг ил тод ярилцаж, шинэ хандлага бүтээх хэрэгтэй болжээ.
Тэгвэл итгэлцлийг сулруулж буй шалтгаануудыг нэрлэж, ирээдүйд юунд илүү итгэлтэй байж болох, яаж гүнзгийрүүлж, арчлах талаар “Rebuilding Trust” буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриан дор зохион байгуулагдаж буй салбар бүрийн манлайлагчид, идэвхтэй залуусын оролцоо бүхий MEF Youth 2025 арга хэмжээнд хамтдаа хэлэлцэцгээе.
Хэзээ: 07 сарын 06 | 15:00–21:00
Хаана: M bank Arena
Мандат баталгаажуулах: https://tsoilogsoz.online